ЗАХИДАЛ: Сэтгэл санаа минь хоёрдоод байна, яах вэ?


ССҮТөв | YOLO.MN
2018-03-23

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Явахгүй үлдье гэхээр  маш ихээр хүсэж буй мэргэжлээрээ сурах боломжгүй болчихно

Явъя гэхээр эмээгээсээ салж чадахгүй мөн харийн нутагт, шинэ орчинд дасаж чадахгүй байх гээд санаа зовоод байх юм.

Сайн байна уу? Би 16 настай сурагч. Надад шийдвэрлэхэд үнэхээр бэрх нэг асуудал тулгараад байгаа юмаа. Би удахгүй Солонгост очиж тэндээ сурч өөрийн маш их хүсдэг мэргэжлээрээ ажиллах гээд байгаа юм л даа. Хэрвээ би явах болвол ганцаараа биеэ даагаад явах шаардлагатай болоод байгаа юм. Гэвч яг явна гээд зориглохоор сэтгэлд эмээ минь байн байн бодогдоод эмээгээ орхиод явах зориг хүрэхгүй юм. Эмээтэйгээ багаасаа л хойш салахгүй хамт байсаар ирсэн. Гэвч явахгүй үлдье гэхээр өөрийн маш ихээр хүсэж буй мэргэжлээрээ сурах боломжгүй болчихно. Явъя гэхээр эмээгээсээ салж чадахгүй мөн харийн нутагт, шинэ орчинд дасаж чадахгүй байх гээд санаа зовоод байх юм. Сэтгэл маань хоёрдчихоод байна aа. Яг яавал дээр вэ? Надад туслаач 

ЗӨВЛӨГӨӨ: Амьдрал тэр чигтээ л том жижиггүй сонголт дээр тогтдог

Хамгийн гол нь сонголтын үр дүн урт хугацаандаа амжилттай, хэн хэн нь сэтгэл хангалуун байдлаа хадгалж чадвал энэ хамгийн зөв сонголт болно байх. 

Сайн уу? Захиагаа маш ойлгомжтой бичиж нөхцөл байдлаа маш тодорхой тайлбарласанд баярлалаа. Үнэхээр хэцүү сонголт байна. Гэвч өглөө эрт босох уу, ахиад таван минут нэмж унтах уу гэдгээс эхлүүлээд амьдрал тэр чигтээ л том жижиггүй сонголт дээр тогтдог. Сонголт бүр өөр өөрийн давуу болон сул талтай. Чиний сэтгэлийг хоёрдуулаад байгаа энэ нөхцөл байдал хүртэл. Хамгийн гол нь сонголтын үр дүн урт хугацаандаа амжилттай, хэн хэн нь сэтгэл хангалуун байдлаа хадгалж чадвал энэ хамгийн зөв сонголт болно байх. Иймд хоёулаа хамтдаа давуу болон сул талын жагсаалт гаргах гээд оролдоод үзье.

Солонгос улсад хүссэн мэргэжлээрээ сурахаар явах

Давуу:

- Чи хүссэн мэргэжилээрээ суралцана
- Амжилттай сурч төгсөөд дуртай ажилдаа орох эмээгийнхээ ачийг хариулах магадлал тэр хэрээрээ өснө
- Биеэ дааж сурна
- Газар үзэж нүд тайлна
- Шинэ найз нөхөд, хүрээлэлтэй болно
- Өөрийгөө дайчилж сурна

Сул тал:

- Эмээгээсээ хол амьдрана, эмээгээ санах байх
- Танихгүй орчин дасах гэж эхэн үедээ хэцүү байх байх

Эмээтэйгээ хамт Монголдоо үлдэх

Давуу тал:

- Эмээтэйгээ хамт байх боломжтой
- Амьдарч дассан Монголдоо нэгэн хэвийн амьдралаар амьдрах буюу айдас, сорилт багатай

Сул тал:

- Гадаадад илүү чанартай боловсрол эзэмших, тэр хэрээрээ хүссэн ажилдаа орох боломжоо алдах магадлалтай
- Газар үзэж нүд тайлж чадахгүй,
- Зөвхөн тэр газарт сурсанаараа олж авах байсан шинэ найз нөхөд, шинэ туршлагуудыг олж авч чадахгүй

Гэх мэтчилэн энэхүү жагсаалтыг үргэлжлүүлэн бичээд аль чамд илүү зөв санагдаж байгаа сонготоо хийгээрэй. Чамд амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Profession #Learning #Korea