5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

KЛУБ: YNF-Хамтдаа хийе гэсэн ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛТЭЙ залуусын нэгдэл


М.Батчимэг | YOLO.MN
2018-02-08

-KЛУБ-

Хүүхэд залуусын шинэлэг санаа санаачлагууд дээр тулгуурлан өөрсдийгөө олж нээх хамтдаа хөгжиж нийгэмдээ хувь нэмэр оруулах хүсэл зорилготой залуусын нэгдэл бол YNF юм. 

Байгуулагдаад удаагүй ч хүүхэд залуус дунд аль хэдийнээ танигдаж нийгэмдээ эерэг өөрчлөлтүүдийг бий болгох гэж зорьсоор үеийнхэн дундаа нэгэн шинэлэг салхи болон гарч ирсэн YNF буюу таны шинэ найз ТББ-ыг та бүхэнд танилцуулж байна.

Хэзээ үүсгэн байгуулагдсан: 2017 оны 4-р сар
Хэдэн гишүүнтэй: 30 гаруй
Үйл ажиллагааны чиглэл:  Хүүхэд залуусын шинэлэг санаан дээр тулгуурлаад үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/NewFriendsNewMe/


Ц. Цэвээнравдан YNF ТББ зохицуулагч:

YOLO: Танай байгууллагын гол зорилго юу вэ?
- Манай байгууллагын гол зорилго бол хүүхэд залуусын шинэлэг санаа санаачлагууд дээр тулгуурлан тэд өөрсдийгөө олж нээх хамтдаа хөгжиж нийгэмдээ хувь нэмэр оруулах хүсэл зорилготой залуусын нэгдэл юм. Одоогоор  өдөрлөг зохион байгуулах ажлаараа дагнан үйл ажиллагаагаа явуулж байна. Манай зохион байгуулдаг өдөрлөгүүд амжилтад хүрсэн бүтээгч, туурвигч, туршлагатай хүмүүсийг хүүхэд залуустай санаа бодлоо солилцох гүүр нь болж өгөхийг зорьдог.

YOLO: Анх үүсгэн байгуулагдаж байсан түүхээсээ хуваалцаач?
- Манайх 10 гишүүний бүрэлдэхүүнтэй "Таны Шинэ Найз" хэмээх нэртэйгээр анх клуб маань үүсгэн байгуулагдаж байсан. Клуб байхдаа бид Rooftop буюу Дээвэр дээрх өдөрлөг бүхий эвэнт зохион байгуулсан. Манай клуб  2017 оны 8-р сард төрийн бус байгууллага болон өргөжсөн. Тухайн сардаа дахин Rooftop Vol.2 Urban Storm арга хэмжээг зохион байгуулсан.

YOLO: Зохион байгуулж байсан өдөрлөгүүдийнхээ талаар дэлгэрэнгүй яриач?

1. Rooftop  vol.1

Эвэнтийн маань зорилго нь "Шинэ санаа Шинэ найз" хэмээх нэртэйгээр бусдад танилын хүрээгээ тэлэх болон таатай өвөрмөц орчинд өөрт хэрэгцээтэй мэдлэгийг авахад оршсон. Анхны үйл ажиллагаа байсан учир маш их догдлолтой сандралтай байсан. Зохион байгуулалт болон төлөвлөлтийн хувьд буруу тооцоолсны улмаас хүндрэлтэй зүйлс учирч бага зэрэг бүтэлгүйтсэн ч оролцогчид болон илтгэгч нарын зүгээс сэтгэл ханамж өндөртэйгээр арга хэмжээ маань амжилттай өндөрлөсөн.


2. Urban storm vol.2

Өмнөх арга хэмжээнээс туршлагажин илүү чадваржсан. Энэ удаагийн үйл ажиллагаа нь илтгэгч нараа оролцогчдынхоо санал хүсэлтээр сонгон тэднийг уулзуулан санал хүсэлтээ солилцоход гол зорилт нь байсан.

