Ажлын  ЯРИЛЦЛАГАД орохдоо анхаарах 10 ЗҮЙЛ


Б.Уянга | YOLO.MN
2018-02-13

Аливаа байгууллагад ажилтнаар орно гэдэг тийм ч амар зүйл биш. Өмнө нь ажлын ярилцлагад орж байгаагүй залуусын хувьд сандрах, өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байх гэх мэт олон асуудал гардаг. Тэгвэл ажлын ярилцлагад ороход заавал анхаарах ёстой  10 зөвлөгөөг хүргэе.

1. ЯРИЛЦЛАГА ӨГӨХ ГЭЖ БУЙ БАЙГУУЛЛАГЫНХАА ТУХАЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙХ

"Та энэ компанийн талаар та юу мэдэх вэ?" гэсэн асуултад хариулж чадахгүй байвал таны ажилд орох магадлал багасна гэсэн үг. Иймд ярилцлага өгөх гэж буй байгууллагынхаа зорилго, түүх бас хамгийн сүүлийн үеийн мэдээ, ямар хүмүүс чухал үүрэг гүйцэтгэдэг гэх мэт наад захын мэдээлэлтэй болох хэрэгтэй.

 

 

 


2.    АНХНЫ СЭТГЭГДЭЛ ЧУХАЛ

Ажил олгогчид тантай уулзаад хамгийн түрүүнд таныг өмссөн хувцсаар чинь дүгнэнэ. Тиймээс аль болох албаны болоод өөрийн биед таарсан, цэгцтэй хувцаслах хэрэгтэй. Мөн инээмсэглэж, нүдний харилцаа болон биеийн үйлдэлдээ анхаар.

 

 

 

 


3. ӨМНӨ НЬ ХИЙЖ БАЙСАН АЖЛАА МУУЛАХ ХЭРЭГГҮЙ

Хэзээ ч битгий өмнөх ажлын байр болон дарга нараа муугаар ярь. Энэ бол карьер бүтээгчдийн гаргадаг том алдаа. Магадгүй танд өмнөх ажлын байрны болон удирдлагын талаар үнэхээр шүүмжлэл байдаг бол тэрийгээ өөртөө үлдээ. Хэрэв өмнөх ажлын байдлын талаар ярих хэрэг гарвал зөвхөн амжилт дагуулсан зүйлс ба шийдвэрлэсэн асуудлыг л дурьдах нь зөв юм. Энэ төрлийн асуултыг танаас зайлшгүй асуух бөгөөд энд илүү боломжийн нөхцөл эсвэл шинийг эрэлхийлж байгаагаа зөв илэрхийлээрэй.


4. УХААЛАГ УТСАА ТҮР МАРТ

Сүүлийн үед ажилд орох гэсэн хүмүүс ярилцлагын үеээр гар утсаа авч хариу өгснөөс гологдсон байх нь олон. Иймээс гар утсаа түр унтраах эсвэл flight mode тохиргоон дээр нь тавих  нь боловсон байхын нэг илэрхийлэл юм.

 

 

 


5. ХЭТ ИХ ЯРИХ ХЭРЭГГҮЙ

Ярилцлага өгөхөд тасралтгүй үргэлжлүүлэн нурших хэрэггүй. Хариулт чинь товч оновчтой байх ёстой. Ээрч түгдрэлгүй, тойруулахгүй, ээдрээтэй утгатай үггүй  ердөө асуултад л хариул. Өөрөөр хэлбэл асуултаас хэт гажиж хаа хамаагүй зүйл нурших нь чамайг үнэлэх үнэлэмжийг бууруулна.

 

 

 


6. ХАНГАЛТГҮЙ ЯРИХ

Асуултад ганц хоёр үгээр хариулсан хүнтэй ярилцахад үнэхээр хэцүү. Хэдийгээр та дуу цөөнтэй, эсвэл хангалттай хариулт өгч чадахгүй байлаа ч асуултанд аль болох чадахаараа л бүрэн хариул.

 

 

 

 


7. ӨӨРИЙН CV БОЛООД ИРЭХ МАГАДЛАЛТАЙ АСУУЛТАД УРЬДЧИЛАН БЭЛДЭХ

Ихэнх хүмүүс ярилцлагад орохдоо сандардаг ч чухал зүйлсээ тэмдэглэж амралт болоод, сэтгэл зүйн бэлтгэл сайтай байж чадвал ямарч асуултанд түгдрэлгүй хариулж чадна. Мөн буруу хариулт өгөхөөс сэргийлж асуултаа анхааралтай сонсож, хариулахаасаа өмнө бодлоо төвлөрүүлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх үүднээс нийтлэг гардаг асуултуудыг судалж хариулт бэлтгэж, дасгал хий. Хариултуудаа цээжлэх хэрэггүй өөртөө итгэлтэй түлхүүр үгнүүдийг ашиглах нь өөрт тань илүү хялбар болж ирдэг.

 


8. ХЭТ ИХ САНДАРВАЛ...

Сандраад хэцүү байвал өрөөнд орохоос өмнө хүлээлгийн танхимд  тухайн цагийг  хэсэг гүнзгий амьсгал ав. Бас жаахан шингэн зүйл уугаад хэдэн минут салхинд зогсвол тайтгарна. Гэхдээ битгий тамхи татаарай. Хүн өөрөө мэддэггүй болохоос тамхины үнэр хэсэгтээ л арилдаггүй юм. Таагүй үнэрээрээ ярилцлага авагчдад таагүй сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхий.

 

 


9. ШУДАРГА БАЙ

Хэрвээ мэдэхгүй зүйлийн чинь тухай асуувал худлаа хэлэх хэрэггүй. Жишээ нь та ямар нэгэн мэргэжлийн программ хангамжийн туршлагатай бол өндөр түвшинд хүрээгүй байгаа бол “Би маш сайн мэднэ” гэж хэлэх ёсгүй. Ярилцагч магадгүй илүү олон зүйлийг асуух болно. Үүний оронд шударга байж “Би үүнийг илүү сайн мэдэхийн тулд сайн ажиллах болно” гэвэл илүү ойлгомжтой, зөв зүйл болох юм.

 

 


10. ТӨГСГӨЛ ХИЙ

Өөрийн үг өгүүлбэрээ заавал дуусгаж байх нь хэлний болон зөв ёстой харилцааны илэрхийлэл юм. Мөн ярилцлагаа дуусгаад талархлаа илэрхийлэхээ мартаж болохгүй, тэгэхдээ бас уг ажлын байранд ажиллах сонирхолтой байгаагаа дахин дурдах хэрэгтэй.

Нэг үгээр бол ярилцлаганд орохдоо огт сандрах хэрэггүй энэ бүхэн таны амьдралд хэрхэн хором л үргэлжилнэ. Алдаа гаргах вий гэж битгий эмээ. Сандрах айдсаа дарахын тулд сур сур бас дахин сур гэдэг шиг бэлд бэлд бас дахин бэлдээрэй.

 

#Advice #Job #Interview