А.Баярхүү: Шохоорхол бол хүн хэн нэгэнд түр хугацаанд татагдахыг хэлнэ. Харин ХАЙР БОЛ...


Г.Ариунзул | YOLO.MN
2018-02-14

Дэлхий нийтийрээ энэ өдрийг хайртай ХОСУУДЫН БАЯРЫН ӨДӨР болгон тэмдэглэдэг. Гэгээн хайрын баярын өдөрт зориулан хайр дурлалын талаар сэтгэл судлаач А.Баярхүүтэй ярилцлаа.

YOLO: Хайр бол маш олон төрөл. Тэгвэл эсрэг хүйстнээ хайрлах сэтгэлзүйн мэдрэмж  бусад хайраас ямар ялгаатай байдаг юм бол? Энэ талаар яриагаа эхлүүлье.
- Эсрэг хүйстнээ хайрлах хайрыг романтик хайр гэж нэрлэдэг. Эсрэг хүйстэндээ татагдах, хайрлах тэр мэдрэмж нь 2-3 насанд илэрч эхэлдэг.

Хөвгүүд бол буу машинаар тоглох, ээжийгээ ааваасаа харамлах зэргээр илэрдэг бол охид аавдаа илүү эрх элгэмсүү болж, будаг гоёл чимэглэлийн зүйлс сонирхох гэх мэтээр хүйсийн ялгаагаа мэдэрч эхэлдэг. Энэ нь өсвөр насанд ирэхээрээ шохоорхол дурлал байдлаар илэрдэг.

Эсрэг хүйстнээ хайрлах хайр нь гэгэлзэж догдолсон тогтворгүй байдлыг үүсгэдэг бөгөөд нэг талаар хамгийн хүчтэй сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийг хүнд өгдгөөрөө онцлог. Хүн дурлахаараа өөрийгөө өөр талаас нь олж харах улмаар шинэ хүсэл эрмэлзэлтэй болох талтай байдаг.

YOLO: Хайр, дурлал, шохоорхол гурав ялгаатай гэдэг. Яг ямар ялгаа байна?
- Хайр, шохоорхол, дурлал нь ялгаатай мэдрэмжүүд, ялгаатай үйлдлүүд юм. Шохоорхол гэдэг бол тухайн хүний ямар нэгэн  зүйлд нь түр хугацаанд татагдахыг хэлж байгаа юм. Мөн шохоорхол нь тийм ч удаан хугацаанд үргэлжилдэггүй. Харин дурлал бол сэтгэлийн эерэг таатай мэдрэмжийг өгдөг, хайрыг өдөөгч хүчин зүйл. Шохоорхлоос арай хүчтэй хэлбэрлүү орж байна гэсэн үг. Гэтэл илүү сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг илэрхийлдэг зүйл бол хайр.

Хэн нэгэнд ямар ч шалтгаан болзолгүйгээр татагдах, сэтгэлийн таатай мэдрэмжийг авч байгаа нь хайр юм. Жинхэнэ хайр бол удаан хугацаанд оршдог. Хүний зүрх сэтгэлд гүн байдаг. Хайр нь тухайн хайрласан хүнийхээ төлөө өөрийгөө золиослох, тэр хүнд бүхнээ зориулж чадах зориг, хүсэл тэмүүллийг асар ихээр өдөөдөг. Гэхдээ шохоорхол, дурлал нь удаан хугацаанд үргэлжилж гүнзгийрснээр хайр болж болно.

YOLO: Хайрыг хүн бүхэн, салбар бүр олон янзаар тайлбарладаг. Сэтгэлзүйн ухаанд хайрыг юу гэж тайлбарладаг бол?
- Хайр гэж ийм юмыг хэлнэ гэсэн онолын тодорхойлолт  байхгүй. Хэн нэгнээс хайрын тухай асуувал өөр өөрийн ойлголтоор мэдрэмжээр хариулах байх. Хайрлаж дурлана гэдэг бол сэтгэлзүйн хувьд эрүүл байгаагийн илрэл юм. Нэг хүнээс авах сэтгэлийн нандин мэдрэмж, тухайн хүний талаарх эерэг ойлголтуудаар хайр нь илэрхийлэгддэг. Тэгэхээр хайр бол ерөөсөө олон төрлийн эерэг үйлдлүүд, эрүүл сэтгэлгээ гэж хэлж болно.