 

 

 


3. Workshop for event organizer

Энэхүү workshop-ийн зорилго нь эвэнтийн талаар мэдээлэл, өөрийн бодол, сонирхлоо бусадтайгаа хуваалцах мөн түүнийгээ хөгжүүлэх арга барилын талаар ярилцах, мэдлэгийн хүрээг тэлэх, шинэ санаа гаргах тал дээр анхаарах эвэнт үйл ажиллагаа юм.

 

 

 


YOLO: Цаашдаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажлууд юу байна вэ?

- Энэ жилийн хувьд бол дээвэр дээрх үйл ажиллагаагаа гурван өөр онцлог шинжтэй ТББайгууллагатай хамтарч гурван удаа зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байна.

Мөн өсвөр үеийнхэнд тулгамдаад байгаа асуудал руу хандсан төсөл болон хөтөлбөрүүдийг санаачилж хийхээр төлөвлөсөн. Цаашдаа оролцоон дээр тулгуурласан, нэг нэгнээсээ суралцаад хөгжөөд явах боломжтой өдөрлөгүүдийг илүүтэй зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ нь сүүлийн үед өсвөр насныхны илүү их сонирхож байгаа видео влог, бичвэр блог, подкаст гэх мэт сонирхол дээр үндэслээд нэг нэгэндээ заагаад, хамтдаа суралцаад явах боломжтой эвентээс арай жижиг арга хэмжээ юм.

Бас бид фэйсбүүк хуудас дээрээ сардаа нэг удаа тухайн сард юу хийх талаарх "Share Time" хэмээх шууд бичлэгийг хийж байна. Түүн дээрээс энэ сард  ямар үйл ажиллагаа болох талаарх мэдээллийг авах боломжтой.

YOLO: Ихэвчлэн хэдээс хэдэн насны хүүхэд залуус байдаг вэ?
- Хамгийн бага нь 15 настай 15-21 хүртэлх насны хүүхэд залуус байдаг.

YOLO: Элсэх сонирхолтой байгаа хүүхдүүд туршлагатай байх хэрэгтэй юу эсвэл нээлттэй юу?
- Олон жилийн туршлага хэрэггүй. Манайд шинэ санаачлага гаргаж хамтдаа юм хийе гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүдийг л авдаг. Манайх улиралд нэг удаа гишүүнчлэл авдаг. Гишүүнчлэлээ авахдаа цаг үе нөхцөл байдлаасаа хамаараад янз янзын шалгуураар авдаг. Хэдий туршлагатай байлаа ч хийж бүтээе гэсэн санаачлага гарахгүй бол хэцүү.

YOLO: Байгууллагад элсэх сонирхолтой бол хэрхэн холбогдох вэ?
- Хүүхдүүд фэйсбүүк хуудсаар яаж элсэх талаар маш их асуудаг. Тэр хүүхдүүдэд зөвлөхөд манай үйл ажиллагаанд ирж оролцох болон манай гишүүдээр дамжуулан орох боломжтой.


А. Цэрэнлхам YNF ТББ-ын менежер:

Миний хувьд шинэ  зүйл хийх хүсэл нь байгаад байдаг тэгтээ яг юунаас эхлэхээ  мэдэхгүй байсан. Тэр үед найзуудтайгаа ярилцаад одоо үеийн хүүхдүүдэд яг юу дутагдаж байгааг олж харж түүн дээрээ үндэслэн нэгэн ТББ байгуулсан нь одоогийн YNF юм.

Байр сууриа олоогүй, өөрийгөө нээж чадаагүй байгаа хүүхдүүдэд тус нэмэр болох хэрэгтэй гэсэн зорилготойгоор анх байгууллагаа үүсгэн байгуулж байсан.

