Хэрвээ энд дурдсан сайтуудад бүртгэлтэй бол, НУУЦ ҮГЭЭ яг одоо СОЛЬ!


Сондор | YOLO.MN
2016-05-06

Та нууц үгээ солих цаг болжээ. Учир нь асар олон хэрэглэгчтэй цахим шуудан, веб сайтуудад бүртгэлтэй хүмүүсийн нэвтрэх нэр, нууц үг зэргийг хакерууд интернетэд байршуулсан байна. Тодруулбал 272,3 сая хэрэглэгчийн мэдээлэл.

Hold Security байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын шинжээч Алекс Холден Рейтерс агентлагт өгсөн ярилцлагадаа “Hotmail, Yahoo Mail, Gmail, Mail.ru” зэрэг сайтуудын хэрэглэгчдийн мэдээллийг хакерууд хулгайлж, интернет байршуулсан болохыг мэдэгджээ.

Алдагдсан мэдээллийн дийлэнх хэсэг нь Mail.ru сайтын хэрэглэгчдийн мэдээлэл байсан бол 15 хувь нь Yahoo Mail, 12 хувь нь Hotmail, 9 хувь нь Gmail хэрэглэгчдийнх байсан аж. Үүгээр зогсохгүй банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг ч хулгайлсан байна.

Тиймээс Холдены зөвлөснөөр дээр дурдсан цахим шуудангийн хэрэглэгчид нэн даруй нууц үгээ солих хэрэгтэй гэжээ. Магадгүй таны нууц үг алдагдаагүй байж болох ч гэсэн, нууц үгээ солих нь өөрийгөө эрсдэлээс хамгаалах арга юм.

Hold Security компани “Цуглуулагч” хочит Оросын өсвөр насны хакер энэ хэргийг үйлдсэн гэсэн бөгөөд түүнтэй холбогдоход бүх мэдээллийг ердөө “50 рубль” буюу 1570 төгрөгөөр зарна гэжээ.

Харин үүнээс гадна өөрийнх нийгмийн сүлжээний хуудсанд хүмүүс эерэг сэтгэгдэл үлдээгээсэй гэж хүссэн байна. Хэдийгээр олон сая хэрэглэгчийн мэдээллийг хулгайлсан хакер илүү дутуу зүйл хүсэж, бусдын мэдээллийг буруугаар ашиглаагүй боловч цахим гэмт хэрэгтнүүдийн гарт орсон байхыг үгүйсгэхгүй.

Google компани болон Mail.ru хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд зарим нэг арга хэмжээг авч, шинэ төхөөрөмжөөс холбогдсон тохиолдолд нэмэлт асуулт асуух зэргээр хамгаална гэжээ. Харин Yahoo компани одоогоор хариу хэлээгүй байгаа аж.

Эх сурвалж:

#Social #Facebook #Secure