“ИРЭЭДҮЙН ЭЗЭД-2018” олимпиадад оролцогчид ДҮНГЭЭ ШУУД СОНСОЖ, шагналаа гардан авлаа


Сондор | YOLO.MN
2018-03-05

Ж.Энхбаяр гишүүний санаачилга, хүсэлтийн дагуу "Ирээдүйн эзэд-2018" байгалийн ухааны анхдугаар олимпиадыг БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Боловсролын Үнэлгээний Төвөөс амжилттай зохион байгуулж, шалгалтын дүнг шалгуулагчийн нүдэн дээр шууд засч танилцуулах шилэн технолгийг амжилттай туршлаа.

Шалгалт дуусмагц оролцсон 184 хүүхдийн материалыг засагч машинд уншуулж, танхимд байрлуулсан дэлгэц дээр мэдээллээ. Ингэснээр онооны дарааллаар эхний байруудад шалгарсан сурагчид ширээнийхээ ардаас шууд тодорч шагналаа гардсан юм.

Нэгдүгээр байрт СБД-ийн Сант сургуулийн сурагч Б.Мандуул, дэд байрт Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн сурагч С.Самбуу, гуравдугаар байрт СХД-ийн Номун цогцолбор сургуулийн сурагч Д.Хишигдалай нар шалгарч медаль, өргөмжлөл, iPad зэрэг үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Мөн сурагчдыг бэлтгэсэн байгалийн ухааны заах аргын нэгдлийг мөнгөн шагналаар урамшуулсан юм.

Шалгалтын дүнг засагч машинд уншуулахад ердөө дөрвөн минут зарцуулав

Олимпиадад математик, физик, хими, биологи, газарзүйн хичээлийн асуултуудыг харьцангуй өндөр түвшинд бэлтгэн, 120 минутын хугацаанд шалгалт авсан юм.

Шалгалтын асуулт бэлтгэсэн багш нарыг гурав хоногийн турш вакум орчинд тусгаарлаж, цагдаагийн хамгаалалт дор лацыг нээн сурагчдад тараалаа. Ингээд шалгалт дуусч баганан код бүхий оролцогчийн мэдээлэл агуулсан материалыг засагч машинд уншуулахад ердөө дөрөвхөн минут зарцуулав. Сурагчид суудалдаа, эцэг эхчүүд хөндлөнгөөс ажигласан энэхүү технологи ямар их цаг хугацаа, хөрөнгө хэмнэж байгааг магтаж, сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдээллийн технолгийн залуусаар бахархаж байгаагаа хэллээ

Өнөөдөр зөвхөн сурагчид шалгуулсангүй. Боловсролын салбарт шинэ технологи туршсан Ж.Ган-Эрдэнэ захиралтай БҮТ-ийн залуус бүтээлч санаачилгаа практикт анх удаа нэтврүүлснээ шалгуулсан юм. Маш их цаг хугацаа, мөнгө, сэтгэл санааны хүлээлт, цаашлаад хүнд суртал, авлигатай холбоотой хардлага, хандлагуудыг тас цохисон энэхүү технологийг Ж.Энхбаяр гишүүн дэмжсээр ирсэн. Тэрээр төрийн албаны хүнд суртлыг халахын тулд салбар бүрт нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолж, эдгээр залуусаар бахархаж байгаагаа хэлсэн юм.

Улс төрчдийн байнга ярьдаг ил тод-шударга, хүнд сурталгүй-шуурхай үйлчилгээ гэж чухам юу байдгийг Ж.Энхбаяр гишүүн болон түүний баг "Ирээдүйн эзэд" олимпиадаараа харууллаа.



#ИрээдүйнЭзэд #Olympiad