ЗАХИДАЛ: Хааяа ямар ч шалтгаангүй шөнөжингөө эхэр татан уйлдаг


ССҮТөв | YOLO.MN
2018-01-18

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хааяа ямар ч шалтгаангүй шөнөжингөө эхэр татан уйлдаг

Үүнийг минь өсвөр насны онцлог гэж тодорхойлохгүй байхыг хүсье.

Сайн байна уу, Юуны өмнө таньд энэ өдрийн мэндийг хүргэе. 

Би сэтгэл гутралтай юм л даа, анх үүнийгээ мэдсэнээс хойш 4 жил болж байна, одоогоор хувийн сургуульд сурч буй 16 настай эмэгтэй хүүхэд.

Би эхлээд 7-р ангидаа их болдоггүй хүүхэд байсан юм. Маш хатуу гэрт өссөн болохоор бага ч гэсэн "зүггүйтмээр" санагдсан ч гэх үү, хичээлээ худлаа ярьж тасална, даалгавар хийсэн тоо нь гарын таван хуруунаас бага. Иймд миний голч унаж эцэг эх маань байнга над руу уурлаж дарамтлах болсон. Багш нар ч надтай муухай харьцдаг болж юм асууя мэдье гэж оролдохоор өөдөөс загинаж, сэтгэл рүү минь хүйтэн ус цацаж байсан нь сэтгэлд минь хар толбо болон үлдсэн. Үүнээс болж би хүнтэй ч ярьдаггүй хэлгүй юм шиг суудаг болсон. 8-р ангидаа ороод огт хичээл таслахаа больж буцаагаад хичээдэг болсон ч алгебр, геометрээ огт ойлгохоо байсан. Бүх даалгавраа хуулдаг одоо ч гэсэн. 

Үүнээс эхлээд би өөрийгөө тусгаарлан, өөрийгөө маш ихээр үзэн ядах болсон. Хүмүүст гай болох байх гээд ганцаараа байдаг, өөртөө итгэх итгэл гэх зүйл огт байхгүй, сэтгэл гутралтай, шөнө нойргүйддэг, үхмээр санагдах өдрүүд энэ 4 жилд аймшигтай их тохиосон. Би өөрөө олон хүмүүстэй байх үнэндээ дургүй интроверт хүн л дээ. Хүмүүстэй байхаар энерги сорогдоод байдаг. Гэвч ганцаараа байхаар улам дордоод байдаг. 

Хааяа ямар ч шалтгаангүй шөнөжингөө эхэр татан уйлдаг. Үүнийг минь өсвөр насны онцлог гэж тодорхойлохгүй байхыг хүсье. Аз жаргалтай явах үед хэзээ буцаад тэр аймшигт хар нүх рүү ахиад унах бол гэж бодохоор айдаст автдаг. 

Хүнд сайн биш хайртай болж ч үзлээ. Дурлал маань хэзээ ч биелдэггүй, одоо найз охинтой хүүд сайн болчихоод улам л өөрийгөө үзэн ядаж байна. Бас би бүдүүн биш ч нэлээн махтай. 164 см 62 кг. Хэдэн өдөр хоолгүй турах гэж явах ч бий. Бие муутай. Аав ээждээ байнга загинуулдаг, тэр хоёр ч хоорондоо их хэрэлддэг. Зүгээр л хаашаа ч хамаагүй далдраад өгмөөр байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Сэтгэл гутралыг үүсгэдэг анхдагч шалтгаан бол сөрөг бодол байдаг

Чамд үнэхээр олон сөрөг бодол байна.

Сайн байна уу, захидал илгээсэнд баярлалаа. Сэтгэл гутралыг үүсгэдэг анхдагч шалтгаан бол сөрөг бодол байдаг. Хүн бүрт өдөр бүр олон янзын асуудал тохиолддог. Тэр тохиолдож буй зүйлсийг аль талаас харж байна, ямар дүгнэлт хийж байна гэдэг нь их чухал. Чамд үнэхээр олон сөрөг бодол байна. Гэвч сэтгэл судлаачтай уулзаж оношлуулаагүй бол өөртөө онош тавихаас татгалзаарай. Харин албан ёсоор оношлуулж байсан бол сэтгэл гутрал яг л биеийн эсэргүүцэл муудах үед тусдаг ханиад шиг чамайг сульдаж стрессдсэн үед дахин сэдэрдэг өвчин юм. Тиймээс аль болох ихээр стрессдэхээс зайлсхийвэл сайн.

Сайн тал нь гэвэл чи асуудлынхаа гарцыг өөрөө мэдэж байна. Энэ бүгд анх яаж эхэлсэн яагаад ийм болсон гэдгээ чи өөрөө дурдсан байна шүү дээ. "Үүнээс болж би хүнтэй ч ярьдаггүй хэлгүй юм шиг суудаг болсон", "Үүнээс эхлээд би өөрийгөө тусгаарлан, өөрийгөө маш ихээр үзэн ядах болсон" "Хүмүүст гай болох байх гээд ганцаараа байдаг, өөртөө итгэх итгэл гэх зүйл огт байхгүй" энэ зүйлүүд л чамайг сэтгэлээр унаж хямрахад хүргэсэн байна.

Үнэхээр өөртөө тусламаар байвал бусадтай илүү ярьдаг болох хэрэгтэй. Өөртөө сайн сайхан үгс хэлж өөрийгөө баярлуулж хайрлаж байх хэрэгтэй. Бас ганцаараа байх цагаа багасган бусадтай өнгөрөөх идэвхтэй байх цагаа нэмээрэй. Эдгээрийг хийхэд чиний өөртөө итгэх итгэл аяндаа нэмэгдэх болно. Хүсвэл ээж аавдаа учраа хэлж тайлбарлаад өөрийн биеэр ирж уулзаарай. Үнэхээр дөрвөн жилийн турш чамд хэцүү байсан бол өөрчлөхөд цаг шаардана. Тиймээс ганцаараа тэмцэхэд хэцүү байвал хамгийн сайн туслах зүйл нь сэтгэл зүйчтэй уулзах юм шүү. Амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Heartache #Teenagers #Advice