Сайн байна уу, НАУРЫЗ!


А.Ихсанаа | YOLO.MN
2018-03-22

Монгол түмний нэгээхэн хэсэг казах үндэстэн Наурызын баяр энэ сарын 21, 22-ний өдрүүдэд тохиож байна. Наурыз буюу Нарны баяр нь өдөр, шөнө тэнцдэг өдөр тохиодгоороо онцлогтой юм.

НАУРЫЗЫН ТҮҮХ

Наурыз буюу Хаврын баярыг тэмдэглэж ирсэн түүхийн тухайд Монголчуудын Цагаан сартай нэгэн адил замналыг туулсан гэж хэлж болохоор.

Наурызыг 1926 оноос хориглосон гэх боловч 1940-өөд оны эцэс хүртэл Баян-Өлгийд тэмдэглэдэг байлаа. 1990 оны Ардчиллын уур амьсгалаар үндэсний үзэл, ёс заншил сэргэснээр өргөн дэлгэр тэмдэглэх болж, төр засгийн зүгээс анхаарал хандуулан өндөр ач холбогдол өгөх болжээ.

Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 2010 оноос эхлэн Тажикстан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргыз, Иран, Туркменистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдааны үеэр Наурызыг Олон улсын баяр болгон баталжээ. ЮНЕСКО 2012 оны есдүгээр сарын 30-нд Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн байна.

Наурыз баяр өдөр шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-нд болох бөгөөд Ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. “Наурыз” гэдэг нь перс гаралтай үг бөгөөд “нау-шинэ”, “рыз- өдөр” буюу “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм.

Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учран золгосны баяр болгон тэмдэглэдэг. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдгоороо онцлогтой. Шинэ өдөр эхэлж байна гэж үзэх тул “Шинэ он”-ы буюу хаврын баяр ч гэж нэрийдэх нь бий.

БАЯРЫН БЭЛТГЭЛ

Баяр угтаж эзэгтэй нар хэд хоногийн өмнөөс гэр орондоо их цэвэрлэгээ хийж, шинэ он буюу хаврын эхний өдрөө цэвэр цэмцгэр угтахыг эрмэлздэгээрээ цагаан сарын өмнө үйлддэг зан үйлтэй нэлээд төстэй. Уран эмэгтэйчүүд шинэ аравч, орны бүтээлэг хийн гэрээ гоёно.

Залуу охид аав, ах нартаа зориулан шинэ тоорцгон малгай хийж, хээлж өгнө. Хөвгүүд модоор шанага, халбага, аяга, тэвш зэрэг хийж чадах, гэрт хэрэгтэй ахуйн хэрэглээний зүйлийг урлаж хийнэ. Эмэгтэйчүүд гэр орноо баяраар гоёх бөгөөд уран гартнаа гайхуулах нэг бололцоог бүгдэд олгодог.

“Шинэ онд арилгасан сонгино шиг цэвэр цэмцгэр байвал тэр жилдээ өвчин зовлонгоос хол байна” хэмээн итгэж гэр орон доторх бүгдээ тос шороо, хир буртгаас арилган галаар ариутгана.

Залуус болон идэр насны эрс сахал самбайгаа авч, үсээ янзлах бол эмэгтэйчүүд хүүхдүүдээ усанд оруулан, хумсыг нь авч хир буртгаас нь салгана. Шинэ хувцсыг нь бэлтгэн, өөрсдөө ч өмсөх өмсгөл зүүлтээ бэлтгэнэ. Энэ нь шинэ ондоо хир буртаггүй, ариун орвол тухайн жилдээ тийм сайхан явах болно гэдэг бэлгэдэлтэй салшгүй холбоотой.

НАУРЫЗ ЭХЭЛЛЭЭ

Наурызын баярыг ахан дүүс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа /настнуудаа/ хүндэтгэнэ. Харин настнууд үр хүүхэд, залууст эрхэм сургаалиа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг сайхан ёслол юм.

