Б.Ану-Үжин: Миний ОРОН ЗАЙ, миний МЭДРЭМЖИЙГ надаас өөр хэн ч мэдрэхгүй


Х.Арысхан | YOLO.MN
2018-01-22

 Би одоо ч өөрийгөө ЖООХОН гэж боддог, ТОМ БОЛСОН гэж ерөөсөө боддоггүй

Б.Ану-Үжин

Энэ удаагийн ярилцлагын булангийн зочноор "Mongolian's Next Top Model" шоуны шилдэг оролцогч, "Байрны Ах" уран сайхны киноны гол дүрийн жүжигчин, модель Б.Ану-Үжинтэй ярилцлаа.

Жич: Бид "Mongolian's Next Top Model"  тэмцээний талаар асуусан боловч тус нэвтрүүлгийн эзэмшигч "Боловсрол суваг телевиз"-тэй хийсэн гэрээний дагуу тэрээр энэ талаарх дэлгэрэнгүй яриа өгөхөөс татгалзсан болно.

YOLO: Энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагынхаа эхэнд таны загварын гараа хэрхэн эхэлснийг сонирхъё гэж бодлоо.
- Өдрийн мэнд. Би багаасаа загварт дуртай, сонирхдог байсан. 7-р ангидаа анх сургуулийнхаа загварын шоунд ороод, түүнээс хойш 11,12-р анги хүртлээ хувцас загварын тэмцээнүүдэд загвар өмссөн. Мөн 12-р ангидаа "Gloria model" агентлагт явж эхлээд , гүнзгий шатаа төгсөж байхдаа "Mongolians Next Top Model" тэмцээнд оролцсон. Ер нь моделиор ажиллаад удаагүй байхдаа энэ тэмцээнд оролцсон.

YOLO: Загварт сонирхолтой, модель болох хүсэлтэй хүүхдүүд агентлагт хамрагдаад, хэр удаан хугацааны дараа моделиор ажиллах боломжтой вэ? 
- Хүн хүнээс шалтгаалдаг. Модель болъё, загвар өмсье гэж бодож байгаа охиддоо зөвлөж хэлэхэд эхлээд өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй. Загварын алхаа, зураг яаж авахуулах техникээ агентлагаасаа сурчихна. Тэгэхээсээ өмнө өөрийнхөө биеийг бэлдэх хэрэгтэй. Биеэ хөгжүүлээд, дасгал хөдөлгөөн хийгээд, амьдралынхаа хэв маягийг эрүүл, зохион байгуулалттай болгож, өөрөө ч бас хувийн зохион байгуулалттай байж сурсан байх шаардлагатай. 

Загвар өмсөнө гэдэг зөвхөн хувцас өмсөөд тайзан дээр алхах, зураг авахуулах биш моделиос хувийн чадваруудыг шаарддаг учраас эхлээд өөрийгөө бэлдээд, дараа нь агентлагт явах юм бол ажиллах боломж нь илүү, цаг алдахгүй. Хэрвээ өөрийгөө бэлдэхгүйгээр агентлагт явчих юм бол өөрөө бэлэн биш учраас хичнээн алхаа, техник сураад ажиллах боломжгүй юм шиг санагддаг.

YOLO: "Luxury Model Awards 2017" тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон шүү дээ. Тэмцээнд орох эрхийг яаж авсан болон тэмцээний талаар товчхон мэдээлэл өгөөч? 
- Монголд зохион байгуулсан шалгаруулалтанд тэнцээд, энэ тэмцээнд оролцох эрхийг авсан.  Энэ тэмцээн нь Luxury брэндийн нүүр царай болох моделиудыг шалгаруулдаг дэлхийн хэмжээний тэмцээн. 40 гаруй орны моделиуд, миссүүд оролцсон. Багачуудын ангилалд манай улсын оролцогч н.Содонгоо түрүүлсэн.  

YOLO: Таны хамгийн анхны загварын тайз хаана байв?
- Хамгийн анхны тайз сургуулийн тайз байсан даа. Гэхдээ надад энэ үеэс цааш туршлагатай, мундаг модель болохын тулд хийх маш олон зүйл, сурах  зүйлс цаг хугацаа байгаа.


Яагаад гэвэл миний орон зайг, миний мэдрэмжийг хэн ч мэдрэхгүй, бүгд л өөрсдийнхөө бодлоор л ярьж байгаа шүү дээ.

