СУРВАЛЖЛАГА: ЕБС төгсөгчдөд зориулсан “Шинэ Алхам 2018” арга хэмжээ амжилттай боллоо


СХД-ийн ЕБС төгсөгчдөд зориулсан “Шинэ алхам” ёслолын үйл ажиллагаа 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.  

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ алхам” арга хэмжээ 4-р сарын 15-нд буюу өчигдөр АСА циркэд амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ц.Гарамжав, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар оролцсон юм.

Ёслолыг нээж УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэйн хэрээр жил бүр олон хүүхэд сургуулиа төгсдөг. Тэр ч утгаараа та бүхний мэргэжил сонголт дүүргийн цаашдын хөгжилд маш чухал нөлөөтэй. Тиймээс хүүхдүүд та нар маань мэргэжлээ сайн бодож, зөв сонгоорой” хэмээн захилаа.

Уламжлал ёсоор өмнөх дөрвөн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын тест болон мэргэжил сонгох тухай ойлголт, ажлын байрны өрсөлдөөн, оюутан таньд өгөх зөвлөмж, гадаад, дотоодын тэтгэлгийн талаар заавар зөвлөмж бүхий “Шинэ алхам 2018” номыг Сонгинохайрхан дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн нийт 24 сургуулийн төгсөх ангийн 2500 сурагчид гардуулж, сургууль бүрээс сурлага, урлаг, спорт зэрэг бүхий л зүйлд хамт олноо хошуучилсан шилдэг 20 гаруй сурагчийг тодруулсан юм.

#Interview #ШинэАлхам2018 #Event