Супер ням гаригт хасагдах шатны гайхалтай тоглолтууд боллоо


Сондор | YOLO.MN
2018-01-22

MNBA Үндэсний лигийн плей-оффын эхний шатны цувралын хоёр дахь тоглолтууд МҮЭСТО-нд боллоо. Цувралд түрүүлж гурав хожсон баг нь цувралд ялах учраас энэ өдрийн тоглолтууд маш хариуцлагатай байсан юм. 

СҮХБААТАР АЙМАГ ЦУВРАЛЫГ ТЭНЦҮҮЛЛЭЭ

Улиралд зүүн бүсийнхээ дэд байрт бичигдсэн Занаагийн Баясгалан эзэнтэй Сүхбаатар Альянс-Тех баг бүсийнхээ  гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарсан Хөвсгөл Нэг Үе багууд цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ. Тоглолтын эхнээс Хөвсгөл Нэг Үе баг бага зэрэг илүү тоглолтыг үзүүлж байсан ч  шийдвэрлэх мөчүүдэд сайн тоглолтыг үзүүлснээр Сүхбаатар аймаг 100-89-өөр хожил байгууллаа.

Энэ тоглолтын турш Сүхбаатар аймгийн самбарын залуус онцгой байж С.Эрдэнэдалай 26 оноо, 7 самбар, 5 оновчтой дамжуулалт, Gary Flowers 12 оноо, 14 самбар, О.Очирбат 12 оноо, 11 самбар авжээ. Мөн Сүхбаатар аймаг довтолгооны хоёр дахь боломжыг 40 удаа үүсгэж эсрэг багийн самбараас 79 самбарыг авсан нь тун гайхалтай үзүүлэлт байлаа. 

Харин Хөвсгөл аймгийн багаас Үндэсний лигийн шилдэг хамгаалан тоглогч Г.Чинбат 27 оноо,  5 самбар авснаас гадна зөвхөн нэг үед 21 оноог авч гайхалтай тоглолтоо гаргалаа. Мөн шийдвэрлэх үед гайхалтай тоглосон багийн ахлагч Э.Энхтайван 17 оноо, 6 самбар гүйцэтгэжээ.

ТӨВ АЙМАГ ЦУВРАЛД ХОЖИХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА

MNBA Үндэсний лигийн энэ улирлын хамгийн залуу бүрэлдэхүүнтэй Хэнтий Эбэг баг улиралд найм хожиж хоёр хожигдож бүсийнхээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан  Төв аймгийн багууд цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ.  Тоглолтын эхний үеийн тавтад Төв аймгийн багийн ахлагч ОУХМ Д.Дэлгэрням багтсан байлаа.

Түүний хувьд өмнөх тоглолтыг өнжөөд байсан юм. Ингээд тоглолтыг Төв аймаг ээлж дараалсан алсын шидэлтүүдийг цагирагт нь унагааж тун давгүй эхлүүлсэн. Улмаар энэ тоглолтод илүү баг нь Төв аймгийнхан байж 73-82-оор цувралын хоёр дахь тоглолтод хожил авлаа.

Ингэснээр Төв аймаг цувралыг 2:0-ээр тэргүүлж давуу талыг үүсгэлээ. Энэ тоглолтод Д.Мөнхтөр 18 оноо, 6 самбар, 6 бөмбөг таслалт, Д.Дэлгэрням 16 оноо, 14 самбар, Б.Дорждамба 12 оноо, 12 самбар, 5 оновчтой дамжуулалт, 5 бөмбөг таслалт хийжээ. Харин эсрэг багаас Б.Эрдэнэболор 18 оноо, 11 самбар, Э.Элбэг-Эрдэнэ 16 оноо авч багаа тэргүүлжээ. 

АРХАНГАЙ АЙМАГ ИЛҮҮ БАГ НЬ БАЙЛАА

Баянхонгор Мазаалай болон Архангай Алтан Дорндын Дайчид багуудын цувралын хоёр дахь тоглолт тун өрсөлдөөнтэй боллоо. Тоглолтын эхний үе 21-21-ээр тэнцүүхэн өрнөсөн  ч тоглолтын хоёрдугаар үед Баянхонгор Мазаалай баг илүү байж 10 онооны давуу байдлыг үүсгэсэн юм.  Гэхдээ гуравдугаар үед  Дайчид эрч хүчтэй тоглолтыг үзүүлж ОУХМ Б.Билгүүний сайн тоглолтын ачаар нэг онооны илүү болсон юм.

Ингээд шийдвэрлэх үеийн эхнээс Дайчид санаачлагатай тоглолтыг үзүүлснээр  81-73-аар хожиж цувралыг 2:0 болголоо. Дайчидын импорт тоглогч Jepp Newberry 23 оноо, 9 самбараар багаа тэргүүлсэн бол О.Энхбаатар 14 оноо, 9 самбар, Б.Билгүүн 13 оноог авсан байна. Харин Баянхонгор Мазаалай багаас Theo Johnson 19 оноо, 12 самбар авч багаа тэргүүлсэн бол нөгөө лигеонер тоглогч Ben Kil  28.6 хувьтай довтолжээ.  

ХОВД ШОНХРУУД СЭТГЭЛЗҮЙН ДАВУУ ТАЛТАЙ БОЛЛОО

Зүүн бүсийн тэргүүн баг болох Ховд Шонхрууд баг болон Өвөрхангай аймгийн багуудын хасагдах шатны цувралын хоёр дахь тоглолт боллоо. Тоглолтын эхнээс л илүү баг нь Шонхрууд байлаа. Өвөрхангай аймгийн баг олон онооны зөрүүг ойртуулсан ч илүү гарч чадалгүй явсаар 84-103-аар ялагдал хүлээлээ. Энэ өдөр Ховд Шонхрууд багийн тоглогчид маш жигд байсан нь хожлын гол шалтгаан байлаа.

Шонхрууд тоглолт эхэлснээс хойш оноогоор илүүрхэж байсан бөгөөд нэг ч удаа тэргүүллээ алдалгүй 46 минутын турш оноогоор илүү тогложээ. Энэ өдөр Bj Young гайхалтай байж 27 оноогоор багаа тэргүүлсэн бол Шонхрууд багаас анхны тоглолтоо хийсэн Mckinney 17 оноо, 9 самбар авч будагтай талбайд үр дүнтэй тоглолоо. Харин Өвөрхангай аймгаас Э.Цэрэнбаатар 17 оноо, 10 самбар, Б.Дархантөгс 17 оноо авч багаа тэргүүлсэн юм.























#Basketball #Event