Хар Ирвэс киноны орлогоос 1 сая ам. долларыг хүүхдүүдэд хандивлана


А.Ихсанаа | YOLO.MN
2018-02-27

Диснейн шинэхэн бүтээл болох "Хар Ирвэс" уран сайхны кино боксоффист үнэмлэхүй амжилтад хүрч, олон сая ам. долларын ашиг олж байгаа учраас компани хүүхдүүдэд хандив өгөхөөр шийджээ.

Америкийн Охид Хөвгүүдийн клуб байгууллагад Диснейгээс нэг сая ам. доллар хандивлахаар болсон бөгөөд тус байгууллагын "STEM" хөтөлбөр буюу Шинжлэх ухаан, Технологи, инженерчлэл, математикийн хөтөлбөрийг санхүүжүүлэх аж.

Диснейн гүйцэтгэх захирал Боб Айгер "Залуу үзэгчид бидний бүтээлд гарч буй технологийн дэвшлийг уулга алдан хүлээж авч байсан учраас бид STEM хөтөлбөрийг санхүүжүүлэх нь хамгийн зөв шийдвэр гэж үзэж байна" гэжээ.

Охид, Хөвгүүдийн клуб энэ санхүүжилтээр орж ирсэн мөнгөөр Атланта, Балтимор, Чикаго, Нью Йорк, Вашингтон хотуудад STEM төвүүдийг байгуулах аж.

Нээлтээ хийгээд хоёр долоо хонож буй "Хар Ирвэс" уран сайхны кино өнөөдрийн байдлаар дэлхий даяар 700 сая ам. долларын орлого олсон бөгөөд зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд АНУ-д 108 сая ам. доллар олжээ.

#Marvel #BlackPanther #Donation