Б.Ану-Үжин


YOLO: Мэдээж таниас MNTМ шоунд оролцсон үеийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Тэр үед төрж байсан сэтгэгдлээсээ хуваалцаач, тэндээс юу сурч мэдэж авав?
- Болж байгаа бүх зураг авалтаас маш их зүйл сурсан. Амьтантай зураг авахуулж байна, усан дотор гээд л янз бүрийн нөхцөл байдлаас их зүйл сурсан. Монголд моделиудын авахуулсан зураг ихэвчлэн хувцасны, сурталчилгааны ямар нэгэн үнэртэй ус гоо сайхны бүтээгдэхүүнийг сурталчилсан зураг байдаг. Магадгүй нэг ч амьтантай авахуулсан зураг байхгүй байх, усан дотор авахуулсан зураг ховор байдаг шүү дээ. Тийм учраас ийм зураг авалтуудад орж үзсэн маань надад маш том туршлага болж үлдсэн. 

YOLO: Энэ тэмцээнд ороход тань хамгийн их нөлөөлсөн хүн эсвэл хүчин зүйл юу вэ? 
- Тэмцээнд оролцох хүсэл надад маш их байсан. Тийм учраас хэн ч үгүй, хэрэггүй гэсэн нь надад хамаагүй байсан. Миний хүсэл, зорилго л намайг энэ тэмцээнд оруулсан. 

YOLO: Таныг маш олон хүн дэмжиж байсан. Ялангуяа өөрийн тань үеийн хүүхэд залуус. Гэхдээ үүний хажуугаар хэсэг хүмүүсийн сөрөг сэтгэгдлүүд ч бас байсан шүү дээ.  Хүмүүсийн сөрөг сэтгэгдлүүдийг яаж хүлээж авдаг вэ? 
- Би амархан сэтгэлээр унаад, амархан сэргэдэг төрлийн хүн. Ихэнх хүмүүс ийм явдалд эхэн үедээ стрессдэг юм шиг надад санагддаг. Яагаад ийм биш байхад, өөрсдөө миний хажууд байсан юм шиг, миний тухай юуг ч бүрэн гүйцэд мэдэхгүй байж ингэдэг юм болоо гэж их гайхдаг байсан. Сүүлдээ бол тоохоо больсон.

Гэхдээ сэтгэгдлүүдийг уншихгүй өнгөрч болохгүй гэж бодоод уншина аа. Заримыг нь энэн дээр анхаарах байсан байна гэж хүлээж авна, заримыг нь тоохгүй орхино. Яагаад гэвэл миний орон зайг, миний мэдрэмжийг хэн ч мэдрэхгүй, бүгд л өөрсдийнхөө бодлоор л ярьж байгаа шүү дээ.

YOLO: Тэмцээний үед өөрт тохиолдсон хамгийн хөгжилтэй болон гунигтай явдлуудаас хуваалцаач? 
- Хөгжилтэй зүйлс зөндөө л тохиолддог, бид нар ч бас гэртээ хамтдаа хөгжилтэй байдаг байсан. Гунигтай явдал гэвэл  өмнө нь ээжээсээ гэр бүлийнхнээсээ хол байж үзээгүй учраас сар орчим хол байсан нь л гунигтай байсан юм уу даа. Тэр үед би одоо байгаагаа бодвол биеэ дааж сураагүй, жоохон хүүхэд байсан, гэхдээ би одоо ч өөрийгөө жоохон гэж боддог. Том болсон гэж ерөөсөө боддоггүй.

Яг одоо миний сурах нас, нэг хүн маш олон зүйлийг нэг дор хийж чадахгүй учраас эхнээс нь бага багаар суралцъя гэж бодож байна.

Б.Ану-Үжин


YOLO: Одоогоор моделийн чиглэлээр ажиллаж байгаа юу? 
- Одоогоор ажиллая гэж тийм ч их бодохгүй байна. Би фотомодель, энтертаймент чиглэлээр ажиллах сонирхолтой байгаа учраас юуны өмнө суралцах, өөрийгөө бэлдэх хөгжүүлэх хэрэгтэй. Мөн яг одоо бол миний сурах нас, нэг хүн маш олон зүйлийг нэг дор хийж чадахгүй учраас эхнээс нь бага багаар суралцъя гэж бодож  байна.

YOLO: "Байрны ах" уран сайхны киноны гол дүрд тоглосон шүү дээ. Кино нь хэзээ нээлтээ хийх вэ? Анх яаж энэ кинонд тоглох болсон бэ, санал ирсэн үү? 
- Шоунд орсны дараахан кинонд тоглох санал ирсэн. Найруулагч Нямка ах маань надад өнгөрсөн зун санал тавиад киноны зураг авалт албан ёсоор 7-р сард эхэлсэн. Энэхүү ажлаас маш их зүйл сурсан. Хамгийн гол нь надад сурах зүйл их байна гэдгийг ойлгосон. Жүжигчний мэргэжил надад их таалагдсан гэхдээ маш их техник, сэтгэл хөдлөл, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар шаарддаг юм шиг санагдсан. 

