ЗАХИДАЛ: Намайг түүнд сайн гэдгийг мэдсээр байж найз минь үерхчихсэн


ССҮТөв | YOLO.MN
2018-04-23

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүнтэй найзууд хэвээрээ үлдэхийг хүсч байна

Гэхдээ нэг л болохгүй юм. Би яг яах ёстой вэ?

Сайн байна уу. Намайг Т… гэдэг. Би танд өөрт тулгарсан асуудлаа ярьмаар байна. Би одоо 7-р ангид сурдаг. Сургуулийнхаа С… гээд нэг ахад сайн юм аа. Би үүнийгээ хамгийн дотны найз Г…-д хэлсэн өөр хүнд хэлээгүй. Харин тэр найз маань намайг С…ахад сайн гэдгийг мэдсээр байж түүнтэй үерхчихсэн. Би түүнтэй найзууд хэвээрээ үлдэхийг хүсч байна. Гэхдээ нэг л болохгүй юм. Би яг яах ёстой вэ? Надад туслаач!

ЗӨВЛӨГӨӨ: Найздаа боломж олгоод тэдний үерхлийг хүндлээрэй

Чамайг үүнээс илүү сайхан үерхэл хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Сайн байна уу, Танд энэ өдрийн мэнд хүргэе. Одооноос эхлээд амьдралд тань олон төрлийн хүнд хэцүү шийдвэр гаргах хэрэгцээ гарна. Тэр бүрт чи эхлээд шийдэж болох боломжит хувилбаруудыг гаргаж байх хэрэгтэй. Одоо бол найзыгаа сонгох эсхүл сайн хүнээ сонгох гэсэн 2 хувилбар байгаа байх. Гэвч нэмэлт нэг хувилбарыг чамд санал болгьё. Энэ бол найздаа боломж олгоод тэр хоёрын үерхлийг хүндлээд энэ хэвээр нь орхих. Энэ нь ялагдал, чиний муугийнх биш шүү. Тэр хүү найзад чинь дургүй байсан бол үерхэхгүй шүү дээ. Чиний хувьд энэ явдал туршлага боллоо гэж бодоорой. Чамайг үүнээс илүү сайхан үерхэл хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэн нь ганцаараа хайртай байснаараа үерхэл сайхан болдоггүй, харин хоёр тал хоёулаа бие биедээ сэтгэл нь татагдсан, бие биенээ хүндэлсэн үед л үерхэл илүү сайхан болдог гэдгийг битгий мартаарай. Амжилт хүсье.

#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл судлалын үндэсний төв
Сэтгэл судлаач
Д.Лхамсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Love #Teenagers