"ТА НАР ЯМАР ЭВТЭЙ ӨРСӨЛДДӨГ ЮМ БЭ?" гэж хүмүүс хэлдэг байсан


О.Хандмаа | YOLO.MN
2018-01-30

"Оддын академи" реалити шоу нэвтрүүлгийг Боловсрол суваг телевиз амжилттай зохион байгуулсан билээ. Шоунаас гурван гишүүнтэй хамтлаг төрөн гарах байсан ч шүүгчдийн саналаар таван гишүүнтэй хамтлагийг бий болгосон юм. Ингээд Оддын академи нэвтрүүлгийн шилдэг оролцогч Э.Буяндуламтай уулзаж шоуны талаар болон ирээдүйн зорилго мөрөөдлийнх нь тухай сонирхолтой яриа өрнүүлснийг хүргэе.

YOLO: Сайн уу? Юуны түрүүнд "Оддын академи"-аа амжилттай "төгсөж" хамтлагийн гишүүн болж чадсанд баяр хүргэе.
- Баярлалаа. Мөрөөдлийнхөө төлөө нэг ч гэсэн алхмаа хийж чадсандаа маш их баяртай байгаа шүү.

YOLO: Чамайг "Оддын академи"-ийн оролцогч гэдгээр чинь уншигчид андахгүй ч дэлгэрэнгүй бол мэдэхгүй байх. Өөрийгөө танилцуулбал?
- Намайг Э.Буяндулам гэдэг. Би Олон Улсын Улаанбаатар их сургуульд Солонгос судлалын чиглэлээр суралцдаг, 3-р курсын оюутан. Анх 1-р курст байхдаа бүх хичээлүүдээ шахаж үзээд хаалгаад яваад байсан. Тэгээд энэ хавартаа багтаж төгсөхөөр болсон.

YOLO: Яагаад Солонгос судлалын мэргэжлийг сонгон суралцах болсон бэ?
- Урлагтай яаж хослуулж явах вэ гэж бодож мэргэжлээ анх сонгож байсан. Ингээд бакалавраа төгсөөд ирээдүйд урлагийн чиглэлээр эсвэл бизнесийн чиглэлээр магистр хамгаална гэж боддог.

YOLO: "Оддын академи" нэвтрүүлэгт яагаад оролцох болсон бэ?
- Оролцоод үзээч гэж хүмүүс санал болгож байсан л даа. Гэхдээ тэр үед би чадах болов уу гэж айдас төрж байсан. Би дуунд дуртай болохоос дуулдаггүй байсан. Тэгээд ер нь дараа нь харамсаж байхаар оролдоод үзье гээд нэг дуу зориулж бэлдээд эхний шалгаруулалтад ороод тэнцсэн. Ингээд болмоор санагдаад дараа дараачийнх гээд гурван шалгаруулалтад оролцож шилдэг арван хоёр охины нэг болж чадсан.

YOLO: Ирээдүйн зорилгоо хэрхэн төлөвлөж байна вэ?
- Миний зорилго бол олон улсын хэмжээний уран бүтээлч болох. Үүнийхээ төлөө л зүтгэнэ дээ. Оддын академи нэвтрүүлэгт оролцсоноор би хамтлаг гэдэг ямар гоё юм бэ гэдгийг мэдэрсэн. Дэм дэмэндээ нэг нэгнийхээ дутууг нөхөж дундуурыг дүүргэдэг нь үнэхээр сайхан санагдсан. Удахгүй шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзана.


Бүжиг бол миний амьдралын салшгүй нэг хэсэг.

Э. Буяндулам


YOLO: Бусад оролцогчдоос бүжиглэх ур чадвараараа үнэхээр ялгарч чадсан шүү.
- Бүжиг гэдэг бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Би бүжгээр л анх урлагийн гараагаа эхэлж түүнд дурлаж улам хичээх болсон.

