ЧИНИЙ МЭДЛЭГТ: Япончуудын бяцхан соёл ДАРУМА хүүхэлдэй


Үжин | YOLO.MN
2018-05-25

Японы ард түмэн аливаа хүнийг зорилгодоо хүрч, хүссэнээ биелүүлэхэд туслах сонирхолтой аргыг өнгөрсөн мянганд нээжээ.

Япон оюутнууд шалгалтдаа сайн дүн авахыг хүсэж буйгаа хүүхэлдэйндээ хэлж, гуйдаг бөгөөд хүсэл нь биелсний дараа нүд зурж өгдөг гэсэн юм.

Гэвч тухайн үед нүд зурдаг хүүхэлдэй гэдгээс илүүг ойлгоогүй аж. Гэтэл энэ хүүхэлдэй нэг талаас шашны, нөгөө талаас соёлын илэрхийлэл хэдий ч зорилгодоо үнэнч байж, хэлсэндээ хүрдэг Япончуудын зан төлөвийг бүрэлдүүлсэн хүчтэй хэрэгсэл болсон байж болох юм.

ДАРУМА хүүхэлдэйн талаар:

ЗЕН буддизмыг үндэслэгч Бодхидхармагийн дүрийг мөнхөлсөн улаан өнгийн дондогмаа хүүхэлдэй Япон соёлын нэгэн илрэл юм. Анх тавдугаар зууны үед Хятадад үүссэн Чань Буддизмыг Япончууд нэвтрүүлж, өөрсдийн аялгаар ЗЕН хэмээн нэрийдсэн нь өнөөдөр ихээхэн алдартай болжээ.

1697 онд номлогч Шинецү одоогийн Такасаки хотод Японы анхны Дарума сүмийг байгуулсан гэдэг. Ингээд сүмийг байгуулсныхаа дараа Бодхидхармагийн дүр бүхий Дарума хүүхэлдэйг урлах болсноор өнөөдрийн Азын сахиус болсон гаргүй, хөлгүй, нүдгүй, улаан өнгийн дондогмаа хүүхэлдэй Япончуудын дунд түгэн тархсан аж.

Хүүхэлдэйг дондогмаа буюу доороо хүндрүүлэгчтэй хийсэн шалтгаан нь юунд ч сөхөрсөн бай, эргээд босож чаддаг байхыг илтгэх бөгөөд өөдрөг нэгэн болохыг бэлгэддэг аж.

Япон ардын зүйр үгэнд “Тогоруу Мянган жил, Яст мэлхий Түмэн жил насалдаг” гэх үг бий. Тиймээс Дарума хүүхэлдэйн хөмсөг болон сахал нь урт наслахыг бэлгэдсэн Цэн тогоруу, яст мэлхийтэй төстэй байдаг.

Дарума хүүхэлдэйн бэлгэдэл үүгээр төгсөхгүй. Түрүүн дурдсанчлан шинэ Дарума хүүхэлдэй нэг нүдгүй эсвэл бүр нүдгүй байдаг. Учир нь худалдан авсан хүн Дарума хүүхэлдэйгээс “Хүслийг минь биелүүлж, амжилтад хүргэж өгөөч. Тэгвэл би нөгөө нүдийг чинь зурж өгье” гэж гуйдаг юм байна.

Хүүхэлдэйн нэг нүд нь ямар нэгэн зорилго тавьсан гэдгийг илэрхийлэх бөгөөд эзэн нь нэг нүдийг харах бүртээ зорилго тавьсан гэдгээ санаж, түүнийхээ төлөө зүтгэх ёстой гэдгээ мэдэж байх аж. Ингээд зорилго нь биелсний дараа нөгөө нүдийг нь зурж өгөөд талархлаа илэрхийлнэ.

Жил бүрийн шинийн нэгний өдөр Япончууд нэг шинэ Дарума хүүхэлдэй худалдан авдаг бөгөөд Такасаки хотод Япон улсад зарагдаж буй энэ сонирхолтой хүүхэлдэйн 80 хувийг үйлдвэрлэдэг болжээ. Харин дараа жилийн шинийн нэгэнд зорилгыг нь биелүүлж өгсөн Дарума хүүхэлдэйгээ Такасаки хотод авч ирж шашны ёслолын дагуу шатааж, дахин нэгийг худалдан авдаг.

Өнгөний хувьд ихэвчлэн улаан өнгөтэй байдаг шалтгаан нь Бодхидхарматай холбоотой. ЗЕН буддизмыг үндэслэгч түүнийг томоохон номлогч байсан болохоор улаан өнгийн орхимж нөмөрдөг байсан гэж үздэг. Гэхдээ ягаан, ногоон, цагаан гээд төрөл бүрийн өнгөтэй Дарума хүүхэлдэй бас бий.

#Japan