YOLO: Киноны гол дүрийн Үжин охин амьдрал дээрх Ану-Үжингээс хэр ялгаатай байв?
- Киноны дүрийн товч намтар гэж бичдэг, тухайн дүрдээ илүү сайн орохын тулд өөрөө зохиодог. Миний хувьд өөртөө илүү ойр байлгахын тулд юу гэж бичсэн бэ гэвэл жүжиглэх дуртай, театрт сонирхолтой, загвар өмсөгч болох хүсэлтэй, ийм амьдралтай гэж бичиж байсан.

Үжин гэдэг хүний дүрийг сайн гаргахын тулд Үжингийн өөр нэг амьдралыг дахин зохиож байгаа гэсэн үг. Дүрийн намтраа бичихдээ өөрийн хүсэл мөрөөдлөө бичсэн учраас дүрийг гаргахад сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд ойр болсон. Үйл явдлын хувьд Үжин гээд охин Тэнгист сайн, өөрөө түүнийгээ хэлж чадахгүй дотроо хадгалаад байгаа тийм л дүр. Ер нь эмэгтэйчүүдэд байдаг л зан ааш. 

YOLO: Магадгүй загварын ерөнцөд аль эсвэл кино урлагт өөрийн хүрэхийг хүсэж байгаа хамгийн оргил цэгээ юу гэж төсөөлдөг вэ? 
- Миний багаасаа хүсч мөрөөдөж байсан нэг хүсэл бий. Одоогоос 4 жилийн дараа "Би дэлхийн хэмжээний тэмцээнд оролцоно, гэхдээ зүгээр нэг оролцохгүй түрүүлнэ" гэсэн зорилго өөртөө тавьчихсан. Нэг зуны дотор, нэг сарын дотор тэмцээний бэлтгэл хангагддаггүй юм шиг надад санагдсан. 

Ер нь юунд ч бай хүн өөрийгөө бэлдэх нь чухал. Биеэ дааж сурах, хүнтэй зөв харилцах, биеэ яаж авч явах, хүмүүст өөрийгөө хэрхэн ойлгуулж, өөрөө ч бас тэднийг ойлгох вэ мөн хоолны дэглэм барих, биеэ хөгжүүлэх, гадаад хэл сурах гэх мэт....

Б.Ану-Үжин


Дэлхийн хэмжээний том тэмцээнд оролцохын тулд өөрийгөө л сайн бэлтгэх хэрэгтэй. Ер нь юунд ч бай өөрийгөө бэлдэх нь чухал. Биеэ дааж сурах, хүнтэй зөв харилцах, олон орны хүмүүсийн дунд биеэ яаж авч явах, яаж харилцвал хүмүүст би өөрийгөө ойлгуулж, өөрөө ч бас тэднийг ойлгох вэ мөн хоолны дэглэм барих, биеэ хөгжүүлэх, гадаад хэл сурах  гэх мэт маш олон зүйлийг  4 жилийн хугацаанд маш сайн бэлдэнэ, суралцана  гэж төлөвлөж байгаа. Одоо бүх төлөвлөгөөгөө гаргана гэсэн үг л дээ, хүмүүстэй яаж харилцах, биеэ яаж авч явах уу, өдөр тутамдаа яаж хувцаслах, нүүрээ хэрхэн будах, үс засалтаа яаж хийвэл зүгээр вэ, тэр үед тэмцээний тайзан дээр сэтгэл зүйгээ яаж бэлтгэж алхах гээд бүх л зүйлээ би дотроо төсөөлдөг. 

Хэрвээ бэлтгэл муутай тэмцээнд оролцвол гаргах амжилт нь бага юм шиг санагддаг. "Luxury Model Awards" тэмцээнд би бэлтгэл муутай, шалгаруулалт болж байна гэхэд нь ороод тэнцэнгүүтээ бас шууд л орчихсон. Өрсөлдөгч моделиуд дунд тэр тэмцээнд гурав дахь удаагаа оролцож байгаа, өөр олон тэмцээнд оролцож байсан туршлагатай моделиуд ч байсан. 

Мөн олон хүн амтай улс, жишээ нь Филлипин олон хүн амтай учраас олон хүнээс шигшигдэж ирж байгаа, маш их өрсөлдөөн дундаас гарч ирсэн хүнтэй өрсөлдөж байгаа учраас би өөрөө сайн байхгүй бол болохгүй. Судалгаа сайн хийх хэрэгтэй, өөр орны өмнө нь ялагч болж байсан моделиуд юугаараа өөр байсан юу нь тэднийг ялагч болоход нөлөөлсөн, миний давуу тал юу вэ, би юугаараа тэднээс онцгойрч чадах вэ гэдгийг хүртэл судлах шаардлагатай.