YOLO: Хосуудын харилцаанд романтик хайрын үе, хямралын үе буюу муудалцах салах үе гэж байдаг. Хямралын  үеэ л давчихвал болдог гэж хүмүүс ярьдаг?
- Хосуудын хоорондын харилцаанаас үүдэж илэрдэг харилцааны үе шатлалыг ингэж үздэг. Гэхдээ хүн бүр адилгүй шиг хос болгоны харилцаанд ийм үе байна гэсэн ойлголт байхгүй. Энэ нь зөвхөн тухайн хосуудын хоорондын харилцаанаас, хандлагаас хамааралтай. Хайр гэх тэр агуу нандин мэдрэмж яаж эхэлсэн шигээ дуусаж ч болдог, магадгүй тэр мэдрэмж нь хэсэг хугацаанд хүчтэй оргилж байснаа намжиж мөн буцаад асахыг бол үгүйсгэхгүй.

YOLO: Амьдрал дээр хайр нь хөрөөд салсан гэх олон тохиолдлууд бий. Жинхэнэ хайр хөрдөг үү?
- Жинхэнэ хайр бол хэзээ ч хөрдөггүй. Хүний эх орноо хайрлах, эцэг эхээ хайрлах хайр хэзээ ч хөрдөггүйтэй адил. Харин хөрөөд байгаа хайр бол жинхэнэ хайр биш. Магадгүй тодорхой хугацаанд маш хүчтэйгээр дурласан мэдрэмж л байх.

Тэгэхээр хайр дурлал хоёрыг салгаж ойлгох нь зүйтэй. Насны онцлогоос хамаарч анхных шиг нь гал халуун хүсэл тэмүүлэл буурч болох юм. Гэвч зүрх сэтгэлд хайрын торгон мэдрэмжүүд байнга оршин байдаг. Жинхэнэ хайраа олоогүй учраас жижиг  зөрчил маргааныг гол асуудлаа болгоод салж сарнидаг тохиолдлууд зөндөө байдаг.

YOLO: Хосууд харилцаагаа бат бөх, халуун дулаан байлгахад анхаарах ёстой нийтлэг зүйл юу байна?
- Харилцаагаа нандин байлгах эхний чухал зүйл бол чи өөрөө юм. Хамгийн наад зах нь би эмэгтэй хүнтэй, эрэгтэй хүнтэй харьцахдаа ямар байдаг, хүнтэй найзалж нөхөрлөхдөө хэр билээ,  цаашлаад хэн нэгний найз охин, найз хөвгүүн болоход ямар байх вэ гэдгээ түрүүлж бодох хэрэгтэй. Гэтэл үүрэг хариуцлагаа ухамсарлаж өөрөө өөрийгөө таниагүй байж миний найз охин, хөвгүүн ийм л байх ёстой гээд. Нөгөө хүнээсээ асар их хүлээлтийг бий болгочихсон байдаг. Тэгээд амьдралын явцад хүссэн шиг нь таатай байдал үүсэхгүй үед  зөрчилтэй харилцаа бий болдог. Тэгэхээр юун түрүү өөр дээрээ анализ хийх хэрэгтэй.

YOLO: Уучлал, итгэлцэл нь хосуудын харилцаанд маш чухал зүйлийн нэг гэж ойлгодог?
- Бие биенээ таньж мэдэх харилцааны явцад олон бэрхшээлүүд гарч ирдэг. Харин харилцаагаа удаан үргэлжлүүлэхэд таны зан үйл, ухамсарт үйлдэл, оюун бодол чухал. Аль болох нэгнийхээ сайн сайхан талыг нь олж хардаг, алдаа дутагдлыг нь хэлсэн ч эерэг зөөлөн байдлаар ойлгуулдаг байх хэрэгтэй. Хэрэв бие биенийхээ гаргасан алдаа бүрийг асуудал болгоод байх юм бол энэ харилцаа хэзээ ч амжилттай үргэлжлэхгүй.