Энэхүү үндсэн зорилгынхоо хүрээнд энэ чиглэлээ хаяхгүйгээр авч явахыг хичээдэг. Анх багаа бүрдүүлэхдээ өөрсөдтэйгөө ижилхэн зорилготой хүүхдүүдийг эрж хайсан. Дизайнер, зурагчин гээд төрөл бүрийн чадваруудтай нийгмийн идэвхтэй хүүхдүүдийг цуглуулж анхны үйл ажиллагаагаа зохион байгуулсан.

Сул тал гэвэл бидэнд нарийн төлөвлөлт зохион байгуулалт хэрэгтэй байдаг. Хэрвээ зохион байгуулалтгүй бол төлөвлөгөөний дагуух бүх зүйл алдагдана, эмх замбараагүй байдал үүсэж тарах эрсдэлтэй.

Миний хувьд өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чаддаггүй, илэн далангүй хүүхэд биш байсан. Байгууллагадаа ажиллаж эхэлснээс хойш хариуцлагатай байх хэрэгтэй бусдын өмнө өөрийгөө зөвөөр илэрхийлж сурах ёстой гэдгээ ойлгож энэ байдал маань өөрчлөгдөж маш олон давуу тал бий болсон.

Танилын хүрээгээ тэлсэн, олон найзуудтай болж түүгээрээ дамжуулаад маш олон шинэ зүйлс сурч авсан. Одоо элсэх сонирхолтой байгаа хүүхдүүдэд хэлэхэд хүсэл эрмэлзэл зорилго байгаа цагт болохгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй. Нийгэмдээ эерэг зүйл хийе гэсэн хүсэл байвал бидэнтэй нэгдээрэй.


О. Эрдэнэшүр: YNF ТББ-ын менежер:

Бид хоорондоо үнэхээр гайхалтай уур амьсгалтай байдаг. Бид бие биенээсээ суралцдаг. Зөвхөн дуулдаг хүүхдүүд нийлээд юм хийнэ гэвэл ганцхан өнцгөөс л юманд хандана.

Тиймээс юмыг аль болох олон өнцгөөс харж сургахын төлөө  амьд хөгжим сонирхдог, зураг зурдаг, компьютер тоглоом сонирхдог, зураг авдаг,  зураг янзалдаг, бичлэг эвлүүлдэг гээд янз янзын сонирхолтой хүүхдүүд манай байгууллагад байдаг. Тийм ч болохоор бүгдээрээ хийж байгаа үйл ажиллагаанд олон талаас тус дэм болдог.

Бид цагаа олж гарч ирсэн гэж боддог. Яагаад гэвэл бид өсвөр үеийнхнийгээ манлайлаад гарч ирж байгаа анхных нь биш.
Яг бидэн шиг өсвөр үеийнхний үүсгэн байгуулсан байгууллагууд зөндөө гарч ирсэн. Тиймээс өсвөр насныхан нийгэмдээ эерэг зүйлийг  хийж чадна гэсэн ойлголттой болсон тэр цаг үед гарч ирсэн болохоор та нар жоохон байна, болохгүй байна гэдэг талаас нь хандаагүй.

Тэр талаараа бидэнд илүү давуу тал болсон. Сул талын хувьд бидэнд туршлага байгаагүй учраас эхний үйл ажиллагаан дээр алдсан буруу тооцоолсон зүйлс маш их байсан. Зохион байгуулалтгүй урсгалаараа явж байсан үеүүд ч байсан.

Гэхдээ энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг ах эгч нараасаа суралцсаар, дараа дараагийн үйл ажиллагаагаа зохион байгуулсаар туршлагажиж өөрчлөгдсөн. Хүнд үргэлж боломж байдаг. Манай байгууллагад элсэхэд хүн бүрт нээлттэй. Бидэнд өөрийгөө хөгжүүлье, нийгэмдээ эерэг зүйлийг хийе гэсэн хүсэл тэмүүлэлтэй, идэвхтэй хүүхдүүд л хэрэгтэй.


#Club #Youths #YNF