Футзалын ОЮУТНЫ АВАРГА БАГ тодорлоо


Сондор | YOLO.MN
2018-04-12

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах 2018 оны заалны хөлбөмбөгийн уламжлалт тэмцээн энэ удаа дөрөвдүгээр сарын 09-10-нд Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын ордонд боллоо. Оюутны УАШТ, Универсиадын футзалын тэмцээнүүд ихэвчлэн Улаанбаатар ОУИС-ийн спортын зааланд явагддаг байсан бол энэ удаа стандартын талбайтай, зориулалтын ордонд явагдсанаараа онцлог байлаа. 

Энэхүү тэмцээнд 12 их, дээд сургуулийн 150 орчим эрэгтэй багийн тамирчид 2 өдрийн турш ур чадвараа сорин өрсөлдөж аваргаа тодруулсан юм. 
Тэмцээний тэргүүн байранд С.Амгаабазар дасгалжуулагчтай, П.Тэнгис ахлагчтай ХААИС-ийн баг шалгарч, хоёрдугаар байрт М.Амаржаргал дасгалжуулагчтай, Г.Ганбаяр ахлагчтай ШУТИС-ийн баг тамирчид, гуравдугаарт Д.Энхтүвшин дасгалжуулагчтай, М.Ганцог ахлагчтай Үндэсний БХИС-ийн оюутны баг тамирчид шалгаран 2018 оны оюутны УАШТ-ний медальт багуудаар тодорлоо. Тэмцээнийг Монголын оюутны спортын холбоо, Мон-Алтиус БТДСургууль, Монголын хөлбөмбөгийн холбоод хамтран амжилттай зохион байгуулж өндөрлөв. Тэмцээний нээлт болон хаалтын үйл ажиллагаанд МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, Мон-Алтиус БТДС-ийн багш Л.Доржжав, Б.Оюунтуяа нар оролцож баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүссэн юм. 

Дашрамд дуулгахад Монголын оюутны футзалын шигшээ баг 2017 онд БНХАУ-ын Линву хотноо болсон оюутны Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцон 9 багаас шагналт 6 дугаар байрт шалгаран сайхан амжилт үзүүлсэн. Энэ удаагийн тэмцээнээс шалгарсан тамирчдаар бүрдсэн Монголын оюутны шигшээ багийг БНХАУ-ын Жинжань хотноо 2018 оны 10 сарын 28-наас 11 сарын 07-нд болох оюутны Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд оролцуулах юм.

Монголын оюутны шигшээ багийн даргаар МУБИС-ийн багш Л.Цэрэнсодном, ахлах дасгалжуулагчаар Улаанбаатар ОУИС-ийн багш С.Эрдэнэ-очир оролцох ба тэд багаа бүрдүүлэн ажиллах юм. 

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
МОН-АЛТИУС БТДСУРГУУЛЬ   
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО







#Student #Basketball