"Алдаагаа давтахгүй гэдгээ эцэг эхдээ яаж ойлгуулах вэ"


Сондор | YOLO.MN
2017-01-07

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Алдаагаа давтахгүй гэдгээ эцэг эхдээ яаж ойлгуулах вэ?

...Найз нөхдөөсөө харьцаагаа таслахгүйгээр би эцэг эхтэйгээ хэрхэн ойлголцож, тэдэнд алдаагаа давтахгүй гэдгээ ойлгуулах вэ. crying Надад туслаач. 16 настай О...

Сайн байна уу, Намайг О гэдэг, 16 настай эрэгтэй
Миний захиа бичих болсон шалтгаан нь би гэр бүлийнхэнтэйгээ маш таарамж муутай харилцаатай байдагтай холбоотой. Би найз нөхөдтэйгөө гадуур зугаалж оройтох үе байдаг. Харин энэ үед аав ээж хоёул (ялангуяа ээж) надад уурлаж утсыг минь булаан авч унтраан заримдаа бүр гэрээс ч гаргахгүй түгждэг. Би нэг удаа хэрэгт холбогдож тэдэнд бага зэрэг төвөг учруулж байснаас энэ бүгд болсон юм. Гэхдээ одоо дахиж алдаа гаргахгүй гэдэгтээ би итгэлтэй байдаг. Би найз нөхөдтэйгөө хамт байхыг илүүд үздэг. Учир нь тэдэнтэй хамт байхад зугаатай хөгжилтэй, сэтгэл санаа сайхан байдаг юм. Би өөрийгөө архи тамхи хэрэглэж буруу замаар ороогүй гэж боддог. Харин эцэг эх минь намайг алдаагаа давтах вий гэж айдаг болохоор л тэгдэг байж болох ч энэ нь надад маш дарамттай санагдаж сүүлдээ найз нөхөд минь ч зайгаа бариад байх шиг санагдах боллоо. Заримдаа ингэх бүрт нь гэрээсээ явж, хол амьдармаар санагдаад байдаг. Гол нь л эцэг эхтэйгээ ийм харьцаатай цаашдаа хамт байхыг үнэн голоосоо хүсэхгүй байна.

Би яах ёстой вэ, найз нөхдөөсөө харьцаагаа таслахгүйгээр би эцэг эхтэйгээ хэрхэн ойлголцож, тэдэнд алдаагаа давтахгүй гэдгээ ойлгуулах вэ. Надад туслаач.

Зөвлөгөө: Үүрэг хариуцлагаа хүлээх чадвартай нэгэн гэдгээ батлан харуулж, ярилцах нь чухал юм

....Чи өөрөө илэн далангуй байж хаашаа явах хэнтэй уулзах зэргээ гэр бүлийнхэндээ ний нуугүй хэлж сурах, эцэг эхийнхээ өгсөн ямар нэгэн ажлыг хичээнгүйлэн хийж чаддаг болвол аяндаа тэдний  чамд итгэх итгэлийн гал нь асаж эхлэх болно. Чамд амжилт хүсье wink Сэтгэл судлаач Б.Ууганцэцэг

Сайн байна уу?

Хэн нэгний итгэлийг алдана гэдэг зүгээр нэг эд зүйл алдаж байгаатай адил байдаггүй нь хамгийн хэцүү. Нэг алдсан итгэлийг буцааж сэргээхэд чиний төсөөлж байгаагаас хэд дахин их хугацаа ордог. Өөрөөр хэлбэл ганцхан удаа, эсвэл 14 хоногийн турш “би ахиж алдаа гаргахгүй, надад итгэ л дээ” гэж хэлээд л болчихдог зүйл биш гэсэн үг. Тиймээс хамгийн түрүүнд маш их тэвчээр чамаас гарч, өөрийгөө нотолж харуулахад нэлээд хугацаа орно гэдэгт бэлтгэлтэй байгаарай.

Тэгээд ч ямар ч эцэг эх үр хүүхдээ гэсэн чин сэтгэлтэй, үр минь гэх  хайр нь үргэлж асч  байдаг  юм шүү. Чамайг ямар нэгэн алдаа гаргасан байхад тэд дотроо өөрсдийгөө буруутгаж, аль болох дахиж тийм алдаа битгий давтагдаасай гэсэндээ өөрсдийн зөв гэсэн зүйлээ хийдэг. Харамсалтай нь тэдгээр арга хэмжээ нь тийм ч таатай байдаггүй. Энэ бүх үл ойлголцлыг үгүй хийхийн тулд, гэр бүлийнхнийхээ итгэлийг урдных шигээ олж, цаашид алзахгүй гэдгээ илэрхийлэхийн тулд зориг гаргаж тэдэнтэй эхлээд ярилцаад үз. Чи бол 16 настай өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэмжээнд хүрсэн бие хүн шүү дээ. Өмнөх алдааныхаа үр дагаврыг хэрхэн ухамсарлаж ойлгосноо, цаашдаа өөрөө өөрийгөө хэрхэн авч явах, гэр бүлийнхнийхээ өмнө үүрэх ёстой үүрэг хариуцлагаа хүлээх чадвартай нэгэн гэдгээ батлан харуулж, ойлгуулж ярилцах нь чухал юм. Жишээ нь, тэднийхээ итгэлийг эргүүлэн олж авахад энгийн зүйлсээс  эхэлж болох бөгөөд эдгээр нь өглөө эрт босоод ороо хураагаад өрөөгөө цэвэрлэж хэвших, хичээл номондоо шамдан суралцах, секц дугуйланд хамрагдаж өөрийгөө хөгжүүлж, цаг хугацааг үр ашигтай өнгөрөөж, хаана юу хийж яваагаа эцэг эхээсээ өмнө залгаж мэдэгддэг болох, өөртөө шаардлага тавьж орой тогтоосон цагаас хойш гэрээсээ гарахгүй байж хаашаа явах хэнтэй уулзах зэргээ гэр бүлийнхэндээ ний нуугүй хэлж ярьж сурах, эцэг эхийнхээ өгсөн ямар нэгэн ажлыг хичээнгүйлэн хийж чаддаг болвол аяндаа тэдний  чамд итгэх итгэлийн гал нь асаж эхлэх болно. Чамд амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач Б.Ууганцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Асуудал #ЭцэгЭх #Найз #Итгэл