Өсвөр настнаас “ТОМ ХҮН” рүү шилжих мөчид...


Сондор | YOLO.MN
2016-05-01

Өсвөр насыг-шилжилтийн нас гэдэг. Яагаад гэвэл биe махбодийн хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч хүүхэд наснаас том хүн лүү шилжих үe юм. Мэдээж хүүхдээс шууд том хүн болох амаргүй. Үнэндээ том хүн болно гэдэг 18 нас хүрсэн хүн бүрийг хэлдэггүй, бусдын өмнө хийсэн, хэлсэн зүйлийнхээ хариуцлагыг ухамсарлаж бас хүлээж, бас өөрийгөө болон бусдыг хүндэтгэж хандаж чадаж байх үeийг л хэлдэг.

Харин заримдаа их хариуцлага хүлээлгүй, илүү өөрийнхөө дур сонирхлоор байж, томчуудаар хамгаалуулж, хүрээлүүлж, нэг ёсондоо томчуудаас хамааралтай хүүхдээрээ байхыг хүсэх тохиолдол өсвөр насанд гардаг, ялангуяа өөрөө шийдвэрлэж чадахгүй асуудал тулгарахад. Энэ бол хэвийн зүйл л дээ. Гэхдээ чиний биe хүссэн хүсээгүй томорч, бодол сэтгэхүй чинь ч тэлсээр байдаг тул байгалийн энэ үйл явцыг өөрт ашигтайгаар хэрэглэ гэж чамд зөвлөмөөр байна. Бас нэг зөрчилдөөн үүсдэг нь өөрийгөө том хүн шиг мэдрэх явдал. Гэвч томчууд ч, чи өөрөө ч хааяа том хүн гэдгээ бүрэн мэдэрч чаддаггүй. Жишээ нь, чамд томчууд шиг архи, тамхи хэрэглэхийг, чөлөөтэй зугаалж явах гээд л олон зүйлийг хориглодог.

Тэгвэл одоо яах болж байна вэ? Хүүхдээрээ байх уу, том хүн шиг байхыг хичээх үү?


 
Хариулт тун энгийн, чи элдэв зүйлд толгойгоо гашилгалгүй шилдэг өсвөр насны хүүхэд л байхад болно. Одоо тэгвэл тийм байх чухал аргуудаас хүргэe.  
Шилдэг харилцагч бай. Өсвөр насныханд үe тэнгийнхэнтэйгээ харилцах харилцаа хамгийн чухал байдаг. Тэгвэл бусадтайгаа сайхан харилцаж, өөртөө болон бусдад эeрэг сэтгэгдэл үлдээхийн тулд:

Ярь бас сонс. Харилцаанд чи заримдаа сонсогч, заримдаа “яригч” болдог. Гэхдээ хэт их сонсоод дуугүй байгаад байвал бусад чинь чамайг үг цөөнтэй зожиг гэж бодно. Харин өөрөө л байнга ярьж, бусдыг сонсохгүй, ярих боломж олгохгүй байвал чамайг чалчаа, олон үгтэй хэмээн дүгнэж, аль аль тохиолдолд чамаас дөлөх болно шүү. Иймд өөрөө ярих, сонсохоо ээлжлэх хэрэгтэй шүү.

Зөв сонсож сур. Бусдыг сонсож чадах нь тэднийг ойлгох боломж олгодог. Сонсоно гэдэг зүгээр л сонсохын нэр биш бөгөөд тухайн ярилцаж буй хүнийхээ оронд өөрийгөө тавьж, түүний сэтгэл санааг мэдэрч, түүнд нь тохирсон ярилцлага өрнүүлэхийг хэлнэ. Жишээ нь, найз чинь дүүгээ хараад гарч чадаагүй тухайгаа хэлэн гуниглаж байхад чи бусадтайгаа хэрхэн сайхан зугаалж, тоглосноо баяр хөөртэйгээр ярих хэрэггүй. Харин оронд нь: “Хэдий цагийг аятайхан өнгөрөөсөн ч чи байсан бол бүр сайхан байх байсан” гэвэл найз чинь чамд баярлаж чамайг жинхэнэ найз гэж бодох бодол нь нэмэгдэнэ. Мөн чи бусдад чиний хэлсэн ярьсан зүйл хүрээсэй гэж хүсдэг шиг хүүхэд болгонд бодол санаагаа илэрхийлэх эрх байдгийг санаарай. Үнэндээ зарим нэгийгээ дээрэлхэн, үзэл бодлыг нь хэлүүлэхгүй байснаараа сайн хүүхдүүдийг өөрөөсөө түлхэх тохиолдол гардаг юм шүү.

Сонирхолтой бас хэрэгтэй зүйл ярь. Ямар сэдвүүд ихэвчлэн хүмүүст таалагддаггүй вэ гэхээр өөрийнхөө тухай хэт ярих, байнга өөрийгөө магтах зэрэг. Чамд ч гэсэн таалагдахгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Иймд тухайн ярилцаж буй хүндээ тохирсон сэдвээр ярихыг хичээ. Спорт сонирхдоггүй хүүхдэд NBA-ийн сагсчдын тоглолтын тухай яриад нэмэргүй л болов уу. Мэдээж ярианы чинь сэдэв нь чамд ч гэсэн сонирхолтой байх хэрэгтэй. Хэрэгтэй зүйлсийн дотор магтаал, урамшуулал чухал байр суурийг эзэлнэ. Хэрэв чи бусдад үнэхээр баярлаж талархаж байгаа бол түүнийгээ хэл. Заримдаа бид мартчихдаг шүү дээ. Eр нь бусдад сайн сайхан үгсийг хэлж, ялангуяа урам хайрлаж байвал эргээд тэд чинь хэд дахин үржигдэн чамайг төдий чинээ аз жаргалтай, баяртай болгодог юм шүү.

