"Элит сургуулиас олж авсан боловсрол маань одоо хүртэл хэрэг болж байна"


YOLO.mn | YOLO.MN
2018-04-13

Бахархал төрүүлэм сурагчид гэж бий. Тэдний нэг болох “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 2013 оны төгсөгч О.Хонгорзултай ярилцлаа. Тэрбээр сургуулиасаа олж авсан мэдлэг, боловсрол нь одоо хүртэл хэрэг болж байгааг онцолсон юм.

YOLO: Сайн байна уу. Сургуулиа төгсөөд 5 жил болсон байна. Одоо юу хийж байгаа тухайгаа ярихгүй юу?
-Би Япон улсын Рицүмэйканы Ази, Номхон далайн их сургууль (Ritsumeikan Asia Pacific University)-ийг төгсөөд саяхан Монголдоо ирчихээд байна. Олон улсын харилцаа, энх тайван судлал гэсэн мэргэжлээр төгссөн. Одоогоор “Оюутолгой” компанийн Далд уурхайн төслийн Худалдааны зохицуулагчаар ажиллаж байна.

YOLO: Рицүмэйканы Ази, Номхон далайн их сургуулийн олон улсын харилцааны хөтөлбөр нь Япондоо нэгдүгээрт, бүс нутагтаа эхний дөрөвт эрэмбэлэгддэг гэж сонссон. Энэ том сургуульд хэрхэн элсэн орсон бэ?
-Рицүмэйканы Ази, Номхон далайн их сургуульд би 80 хувийн тэтгэлэгтэй суралцсан. Эсээ болон багшийн тодорхойлолт (recommendation letter), ярилцлага хийсэн байдлыг харгалзан тус сургуулийн элсэлтийн албанаас тэтгэлгийн хэмжээг тогтоодог. “Улаанбаатар Элит” сургуулийнхаа Онур багшаас тодорхойлолтоо авсан. Ингээд 80 хувийн тэтгэлгээр суралцах боломжтой болсон.

YOLO: “Улаанбаатар Элит” сургуулийнхаа талаар ярихгүй юу?
-Миний ийм өндөр тэтгэлэгтэй суралцах боломжийг сургууль, багш нар маань олгож өгсөн. Хэдийгээр би дунд сургуулиа төгсөөд явсан ч одоо болтол багш нартайгаа холбоотой байдаг. Багш нар маань одоо ч гэсэн тусалж, дэмжсээр байна. Үүнд нь үргэлж талархаж явдаг. Ялангуяа, Онур болон Роза багш нартаа маш их баярлаж явдгаа хэлмээр байна.

YOLO: Дунд сургуулиасаа олж авсан хамгийн том үнэт зүйлийг юу гэж боддог вэ?
-Хэл сурах болон хичээл давтах арга барил, сахилга батыг “Улаанбаатар Элит” сургууль маань олгож, төлөвшүүлсэн. Тийм болохоор гэрээсээ хол сурсан ч ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гараагүй. Түүнээс гадна манай сургууль төгсөгчдийнхөө ирээдүйн хамгийн чухал алхам болох их, дээд сургуульд орох замыг нь тавьж, зөвлөж өгдөг нь хамгийн бахархууштай. Сургуульдаа сурсан англи хэлний мэдлэг болон SRE (Явцын үнэлэмжийн шалгалт), GRE (улирлын шалгалт)-ын ачаар бид өрсөлдөх чадвартай болж, олон орны хүмүүстэй хамтран суралцаж, ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай болсон. Энэ манай сургуулийн тавьсан том суурь бөгөөд дэлхийн иргэн болоход хамгийн том давуу тал болж байна. Тийм ч учраас энэ сургуульдаа олж авсан хүмүүжил, боловсрол одоог хүртэл хэрэг болж байна.

YOLO: Цаашдын төлөвлөгөөнийхөө талаар хуваалцахгүй юу?
-Ямар ч байсан ажлын туршлагатай болж байгаад илүү боловсролтой болохыг зорьж байна. Мастертаа суралцах төлөвлөгөөтэй байгаа.

YOLO: Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

#Elite #School #Education