Ардах, урдах үгтэй нь хамт ТОГТООЖ АВААРАЙ


Сондор | YOLO.MN
2016-05-12

-Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл-

...БИЛИГ-БЭЛГЭ-БЭЛЭГ гээд нэг хоёрхон үсгийн наана цаанаас болж толгой эргэдэг хэдэн үгийг цэгцэлжээ.

Энэ үгсийг ардах, урдах үгтэй нь хамт ингэж тогтоож аваарай.

- Оюун билиг, бэлгэ тэмдэг, бэлэг дурсгал;
- Миний доор байна, чамаас дор дуулдаг;
- Отго жинс, отог аймаг;
- Гарын саарь, голын сайр;
- Далайн түвшин, төлөв төвшин;
- Хүүхдээ хөхүүлэх, хөхиүлэн дэмжих;
- Яриа хэлэлцээ, гэрээ хэлэлцээр;
- Нүдний цэцгий, цөцгийн тос;
- Нас чацуу, ирэхийн сацуу;
- Шарагчин хонин жил, шаргагчин гүү;
- Шашны сургаал, бурханы шажин.

Бүлтгэр туулайн нүд бүлтгэнэнэ, харин бүлтэгнэхгүй гэж Ө, О мэт эгшгүүд нь бөндгөнөж бондгоноод тогтож өгдөггүй, гадаад байдал дүрслэх хэсэг үгийг үндэстэй нь бэхэлжээ.

Цаашлаад бөндгөрөөс бөндгөнөх, дарвагараас дарваганах үүснэ гэнэ. Энэ зарчмаар жирвэгэр, сэрвэгэр, хавчганах, хулчганах, эрвэгэр гэж Д-Г, Р-В, Ч-Г, Ж-Г гийгүүлэгчүүдийн дунд эгшиг бичихгүй нь ээ. Харин дуу авиа дүрслэх сэржигнэ, харжигна, шаржигна гэх мэт үгсэд “-жигна, -жигнэ, -жигно, -жигнө”, хангина, жингэнэ, гангина, хүнгэнэ мэт үгсэд “-гина, -гино, -гэнэ, -гөнө” залгахаар журамласан байна...

Егөөтэй 99 тайлбар” номын “Дураараа дургисан долоон зуун үгийг журамлалаа”
өгүүллийн хэсгээс