Учран золгохдоо “Наурыз” баяртай холбоотой хүндэтгэлийн ерөөлийн үг хэлцгээнэ.

Наурыз баярын мэнд!
Идээ будаа арвин байг! зэрэг сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон ерөөлийн үг хэлцгээнэ.

Уг баярыг тэмдэглэх нь хүүхэд залуусын хүмүүжилд чухал нөлөөтэй. Залуучууд өндөр настандаа очиж золгон тэднийхээ сургаалийг сонсоно. Шинэ онд хэрхэн ажиллаж, амьдрахаа ахмадуудаараа заалгана. Ингэснээрээ ахмадуудаа хүндэтгэн хайрлаж, тэднийхээ үг, сургаалийг ёсчлон хэрэгжүүлэх өндөр хариуцлага тэдэнд ирдэг. Мөн ах, дүү хамаатан садандаа золгоно.

Хэн нэг хүнтэй түнжин хагарсан бол эвлэрэхээс гадна өр шир тавьсан бол заавал дарж шинэ онд өрийн дарамтгүй, сэтгэл тайван явахыг хичээх ёстой гэж үздэгээрээ Монголын цагаан сартай төстэй.

Наурызын орой залуус савлуураар савлуурдаж, “Көкпар”, “Бәйге”, “Қыз қуу”, “Жамбы ату” зэрэг үндэсний тоглоом наадгайгаар нааддаг. Алты бакан буюу савлуураар залуус наадахдаа хос хосоороо суугаад дуулж хөгжилдөнө.

Аливаа нэг баяр ёслолын үед Казахууд айтыс буюу харилцаа дууны тэмцээн зохиодог бөгөөд Наурыз баярын үед ч гэсэн уг уламжлалаа хадгалдаг. Айтыс гэдэг нь казахын урлаг, уран зохиолын онцгой нэгэн төрөл бөгөөд ардын яруу найргийн төрөлд багтдаг. Уг тэмцээнд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүй бөгөөд, тухайн байдал, баяр ёслолын агуулгад тааруулан санаанаасаа зохиож домбордож дуулна. Хоёр хүн суугаад тэр дороо шүлгээ зохиож аянд оруулан домбороор тоглоно. Хоёр найрагч нэг удаад оролцох бөгөөд шалгарсан нэг нь цаашаа өөр бусад шалгарсан хүнтэй уралдаж түрүүлдэг. Найрагчид тухайн баяр ёслолын тухай хэлэлцэж мэтгэлцэхээс гадна тухайн нийгмийн ололттой болон дутагдалтай талыг ч мөн дуундаа илэрхийлж гаргадгаараа онцлогтой.

НАУРЫЗЫН БАЯРЫН ШИРЭЭ

Наурызын баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгvй нэр төрлийн хоол байх учиртай. Түүний нэг нь шөл. Сонгино, давс зэрэг долоон төрлийн амтлагчтай, махны шөл ууна. Энэ шөлийг хүн бүр ууна. Баяраар хэчнээн олон айлд шөл уувал төчнөөн сайн байна гэж үздэг. Махаа гал дээр болгож, шөлийг нь уух дуртай байдаг нь нэгт хоолны амт шимтэй холбоотой, хоёрт галыг ариусгах шидтэй, сайн сайхны бэлгэдэл гэж үздэгтэй холбоотой юм. Зөөлөн гал дээр болсон амттай шөлөнд нь хөц будаа, аарц хийж иднэ.

Хамгийн настай, хүндтэй нэгнээр тухайн зоог, ирсэн зочдод зориулан бата- ерөөл хэлүүлдэг байна. Уг ерөөлийг хэлж байхад бүгд алгаа хавсран нүүр лүүгээ харуулж барина. Ерөөл хэлж дууссаны дараа хамтдаа бүгд “Амин” буюу “ерөөл бат оршиг” гэсэн утгатай үг хэлж хавсарсан хоёр алгаа нүүрэндээ хүргэх бөгөөд энэ нь уг ерөөлийг хүлээн авлаа гэсэн утгыг илэрхийлнэ.