YOLO: Ямар нэгэн бүжгийн сургалтанд хамрагдаж байв уу?
- Тавдугаар ангид байхдаа анх ээж ааваасаа гуйж байгаад бүжгийн сургалтад явж байсан. Гурван жил тэр сургалтад  монгол бүжиг, цэнгээнт бүжиг гээд бүжгийн олон төрлөөр суралцсан. Ингээд нэг жил сургалтад суухгүй, бүжиглэхгүй өнжиж үзсэн. Гэхдээ яалтчгүй чадахгүй байсан. Энд тэнд зохион байгуулагдаж байгаа флашмоб руу очоод л богино хугацааны бүжгийн сургалтад оролцоод л үнэхээр бүжгээс хол байж чадахгүйгээ тэгэхэд л ойлгосон. Одоо бол "AIM4R" продакшны бүжигчин, бүжиг дэглээч гэж явдаг. Анх "AIM4R" продакшн гэхээр нэг л аймаар газар шиг санагдаад очдоггүй байсан. Тэгээд нэг флашмобд оролцохоор очиход охидын бүжгийн шалгаруулалт болж таараад түүнд оролцож тэнцээд тэрнээс хойш "AIM4R" продакшнд харьяалагдаад дөрвөн жил болж байна.

YOLO: Финалын тоглолтод дээр "AIM4R" продакшны хамт олон нь ард нь бүжиглэсэн үү?
- Тийм ээ. “AIM4R” продакшн маань дотроо хэд хэдэн студитэй. Баачка ахын удирддаг "Assassins" бүжгийн студийнхэн маань финалийн тоглолтон дээр миний ард бүжиглэсэн.

YOLO: Урдаа зорилго тавиад мөрөөдлийнхөө төлөө хичээж байхад чинь ард чинь бат зогсоод хамгийн их дэмжиж байсан хүн хэн бэ?
- Нэгдүгээрт гэвэл би найз залуугаа гэж хэлнэ. Яагаад гэвэл тэр маань хамгийн сайн дэмжигч, шүүмжлэгч бас дасгалжуулагч. Миний анзаараагүй, бусад хүмүүсийн анзаараагүй тэр алдааг олж харж надад хэлж засах боломжийг олгодог. Шоу дуусаад сүүлд сонсох нь ээ манай хүн хувцасны баг дээр очоод  "Буякаад ийм хувцас өмсүүлмээргүй байна аа. Зохихгүй байх. Арай өөрийг сонгож болох уу" зэргээр миний ард бүх зүйл дээр минь санаа тавьж байсан юм билээ. Тэгээд мэдээж гэр бүлийнхэн, бүжгийн хамт олон гээд надад итгэл хүлээлгэж дэмжиж байсан хүмүүс олон бий.




Найз залуу минь миний хамгийн сайн зөвлөгч, дасгалжуулагч бас шүүмжлэгч.

Э. Буяндулам




YOLO: Найз залуутайгаа анх яаж танилцаж байсан бэ?
- Анх "AIM4R" продакшнд ороод бүжгийн нэгэн тэмцээний үеэр танилцаж байсан. Хоорондоо ер нь л таардаггүй байнга л хэрэлдэж зодолдоод нэг нэгнээрээ тоглоод явдаг байсан. Сүүлдээ маш сайн найзууд болоод нэгэндээ дасаад үерхсэн дээ. Яг танилцаад дөрвөн жил болж байна. Харин үерхээд гурван жил болж байна даа. Найз залууг минь Отгонтөгс гэдэг. ОУУБИС-ыг төгссөн. Миний хамгийн сайн зөвлөгч, дасгалжуулагч бас шүүмжлэгч маань юм даа.

YOLO: Шантармаар хэцүү цаг үеийг хэрхэн давж гардаг вэ?
- Зорилгоо санаарай Буякаа гээд л өөртэйгөө ярилцдаг. Бас болохгүй бүтэхгүй байгаагаа бичиж өөрийгөө тайвшруулдаг. Мөн найз залуутайгаа ярилцаж зөвшилцөж асуудлыг шийддэг.

