П.Тунгалагтамир: Миний бахархал бол мөнх тэнгэрийн ХҮМҮҮН БИЧИГ


О.Дорж | YOLO.MN
2018-01-24

Уран бичлэг бол нэг талаас бичиг ч гэлээ нөгөө талаас дүрслэх урлагийн нэг төрөл юм. "Хүмүүн бичиг" сониноос зохиосон, саяхан болоод өнгөрсөн "Монголын сайхан бичигтэн-2017" тэмцээнд 12-р ангийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Эрдмийн Ундраа ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч П.Тунгалагтамиртай бид ярилцлаа.

Хос бичигтэн гэдэг бол миний бодлоор кирилл болон босоо монгол бичгээ төгс эзэмшсэн монгол хүнийг хэлнэ.

П. Тунгалагтамир

YOLO: Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе! Та бидэнд өөрийгөө танилцуулаач
- Сайн. Сайн байна уу? Намайг Пүрэвдоржийн Тунгалагтамир гэдэг. Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа Цогцолбор 77-р сургуулийн төгсөх ангийн сурагч.

YOLO: Та анх уран бичлэг, каллиграфиар хэзээнээс эхэлж хичээллэсэн бэ?
- Анх 7-р ангиасаа монгол бичиг үзэж, 9-р ангидаа бийрэн бичиг сонирхож эхэлсэн. 11-р ангидаа л бийрэн бичгийн үндсэн тигийг (тиг-бийрэн бичлэгийн үндсэн үсгүүдийг) заалгасан даа.

YOLO: Хос бичигтэн гэхээр яг ямар хүнийг хэлдэг юм бэ?
- Хос бичигтэн гэдэг ойлголт нь бид үндсэн монгол бичгээ орхиж кирилл бичигт шилжсэн 70 гаруй жил, өдгөө бид босоо монгол бичгээ сэргээж хэрэглэх тухай хуультай боллоо. Энэ үйл явдлын өрнөлөөс хувьдаа хос бичигтэн гэдэг ойлголт урган гарч ирж байгаа болов уу. Тэгэхээр хос бичигтэн гэдэг бол миний бодлоор кирилл болон босоо монгол бичгээ төгс эзэмшсэн монгол хүнийг л хэлнэ дээ.

YOLO: Хамгийн анхны бүтээл болон анх оролцож байсан уралдаанаа эргэн дурсвал?
- Миний анхны бүтээл бийрэн бичгийн үзгийг гарт минь бариулсан Б.Алтантуяа багшийнхаа заавар зөвлөгөөгөөр бичсэн "Үлэмжийн чанар" гэдэг бүтээл байдаг. Анх удаа л бүтээл хийж, багш маань урамшуулж би их баярлаж байлаа. Би одоо хүртэл хадгалдаг юм. Уралдаан гэвэл “Билгийн зул” улсын уралдаан байсан.

YOLO: Та Монгол бичгээр каллиграф бичихийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?
- Ер нь монгол бичиг, бийрээр бичээд сууж байхад хамгийн түрүүнд маш их төвлөрч тухайн бүтээлийнхээ утга уянгатай нийлж үнэхээр сайхан тайвширлыг мэдэрдэг.

Б.Ринчен гуай "Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл. Чин зоригт өвөг дээдсийн минь өв их соёл"  хэмээн шүлэглэсэн байдаг. Үнэхээр тэр сайхан аялгууг бийр бэх нийлүүлж суухад л мэдэрдэг.


Б.Ринчен гуай "Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл. Чин зоригт өвөг дээдсийн минь өв их соёл"  хэмээн шүлэглэсэн байдаг. Үнэхээр тэр сайхан аялгууг бийр бэх нийлүүлж суухад л мэдэрдэг.

П. Тунгалагтамир






YOLO: Монгол бичгээр калиграф бичихэд юу нь хамгийн хэцүү болоод анхаарвал зохилтой байдаг вэ?
- Миний бодлоор хүний сэтгэл хөдлөл тухайн бүтээлд шингэж үлддэг болов уу. Бийрийн үзүүрийн үс хүртэл бичих бүрт өөр байдаг. Бийрийн бичиг бол дахин давтагдашгүй байдгаар онцлог. Бичих явцад нэг ч алдаа гаргаж болохгүйг анхаарах хэрэгтэй.

Жижиг алдаа байсан ч засаж янзлах гэсэн ойлголт байхгүй, дахиад л шинээр эхлэх болно. Уран бичгээр бийрийн эрдэмд суралцсан эрдэмтэд 1 үгийг 10 мянган удаа бичиж байж сая сайн болдог гэлцдэг. Тиймдээ ч бийрээр хичээнгүй сайхан бичихэд сэтгэл оюун, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр их чухал.