Өөртөө итгэлтэй ярь. Чиний шүтэн биширдэг хэн нэгэн ихэнхдээ өөртөө итгэлтэй харагддаг гэдэгт итгэлтэй байна. Үнэндээ өөртөө итгэлтэйгээр өөрийгөө илэрхийлдэг хүмүүс бусдад таалагдаж, бас хүндлэл, хайрыг татдаг нь аль хэдийн нээгдсэн нууц билээ. Ялангуяа, эсрэг хүйстнийхэндээ ихээр таалагддаг юм. Иймд ярьж байхдаа аль болох биeэ барилгүй, тайван байж, ярьж байгаа зүйлээ сайн мэддэг байж өөртөө итгэлтэйгээр ярьж байгаарай. Хэрэв сандарч мэгдээд байвал уулзахаасаа өмнө сайтар бэлдэж болно шүү дээ. Ганцаараа толины өмнө зогсоод ч юм уу.

Дохио зангааг ашигла. Бусадтай харилцахдаа аль болох чин сэтгэлээсээ инээж, ойлгосон бол толгой дохиж, үгүй бол сэгсрэх гэх мэтээр хариултаа үйл хөдлөлтэйгээ тохируулж илэрхийлж байгаарай. Заримдаа зөв үйл хөдлөл үгээс илүү бусдад нөлөөлдөг юм шүү.

Өөртөө дүгнэлт хийж бай. Бид заримдаа бусдаар өөрийгөө тольдож байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бусдын чамд хэлж байгаа үгсийг өөртөө эмзэгээр тусгаж авалгүйгээр яагаад надад ингэж хэлэх болов, нээрээ би түүний хэлснээр “...”-ээд байгаа юм болов уу гэж өөртөө асуулт тавин хэрэв зүрх сэтгэл чинь тийм гэж хариулбал өөрийгөө зөв талруу өөрчлөхийг хичээгээрэй. Өдөр бүр биш юм аа гэхэд долоо хоног бүр өөрийнхөө талаар бодох цаг гаргаж байгаарай. Өөрийгөө улам сайн ойлгож, бас бусадтай харилцах олон аргаас суралцахыг хүсвэл энэ сэдвийн ном товхимолыг олж уншаарай.

Өөрийн давуу талыг мэдэр. Хүн бүр энэ дэлхий дээр давтагдашгүйгээр төрсөн байдаг тул чамд ч гэсэн бусдаас илүү сайн чанар, давуу тал бий. Түүнийгээ хөгжүүлж, ашиглан, үр шимийг нь хүртэж, өөрөөрөө бахархаж бай.

Өөрийгөө хайрла. Энэ жаахан амиа бодсон мэт сонсогдож болох ч өөрийгөө хайрлана гэдэг амин хувиа хичээхээс ялгаатай юм. Амиа бодно гэдэг зөвхөн өөрийн эрх ашгийг харж, бусдыг хохирооно гэсэн үг. Харин өөрийгөө хайрлана гэдэг өөрийн сайн муу талыг хүлээн зөвшөөрч, өөрийгөө байгаагаар нь хүлээж авч, өөрийгөө ойлгож, хүндэтгэлтэй хандана гэсэн утгатай юм. Өөрийгөө хайрладаггүй л хүмүүс бусдад бас өөрийгөө хүндлэх, хайрлах эрх байдаг гэдгийг тоолгүй, муухай, бүдүүлгээр хандаж, гомдоож дээрэлхэж байдаг. Өөрийгөө жинхэнэ утгаар хайрлаж, хүндэлж чаддаг хүмүүс л бусдыг мөн хайрлаж, хүндэлж чаддаг юм. Хэрэв өөрийгөө хайрлаж байгаа бол муу зүйл хэрэглэж, бас хийхээс өөрийгөө сэргийлээрэй.

Томчуудыг ойлгохыг хичээ. Ялангуяа эцэг эх, ах эгч нарыгаа. Тэд заримдаа чамд шударга бус ханддаг байж болох ч энэ дэлхий дээр чамд хамгийн ихээр сайн сайхныг хүсч, тэрний төлөө зүтгэж байдаг юм. Харин энэ сэтгэлээ тэр бүр зөв, ойлгогдохоор илэрхийлдэггүй юм. Хэрэв тэгсэн бол тэднийгээ уучлаарай, яг л чамайг буруу зүйл хийхэд уучилж, өршөөдөг шиг.

Ингээд өөрийгөө болон бусдыг ямартаа ч ойлгохыг эрмэлздэг, өөрт байгаа авьяас чадвараа нээж, хөгжүүлэн, бусадтай найрсаг харилцаж чаддаг байхад чи шилдэг өсвөр насны хүүхэд болж, цаашлаад шилдэг том хүн болох болно.


Өөрийнхөөрөө зөв сурч, амьдрах аялалд чинь амжилт хүсьe! wink

 

Эх сурвалж: ССҮТ., Боломж дандаа чиний гарт, УБ., 2012

#Teenagers #Problem