УЛААНБААТАР МАРАФОН: 12-17 насныхныг 5 км-ийн гүйлтэд бүртгэж байна


Сондор | YOLO.MN
2016-05-13

YOLO.mn сайтад нийтлэгдсэн  20 нас хүрэхээс өмнө хийх ёстой 20 зүйл нийтлэлийг уншсан л биз дээ. Энд "Марафонд гүйх" гэсэн зөвлөмж багтсан байдаг. Гүйлтийн тэмцээн, марафонд оролцон заавал түрүүлэх албагүй ч энэ нь нэг талаараа чи өөрийгөө хэр их тэсвэр тэвчээртэйг харуулах нэг шалгуур гэж ойлгоорой.  Жил бүрийн марафонд оролцдог уламжлалтай болсон ч болно шүү дээ.

Ирэх сарын 4-нд болох “Улаанбаатар марафон - 2016” олон улсын бүх нийтийн гүйлтэд оролцогчдын бүртгэж байна. Чи гэр бүл эсвэл найзуудын хамтаар оролцож болох нь ээ. wink

Марафонд оролцох хүсэлтэй иргэд www.ub-marathon.ub.gov.mn сайтад онлайнаар, харъяа дүүргийн Биеийн тамир, спортын хороонд болон Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын байранд очин бүртгүүлэх боломжтой. Бүртгэл зургадугаар сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Марафоныг мэргэжлийн болон сонирхогчдийн гүйлт гэсэн хоёр төрлөөр явуулах бөгөөд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанаас гаргаж, тус бүрийн маршрутаар гүйн, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд барианд орохоор зохион байгуулжээ.

Мэргэжлийн тамирчдын марафон нь хагас марафон буюу 21 км, бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлт гэсэн төрлүүдтэй байх юм. Харин сонирхогчидын дунд явуулах марафоныг дөрвөн насны ангиллаар гурван зайд уралдуулна. Тодруулбал, 5 км-ийн гүйлтэд 12-17 нас, 18-35 нас, 36-54 нас, 55-аас дээш насныхан, 10 км-ийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох юм байна. Мөн гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь 1,5 км зайг туулах юм байна.


 

#Sport #Спорт #Freetime #Hobby #Marathon