YOLO: Хайртай бол хартай гэдэг. Хардалт нь хайрын илэрхийлэл мөн үү?
- Хардалт нь хэвийн болон сэтгэцийн, зан аашийн гээд гурван төрөл байдаг. Хэвийнээс хэтрээд сэтгэцийн хэмжээнд ирэхээрээ хайр гэх зүйл нь хүчирхийлэл, түрэмгийлэл болоод хувирчихдаг. Нэгэнт л чи тэр хүнд итгээд сонгосон л бол тэр хайраа үнэлэх хэрэгтэй. Бие биендээ итгэдэг, хүндэлдэг байж хайр гэдэг зүйл чинь оршин тогтоно. Хардалт бол өөртөө итгэлгүй байгаа л хүний  гаргадаг зан үйл. Хардалт нь тодорхой хэмжээний харамлах, анхаарал хандуулах байдлаар байж болно. Түүнээс би харгүй хүн гээд огт хайхрахгүй байх нь эерэг харилцаа ч биш, хайртай дуртайн илэрхийлэл ч биш.

Хайрын илэрхийллийн буруу хэлбэрүүд байдаг. Дарангуйлсан хайр, барьцаалсан хайр, уярлын хайр гээд. Дарангуйлсан хайр бол би чамайг хайрлаж байхад чи ийм байх ёстой гэх мэтээр хайрынхаа хариуд тэр хүнээс ямар нэг зүйл шаарддаг. Гэтэл хайр бол хэзээ ч хариу нэхдэггүй өглөг. Хайртай гэж үгээр л хэлж байгаа болохоос жинхэнэ хайр мөн үү биш үү гэдэг асуудалтай.

Харилцаагаа нандин байлгах эхний чухал зүйл бол чи өөрөө юм.

А.Баярхүү

YOLO: Хайр бол хүний амьдралд маш чухал зүйл. Хэрэв амьдралд хайр гэж байхгүй байсан бол гээд бодоод үзье л дээ?
- Бидний анхдагч хэрэгцээ бол хоол унд .Үүний дараагийн хэрэгцээ бол хайрлуулах буюу харилцааны хэрэгцээ юм. Бид хэн нэгнийг хайрлаж байж, хэн нэгнээр хайрлуулж байж нийгэмд зөв бие хүн болж төлөвших нөхцөл бий болдог. "Өнчин хүн өөнтөгч" гэдэг шиг хайрын хэрэгцээ нь хангагдаагүй хүн өрөөл бусдыг хайрлаж чадахгүй, бусдад эерэг таатай харилцааг бий болгож чадахгүй, цаашлаад нийгэмд хор хөнөөл учруулсан, хүчирхийлэгч дарангуйлагч, ямар нэгэн сөрөг зан үйлтэй болдог.

Хайр нь өөр бусад үйлдлүүдийн гол цөм нь гэж ойлгож болно. Хэрвээ хэн нэгнээр хайрлуулахгүй, хэнийг ч хайрлахгүй бол хайрын өлсгөлөнд ордог. Бид хоолгүйгээр амьдарч чадахгүй шиг хэн нэгнийг хайрлахгүй, хайрлуулахгүйгээр амьдарч чадахгүй. Тэгэхээр хайр бол хүний амьдралд хамгийн чухал зүйл.  

YOLO: Хайрлах нь хүний суралцах ёстой зүйлийн нэг мөн үү. Эсвэл зүгээр сэтгэлийн дуудлагаар болдог юм болов уу?
- Мэдээж энэ бол суралцах ёстой эрдэм. Хайраас суралцах зүйл их бий. Хоёр хүн нэгэндээ таатай мэдрэмжүүдийг өгч, аз жаргалтай байхад тухайн хүмүүсийн зан үйлийн эерэг дадал, эерэг үйлдэл чухал. Мөн тухайн хүнээс тэсвэр хатуужил, зоригийн чанарууд ч шаардагдана. Хайртай хүнээ гомдоохгүйн тулд зарим үг үйлдлийг гаргахгүй байхаас, өөрийгөө хянахаас, алдааг өөрөөсөө хайдаг болохоос өрөөл бусад олон зүйлээс суралцаж эхэлдэг.  

YOLO: Хосууд хоорондын асуудлаа шийдвэрлэхдээ ойр дотны хүмүүсээсээ зөвлөгөө авдаг. Энэ нь ямар үр дүнд хүргэдэг вэ?
- Хэн нэгний амьдралыг хэн нэгэн шийднэ гэдэг бол тийм сайн зүйл биш. Хүмүүсийн зөвлөгөө чухал ч тэр зөвлөгөө бүрийг нь дагах уу үгүй юу гэдгийг бодож хосууд өөрсдөө ярилцаж шийдвэрээ гаргах нь хамгийн зөв сонголт. Хэн нэгэн чиний өмнөөс сонголт хийснийхээ төлөө өмнөөс чинь зовохгүй бас жаргахгүй. Энэ бол чиний л амьдрах амьдрал гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Зөв зөвлөгөөг дагаж зөв шийдвэр гаргасан олон жишээнүүд байна. Өнөөдөр гэр бүл салалтын болон хайраасаа холдож хөндийрөх олон шалтгааны нэг нь хөндлөнгийн бусад хүмүүсийн нөлөөлөл, буруу зөвлөгөөнүүд байдаг.

