OnePlus 6 загварыг таван сарын дундуур танилцуулна


А.Ихсанаа | YOLO.MN
2018-04-26

Хятадын ухаалаг утасны салбарын тэргүүлэх тоглогч нарын нэг OnePlus загварын зургаа дахь хувилбарыг ирэх сарын 16-ны өдөр албан ёсоор танилцуулахаар боллоо. Лондонд болох үйл ажиллагааг интернетээр шууд дамжуулах бөгөөд үйл ажиллагаанд оролцохыг хүссэн хүмүүс 21 ам. доллароор тасалбар авч болно.

Харин дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс зарагдах тасалбар нь 41 ам. доллар байх аж. Өнгөрсөн намар OnePlus 5T загварыг танилцуулах үеэрээ компани хүрэлцэн ирсэн зочдод тусгай цүнх, богино ханцуйтай цамц зэргийг бэлэглэсэн төдийгүй тасалбараас олсон орлогоо бүгдийг нь буяны санд хандивласан юм.

OnePlus 6 загварын хувьд энэ жилийн хамгийн их анхаарал татаж буй гар утаснуудын нэг болж байна. Өндөр үзүүлэлттэй, үнийн хувьд Apple, Samsung-аас хамаагүй хямд худалдаанд гардаг учраас хэрэглэгчдийн таашаалд хамгийн их нийцдэг.

Албан ёсны мэдээллээр шинэ загвар Snapdragon 845 чиптэй, 8GB RAM, 256GB санах ойтой байх бөгөөд нүүрэн талдаа iPhone X-тай адил оруулгатай байх юм.

Харин бусад үзүүлэлтийн тухайд өмнөх загвартай адил хос камер, ард талдаа хурууны хээ уншигчтай, USB-C оролттой байх магадлалтай.

Хамгийн гол нь утасны арын хэсэг нь шилэн гадаргуутай учраас утасгүй цэнэглэгч технологитой байх аж.

#OnePlus6 #Phone