Казахуудын хувьд 7-ийн тоо чухал үүргийг гүйцэтгэх бөгөөд баярын хоолны орцонд доорхи долоон төрлийн бүтээгдэхүүн заавал орсон байна. Үүнд: Ус, мах, давс, гурил, үр тарианы төрөл, сүү, өөх тос болно.

Эдгээр долоон бүтээгдэхүүн амьдралын доорхи долоон өнгө, утгыг илэрхийлдэг гэж үздэг. Үүнд: баяр баясгалан, аз жаргал, амьдралын ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгаалах юм.

Эмээ, гэрийн эзэгтэй нар өвлийн идэшнээс авч үлдсэн нарийн нандин, дээж хоол болох жамбас-сүүж, жілік-чөмөгний яс, қазы- казы–ийг зориуд үлдээн Наурыз баярын үеэр хэрэглэнэ. Настай эмэгтэйчүүд «Наурыз баяраар хэрэглэнэ» гэж гүзээтэй шар тос, ааруул, жент зэрэг цагаан идээг зориуд хадгална.

ЗОЛГОЛТ

Наурыз баяр нэг талаараа ах дүү, гэр бүлийн баяр, нөгөө талаараа хотол олны баяр гэж хэлж болохоор. Эрт дээр үеийн уламжлалаар эхлээд эцэг эхтэйгээ золгоод дараа нь хамаатан садны хамгийн ахмад хүмүүстэй золгоно.

Тэр өдөр үндэсний хувцсаа өмссөн хүмүүс хоорондоо золгоцгооно. Хоёр эрэгтэй хүн өөд өөдөөсөө харж зогсоод гараа атгалцаж баруун, зүүн хоёр талаараа цээжээрээ нийлдэг. Цээжээ нийлүүлдэг нь цээж бол биеийн гол хэсэг, гар бол хөдөлмөрлөх эрхтэн тул хоёр гол эрхтэнээрээ хүндэтгэл үзүүлж буй юм. Хоёр эмэгтэй тэврэлдэж золгоно. Эрэгтэй, эмэгтэй хоёр бол хоёр гараа атгалцаж золгоно. Хоёр гараараа мэндчилэн цээжээрээ хүрч золгодог нь “амь насны минь түшиг цээж минь, амьдралыг тэтгэгч- хоёр гар минь эрүүл энх байг” гэсний бэлгэдэл гэж үзэх нь бий.

Сайн сайхан утгатай үг хэлэлцэн хоорондоо золгох аваас тэр жилийн туршид тухайн ерөөл шигээ ариун тунгалаг, зөв явна гэж сэтгэдэг тул аль болох зөв, сайхан харьцахыг эрмэлзэнэ. Мэнд усаа мэдэлцэн, амар тайвныг ерөөсний дараа хол, ойрын сонин сайхныг ярилцан, баярын зоог, шүүс барьдаг. Аливаа муу бүхнийг ардаа орхин зөвхөн сайн сайхныг эрмэлзэх тул дайснаа хүртэл өршөөн соёрхо! хэмээн ахмадууд сургамжилна.

Наурыз бол ямар нэгэн шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм. Хахир өвлийн хүйтнийг өнтэй даван, хаврын урь орж, хүн амьтны зоо тэнийсэн, өдөр шөнө тэнцэн гэрэл гэгээ нэмсний баяр билээ.

Ингээд нийт Казах түмэндээ Наурызын баярын мэндийг хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхэн сайхан баярлаарай.

Табиғат, жер-дүниенің жаңарып, жасанатын көктем мезгілінің ұлы мерекесі Наурыз кұтты болсын!

Үлыс оң болсын,
Ақ мол болсын,
Пәле-жала жерге еніп,
Қайда барса жол болсын!

#Hello #НАУРЫЗ!