Буруу зөвлөгөөг дагаж амьдралаа алдсан ч олон жишээ байна. Тэгэхээр хүн бүрийн аливаад хандах хандлага, үзэл бодол, амьдралын нөхцөл байдал өөр өөр байдаг учраас түүнд нөлөөлөх гэж оролдох нь эерэг сайн зүйл биш юм аа гэдгийг зарим эцэг эхчүүдэд хэлмээр санагддаг.

YOLO: Хайрын үнэ цэнийг бэлэг сэлт эсвэл өөр ямар нэг зүйлээр хэмжиж ойлгох хүмүүс байдаг. Хайрын үнэ цэнэ юунд оршдог юм бол оо?
- Жинхэнэ хайр, хэн нэгнийг насан туршдаа хайрламаар тэр мэдрэмж хүний амьдралд олон удаа тохиолддоггүй. Харин шохоорхол хүний амьдралд өдөр болгон л тохиолдож болно. Хайрын үнэ цэнэ бол нэгэнт чи тэр хайрын төлөө хариуцлага үүрэхээр болсон бол тэрэндээ эзэн байх, хэн нэгнийг хайрласан бол хайрласан шиг хайрлах, хэрвээ хайрлуулсан бол өөрийгөө үнэ цэнэтэй байлгах хэрэгтэй.

Хайрын үнэ цэнийг гоё сайхан олон янзын зүйлээс эрж хайгаад байдаг. Гэтэл хайр гэдэг зүгээр нэг бэлэг авч өгөхөөс эхэлдэггүй харин сэтгэл амар, нүүр дүүрэн инээмсэглэлтэй байлгахыг хэлнэ. Хэрвээ та хайртай хүнийхээ хажууд үзэл бодлоо илэрхийлэх айдасгүй, ямар нэг зүйлээр хараат бус, юунд ч санаа зовохгүй байвал би хайрлагдаж байгаа юм байна шүү гэж бодох хэрэгтэй.

YOLO: Амьдрал хайр дээр тогтдог гэдэгтээ та санал нийлэх үү?
- Хайр дээр цаашлаад хариуцлага дээр тогтоно. Хайрыг би өөрөө бий болгож чадна гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Инээмсэглэлийн хариуд инээмсэглэл ирдэг шиг сайхан хайрын хариуд чамд сайхан хайр л ирнэ. Чамайг хайрлаад ирсэн тэр хүнд муухай үгийг хэлбэл, муу үйлдлийг үзүүлбэл энэ хайр удаан оршин тогтнох уу  гэдэг эргэлзээтэй. Бидний амьдралд тохиолддог олон учралууд байна.Учрал болгон өөрөө үнэ цэнэтэй үр дүнтэй байх албагүй.

Хажуудаа байгаа хайраа битгий гундаагаарай. Үргэлж арчилж, тордож, өнгөлж байгаарай.

А.Баярхүү

YOLO: Өнөөдөр гэгээн хайрын өдөр тохиож байна. Та ярилцлагын төгсгөлд хосууддаа хандаж юу гэж хэлмээр байна?
- "Сайхан хайр байдаг юм шүү, Олдвол битгий алдаарай" гэдэг үг байдаг. Энэ үг надад их сайхан санагддаг. Хэрвээ та жинхэнэ хайраа олсон бол хажуудаа байгаа хайраа хэзээ ч битгий гундаагаарай. Цаг ямагт өнгөлж, тордож, арчилж байгаарай. Сайхан хайр, жинхэнэ хайр хүнд ганц л удаа заяагддаг гэж би боддог. Тиймээс нэгэнт олдсон хайраа битгий гундаагаарай. Тэр нандин харилцаагаа насан туршдаа хадгалахыг хичээгээрэй. Хайрлах, зүрх хайрлуулах хүнтэй байгаа танд аз жаргал хүсье.

#Valentine #Love #Interview