МХБХ-ийн ОУ-ын зэрэглэлийг хангасан шүүгчиддээ цол тэмдгийг нь гардууллаа


Б.Хулан | YOLO.MN
2018-02-27

Монголын Хөлбөмбөгийн Холбооны бүх шүүгчийн нэгдсэн хурал өчигдөр боллоо. Энэ үеэр ОУХБХ-ны зэрэглэлтэй шүүгчид, албан ёсоор цол тэмдгээ гардан авсан юм.

ОУХБХ-ны талбайн шүүгчийн зэрэглэлтэй Д.Түмэнбаяр, Б.Хаш-Эрдэнэ, туслах шүүгчийн зэрэглэлтэй Э.Ариунболд, Б.Даваасүрэн, Ч.Жавхлантөгс нараас гадна Монгол улсаас анх удаа ОУХБХ-ны футзалын шүүгчийн зэрэглэлийн болзол хангасан Р.Жаргалсайханд МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан цол тэмдгийг нь гардуулан өглөө. Футзалын дээд лигийн сүүлийн хоёр улирлын шилдэг шүүгч Р.Жаргалсайхан өнгөрсөн оны 10-р сард ОУХБХ-ны футзалын шүүгчийн шалгалт өгч, амжилттай тэнцсэнээр Монголын анхны ОУХБХ-ны футзалын зэрэглэлтэй шүүгч болоод байна.

Тус арга хэмжээний дараа МХБХ-ны шүүгчид өнгөрсөн улирлын шүүлтийн алдаа оноогоо дүгнэн, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, 2018 оны үйл ажиллагааны хөтөлбөртэйгөө танилцав.

Мөн Азийн Хөлбөмбөгийн Холбооны "Шүүгчийн академи"-д суралцаж буй МХБХ-ны 1-р зэрэглэлтэй шүүгч Н.Батбилэг Азийн шилдэг шүүгчдийн бэлтгэх зорилготой шүүгчийн академийн талаар сонирхолтой мэдээллийг бусадтайгаа хуваалцлаа.

Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны сайт

#Mongolian #Football #Association