ЗАХИДАЛ: Надад маш их ХҮСЭЛ ЗОРИЛГО байгаа ч юу ч АМЖИХГҮЙ байна


ССҮТөв | YOLO.MN
2018-05-07

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Төлөвлөсөн бүхэн минь амжихгүй бүтэхгүй болох тохиолдол маш их

Уг нь надад агуу их хүсэл зорилго юм хийж бүтээх их эрмэлзэл байгаа ч юу ч амжихгүй байна. 

Сайн байна уу, Намайг З… гэдэг. Би одоо 10-р анги. Би уг нь хийх зүйлсээ их бодож төлөвлөж, өөртөө цаг зав гарган, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсдэг ч яагаад ч юм нэг л болохгүй байна. Төлөвлөсөн бүхэн минь амжихгүй бүтэхгүй болох тохиолдол маш их. Уг нь надад агуу их хүсэл зорилго юм хийж бүтээх их эрмэлзэл байгаа ч юу ч амжихгүй байна. Надад хэрхэн хувийн зохион байгуулалттай байх талаар зөвлөгөө өгөөч?

ЗӨВЛӨГӨӨ: Харин миний өгөх зөвлөгөө бол чи нэг дор хэт их ажил төлөвлөөд байж магадгүй

Бид бүх зүйлийг төгс хянах боломжгүй шүү дээ. 

Сайн байна уу, өөрийгөө хөгжүүлэхийг хүсч, зөвлөгөө хүртэл авахаар захидал бичиж байгаад баярлаж байна. Энэ нас бол яг өөрийгөө хөгжүүлэх, олон зүйлсийг туршиж үзэх, таньж мэдэх нас. Хувийн зохион байгуулалттай, цагийн менежменттэй холбоотой олон мэдээллийг чи интернетээс авч болно. Тэдгээрийг уншаад өөрт таалагдсан, хэрэгжүүлж болохоор хэсгүүдийг түүж аваад хэрэгжүүлээд үзээрэй. Харин миний өгөх зөвлөгөө бол чи нэг дор хэт их ажил төлөвлөөд байж магадгүй. Өдөрт зайлшгүй хийх ёстой нэгээс хоёр чухал ажлаа төлөвлө. Бусдыг нь цаг гарах үед хийхээр хоёрдугаарт төлөвлө. Юм бүгд бидний хүссэнээр болдоггүй. Чамаас шалтгаалахгүйгээр төлөвлөсөн зүйлсээ хийж чадахгүй ч байж мэднэ. Тэглээ гээд бүү сэтгэлээр унаж, өөрийгөө буруутгаарай. Бид бүх зүйлийг төгс хянах боломжгүй шүү дээ. Хоёрт, нэг дор нэг л үйлдэл хий. Олон ажил амжуулах гээд нэг дор олон зүйл хийгээд байвал аль ч үгүй хоцорч мэднэ. Тиймээс хоол идэж байгаа бол хоолны амтанд, кино үзэж байгаа бол киноны агуулганд, англи хэлээ давтаж байгаа бол англи хэлэнд л төвлөрнө гэсэн үг. Гуравт, чи амжихгүй, чадахгүй гэсэн зүйлсэд хэт төвлөрөөд амжаад хийж чадсан зүйлсээ мартаад байж болно. Тиймээс орой бүр өөрийнхөө хийсэн, сурсан зүйлсээ тэмдэглэж өөртөө урам өгч байгаарай. Дөрөвт, хэрвээ хүсвэл гүүгл календар хөтөл. Календартаа долоо хоногт хийх зүйлсээ цагаар нь оруулж бай. Тэгээд сануулга тохируул. Бид төгс биш учраас мартах, залхуурах үе олон тохиолдоно. Тэр үед бидэнд сануулдаг зүйл бол календар. Чамд амжилт хүсье.

#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Plan #Advice #Teenagers