YOLO: Хамтлагийн гишүүн болсон охидын сэтгэгдэл нэлээд өндөр байгаа байх даа. Ер нь хамтлагийн уур амьсгал ямаршуу байгаа вэ?
-Бүгдээрээ маш их баяртай сэтгэл хангалуун байгаа. Манай хамтлагийнхан 16 настай охид. Би ганцаараа 18-тай. Буякаа эгчээ гээд л манайхан их хөөрхөн штээ. Бидний уур амьсгал бол маш халуун дулаан. Бүхэл бүтэн хоёр сар хамт амьдарч сайн муугаа мэдэлцсэн болохоор одоо харилцахад ямарч асуудал байдаггүй. Бүгд маш дайчин мундаг охид шүү. Одоо шинэ уран бүтээлийнхээ ажилд орчихсон бүгдээрээ завгүй шахам хөдөлмөрлөж байгаа.

YOLO: Шоунд оролцож байхдаа хэнийг хамгийн том өрсөлдөгч гэж харж байв?
- Бидний хувьд өрсөлдөгч гэсэн харилцаа бүр огт байгаагүй. Өвдөхөөр нь асраад л бие биендээ чин сэтгэлээсээ найзууд шиг харилцдаг байсан. Та нар ямар эвтэй өрсөлддөг юм бэ гэж хүмүүс гэдэг байсан. Гэхдээ яг үнэндээ хамтлагт энэ л үлдэнэ дээ гэж хүн болгон дотроо бодож байсан л байх. Миний хувьд Ангелинааг хамтлагийн гишүүн болно байхаа гэж боддог байсан.




YOLO: "Оддын академи" шоу хэр өгөөжтэй санагдсан бэ?
- Миний хувьд бүжиглэдэг реп хийдэг өөрийн гэсэн давуу талтай. Гэхдээ дуулалт маань бусад охидоос сул байсан. Энэ шоунд оролцсоноор дуулах чадвараа сайжруулж бүр мюзикл хүртэл тоглосон. Мөн реп гэдэг зүйлийг илүү сайн ойлгож үг бичиж эхэлсэн. Урлагийн хүн ямар байх ёстойг сурч тайзан дээр тавьсан арван тоглолтоос маш их туршлагыг хуримтлуулж авсан. Тоочоод баймаар маш олон зүйлийг сурч мэдэж дэвшиж чадсан. Ингээд бодохоор Боловсрол телевиз Оддын академи шоундаа талархахаас өөр аргагүй маш сайхан өгөөжтэй нэвтрүүлэг болсон.

YOLO: Байрлаж байсан байшингийн чинь өнцөг булан бүрд камер суурилуулчихсан байсан болохоор эвгүй байсан уу?
- Камерийн дор 24 цагийн турш хяналтад байна гэдэг ямарч хүний хувьд жаахан эвгүй л байна байх л даа. Гэхдээ миний хувьд нэгэнт л би энэ шоунд оролцож байгаа юм чинь гээд яг л өөрийнхөөрөө байсан.

YOLO: Сүүлийн үзүүлбэр дээр реппер Биг Жийтэй хамтарч дуулсан. Ямар санагдсан бэ?
- Тэр даалгавраа анх авчихаад л айж эхэлсэн. Жий ах том биетэй болохоор ч юм уу би их сүрдэж байсан шүү. Жий ах цагийг маш сайн барьдаг. Ажил бол ажил гээд л маш нухацтай хандаж миний бэлтгэлийг хийлгэсэн. Финалийн тоглолтын тайз бол маш их кайф мэдрүүлж чадсан үнэхээр гайхалтай байсан шүү.

YOLO: Буякаагийн зүгээс нийгэмд хандаж юуг уриалмаар байна?
- Залуучууд битгий залхуу хойрго байгаасай. Дараа нь дэмий өнгөрөөсөн цаг хугацаандаа дэндүү их харамсах болно шүү. Орчин үед бүх зүйл бэлэн байна. Сурахыг хүссэн юмаа хаанаас ч сурчихаж болохоор болтлоо интернет хөгжсөн байна. Эхэлье гэж бодсон л бол шууд эхлээрэй. Эхлэл гэдэг хийх ёстой зүйлийн 50 хувь нь гэдэг шүү дээ. Хийхгүй харамссанаас зүгээр л хийгээд үзээрэй гэж хэлмээр байна.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсье.
- Баярлалаа.



#StarAcademy #Girl #Band