"ПЁНЧАН-2018" өвлийн олимпийн нээлт ӨНӨӨДӨР болно


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-02-09

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо "Цагаан олимп" буюу өвлийн XXIII олимпийн нээлтийн ажиллагаа өнөөдөр орой буюу 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр орон нутгийн цагаар 20:00 цагт, Улаанбаатар хотын цагаар 19:00 цагт эхлэх юм.

Нээлтийн үеэр өвлийн XXIII олимпийн наадамд оролцож буй орнуудын тамирчид жагсаж, олимпийн нээлтийн стадионд орж ирнэ. Анхны олимпийг зохион байгуулсан орон болох Грек улсын тамирчдаар жагсаал эхэлж, олимпийг зохион байгуулагч Өмнөд Солонгос улс хамгийн сүүлд гарч ирнэ.

Энэ удаагийн олимпийн нээлтийн жагсаалд Монгол улс 91 улсаас 25-д буюу Мальта улсын тамирчдын дараа, АНУ-ын тамирчдын өмнө жагсах юм байна. Монгол улсаас энэ олимпийн наадамд цанын спортын тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг болон бусад арын албаныхан оролцож байгаа. Мөн Монгол улсын төрийн далбааг Б.Ачбадрах барин стадионд орж ирэх юм.

#Pyeongchang #Winter #Olympics