YOLO: Охид бүр багадаа ээжийнхээ, эгчийнхээ өндөр өсгийтийг өмсөж тоглодог байсан гэвэл үнэнээс нэг их зөрөхгүй байх. Модель, загвар өмсөгч болохыг хүсдэг охиддоо зөвлөгөө өгөөч. Тэр дундаа намхан охид модель болох боломжтой юу? 
- Хүүхэлдэйтэй хажуудаа өсгийтэй гуталтай хайрцагтай хүүхдийн тоглоом байдаг даа. Бага байхад надад тэр өсгийтэй гутал яг таардаг байсан. 

Загвар өмсөгч болохыг мөрөөдөж байгаа зөндөө олон охидууд байгаа шүү дээ. Эхлээд маш сайн зохион байгуулалтанд сурах хэрэгтэй. Яагаад гэвэл загвар өмсөгч боллоо гэхэд бүх юм цагийн хуваарийн дагуу, бүх үйл ажиллагаа телевизийн шоу, сурталчилгааны зураг авалт бүгд цагийн хуваарьтай. 

Ажлын талбар дээр гарахын тулд хувийн зохион байгуулалттай байх шаардлагатай. Зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Би ямар модель болохыг хүсч байна, модель болсныхоо дараа юу юунд оролцохыг хүсч байгаа, кинонд тоглохыг хүсч байгаа юм уу, гоё зар сурталчилгаанд тоглох эсвэл тэмцээнд оролцохыг хүсч байна уу гээд зорилгоо тодорхойлно. Тэгснийхээ дараа өөрийгөө хөгжүүлээд, дээр хэлсэнчлэн өөрийгөө бэлдэнэ.


Шаардлагагүй үедээ, нүүрээ будах нас нь болоогүй бол будах хэрэггүй гэж боддог.

Б.Ану-Үжин


YOLO: Илтгэх урлаг, мэтгэлцээнээр хичээллэдэг, энэ тэмцээнд оролцоход илтгэл мэтгэлцээний клубт явж байсан гэж сонссон? Энэ чиглэлээр ямар амжилт гаргаж байв, тэр нь чамд хэр нөлөөлсөн бэ?
- Сурагч байхдаа энэ чиглэлийг клубт явж байсан, одоо ч харьяалалтай байдаг. Юун дээр надад илтгэх урлаг, мэтгэлцээн тус болсон бэ гэвэл өөрийгөө илэрхийлэх, зөв цэгцтэй ярихад тус болж байсан.  

YOLO: Охид зарим нь насандаа баймгүй нүүрээ хэт буддаг. Энэ талаарх чиний бодол?
- Би ч бас сурагч байхдаа зарим үед тод будалт хийдэг байсан. Гэхдээ загвар өмсөгч, жүжигчний мэргэжил яалт ч үгүй нүүрээ буддаг тэр дундаа олон төрлийн будалт хийлгэнэ, үсний өнгө өөрчилнө тийм учраас загвар өмсөгч болно гэж бодож байгаа охидууд өсвөр насан дээрээ арьсаа маш сайн арчлах хэрэгтэй. 

Анх нүүр будалт хийлгэж байхад сонирхолтой санагдаад, будуулмаар, будмаар санагддаг байсан. Одоо бол нүүр будах нэг их сонин санагдахаа больсон, шаардлагагүй үедээ, нүүрээ будах нас нь болоогүй бол будах хэрэггүй гэж боддог. 

YOLO: Ярилцлагынхаа төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлээч
- Өөрсдийнхөө зорилго, мөрөөдлийг тодорхой болгоорой. Тодорхой болгоно гэдэг нь жишээ авахад, цаасан дээр би тийм хүн болно гээд бичих биш би модель болчхоод тийм тэмцээнд оролцоно, тэмцээндээ цагаан даашинз өмсөнө ч гэдэг юм уу, Монгол гэсэн нэрээ онцгой байлгахын тулд би өөрийгөө ингэж хөгжүүлнэ гэхчилэн төлөвлөх, төсөөлөх хэрэгтэй.  Түүний дараа чиний юу хийх чинь тодорхой болж эхэлдэг.

Хэрвээ чи модель болно гэж зорилго тавьсан бол  юу хийх чинь тодорхой болоод, чамаас шаардлагууд нэхэж эхэлнэ гэсэн үг. Зорилго мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгээд, өөрийгөө битгий голоорой гэж хэлмээр байна.

YOLO: Ярилцсанд баярлалаа.
- Баярлалаа

 

#Model #Girl #Conversation