YOLO: Бичиг гэдэг бол хүний хэрэглээ. Та Монгол бичгийг ахуй амьдрал, өдөр тутмын харилцаандаа хэрхэн ашигладаг вэ?
- Өнөөгийн нөхцөлд монгол бичгийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэхэд хүндрэлтэй. Учир нь сургууль хичээл, сурах бичиг, бүгд кирилл, гараад байшин, албан байгууллага, дэлгүүрийн хаяг шошго ихэнх нь гадаад хэл, үлдсэн цөөхөн нь кирилл үсгээр. Тэгэхээр өөрөө өөртөө л орчин би болгоно доо.

Бидний өвөг дээдсийн өвлүүлж үлдээсэн соёл тэр чигтээ монгол бичгээр байна. Жишээ нь Монголын нууц товчоо, Оюуны мэлмийг нээгч Оюунтүлхүүр нэрт шастир, Гучин хоёр модон хүний үлгэр, Цагийн жамыг тодруулагч цаасан шувууны сургааль гээд олон сайхан сонгодог зохиолуудыг монгол бичгээр уншихын зэрэгцээ "Хүмүүн бичиг" сонин, "Уламжлал" сэтгүүл зэрэг хэвлэл захиалж уншдаг даа.

YOLO: Монгол бичиг бол дэлхийд ганц хүмүүн лугаа адил босоо бичиг шүү дээ! Ирээдүйн Монголийн иргэд бид энэ уламжлалаа хадгалж үлдэхэд юу юуг амьдралдаа хэрэгжүүлж, хаанаа эхлэх хэрэгтэй гэж бодож байна вэ?
- Монгол бичигээ өдөр тутмын хэрэглээ болгоход монгол хүмүүс бидний үндэсний ухамсар их хэрэгтэй байх. Монголчууд бид 2015 онд Монгол хэлний тухай хуультай болсон энэ хуулийн 4.1.3-т "Үндэсний бичиг" гэж уламжлалт монгол бичгийг хэлнэ гэсэн байдаг. Тиймээс хамгийн түрүүнд бид энэ хуулиа сурталчлан таниулах, улмаар хэрэгжүүлэх хэрэгтэй гэж боддог.


Уран бичгээр бийрийн эрдэмд суралцсан эрдэмтэд 1 үгийг 10 мянган удаа бичиж байж сая сайн болдог гэлцдэг.

П. Тунгалагтамир

YOLO: Энэ урлагаар хичээллэхэд хэн танд хамгийн их дэмжлэг болж байсан бэ?
- Монгол хүн байхын учир монгол хэлтэй байх ёстой гэж аав маань ярьдаг. Тэгээд л монгол бичгээ сайн суръя гэж хичээсэн. Яван явсаар монгол бичиг бийрийн уран бичиг сонирхоод эхэлсэн, аав ээж хоёр маань дэмжсэн. Мөн үнэхээр сайн багшийн шавь болсон.  Миний бийрэн бичгийн багш Б.Алтантуяа, монгол бичгийн дүрмийн багш Т.Мөнхням, энэ сайхан багш нарын буянд босоо монгол бичигтээ шимтэн суралцаж явна. Би сайн багш нарын азтай шавь нь гэж боддог. 

YOLO: Та ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
- Би Монгол хэл уран зохиолын багш болохыг хүсдэг. Учир нь гайхамшигт энэ өвөө хойч үедээ уламжлуулан үлдээнэ гэдэг чинь нэр төрийн хэрэг шүү дээ!

YOLO: Одоогийн сурагчид дунд сургуулийн Монгол бичгээ мэдэхгүй шахуу төгсөж байна шүү дээ! Энэ тал дээрх таны бодол?
- Энэ тал дээр бид дүгнэлт хийх цаг болсон. Гадаад хүмүүс монгол бичигт санаа тавьж сонирхож сурч байхад бид яагаад хөшүүн хойрго хандаад байна вэ. Хуулиар хэрэгжүүлэх хэрэгтэй, дээр нь сургуульд монгол бичгийн ач холбогдлыг хүүхдүүдэд маш сайн ойлгуулж, бүр ухамсарт нь суулгаж өгмөөр санагддаг.

YOLO: Монгол бичгийг сурахын тулд хичээж буй суралцагч хүүхдүүддээ хандаж зөвлөгөө өгөөч?
- Миний бахархал бол мөнх тэнгэрийн хүмүүн бичиг. Үнэхээр бид өнөөдөр эх хэлээ хамгаалах, өвлүүлэх, уламжлалт монгол бичгээ сурах үүрэгтэй. Хичээж сайн суралцаарай таныг монгол хүн гэх илэрхийлэл мөн бахархал чинь дэлхийд ганцхан босоо монгол бичиг тань шүү.

YOLO: Мөнх тэнгэрийн бичгээ уламжлан авч түгээн дэлгэрүүлэгч байгаарай гэж хүсэх байна. Та бүхэнд амжилт хүсье!
- Баярлалаа таны ч мөн ирээдүйн их үйлсэд тань амжилт хүсье!


Гадаад хүмүүс монгол бичигт санаа тавьж сонирхож сурч байхад бид яагаад хөшүүн хойрго хандаад байна вэ гэж боддог.

П. Тунгалагтамир


#Interview #Calligraphy #Girl