Охиныхоо төлөө эцсээ хүртэл тэмцэх ээжийн тухай кино "Алтан бөмбөрцөг"-ийн ШИЛДГЭЭР шалгарав


Сондор | YOLO.MN
2018-01-10

Долоон сарын өмнө хүчиндүүлж амиа алдсан өсвөр насны охиных нь аллагын хэргийг илрүүлэхэд төдийлөн хичээл зүтгэл гаргахгүй байна гэж үзсэн ганц бие ээж Милдред Хейз цагдаагийнхантай тэмцэж эхэлнэ.

Тэрбээр Анжелагийн үхэл болон Билл Уиллоуби цагдааг юу ч хийхгүй байна хэмээн хотын захад оршдог зар сурталчилгааны гурван самбар түрээслээд сануулга тавина.

Гэвч энэ хэрэгт чин сэтгэлээсээ санаа зовниж байсан Уиллоуби цагдаад ямар ч сэжүүр олдохгүй байв. Харин хотын оршин суугчид Милдредийн энэхүү үйлдэлд шүүмжлэлтэй хандана.

Ингээд ганц дайчин ганцаардахгүй гэгчээр эцэстээ энэ тэмцэлд Милдред ялалт байгуулах эсэхийг  "Three Billboards Outside Ebbing, Missouri"  буюу "Эббинг хотын зах дахь гурван самбар" киноноос үзэх боломжтой ажээ. Энэхүү бүтээл өчигдөр болсон "Алтан бөмбөрцөг" наадмаас хамгийн олон шагналыг хүртжээ.
 

Холливүүдийн дэргэдэх Гадаадын хэвлэл мэдээллийн холбооноос 1944 оноос хойш жил бүр болдог “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах наадамд кино болон телевизийн салбарынхны шилдгүүдийг тодруулдаг бөгөөд Холливүүдэд амьдардаг гадаадын 90 орчим  сэтгүүлчийн санал асуулгаар тус шагналыг гардуулдаг билээ.

Тус наадмаас "Three Billboards Outside Ebbing, Missouri" кино  шилдэг кино, шилдэг эмэгтэй дүр (Фрэнсис Макдорманд), шилдэг кино зохиол (Мартин Макдонах), шилдэг эрэгтэй туслах дүр (Сэм Рокуэлл) зэрэг дөрвөн шагнал хүртлээ.

Охиныхоо төлөө юу ч хийхэд бэлэн хэнд ч дийлдэхээргүй эмэгтэйн дүрд  Фрэнсис Макдормандыг л төгс зохицно хэмээн найруулагч, кино зохиолч Мартин Макдонах үзжээ.

Киноны сэдэв ч Холливүүдэд томоохон асуудал дэгдээгээд буй  бэлгийн хүчирхийлэлтэй хамааралтай аж.

Тус наадмын хоёр дахь онцлох кино бол "Усны хэлбэр".

Найруулагч Гильермо дель Торо "Алтан бөмбөрцөг" наадмаас шилдэг найруулагч, Александр Деспла шилдэг киноны дуу шагналыг хүртсэн юм. Найруулагч Дель Торо санаанд оромгүй ер бусын уран зөгнөлт зүйлс сэдэж түүнийгээ дэлгэцнээ гайхамшигтайгаар амьдруулдгаараа алдартай ажээ. 

 

Найруулагч Гильермо Дель Торо

Энэхүү кино нь 1962 оны үйл явдлыг харуулах бөгөөд Балтиморын цэргийн нууц лабораторид ажилладаг нэгэн хэвийн уйтгарт амьдралтай, хэний ч анзаардаггүй сонсголгүй цэвэрлэгч эмэгтэйн тухай өгүүлнэ.

Нэгэн удаа лабораторит судалгааны шинэ зүйл авчрах бөгөөд Элайза бүсгүй хүн шиг хэлбэртэй ер бусын зүйл байгааг мэдэх болно. Элайза байр байдлыг нь байнга ажиглах бөгөөд удалгүй тэдний хооронд дотно харилцаа бий болдог. Гэвч тэрхүү судалгааны зүйлийг алахаар шийдсэн гэдгийг мэдээд бүсгүй нууцаар аврахаар шийднэ.


АЛТАН БӨМБӨРЦГИЙН ШИЛДГҮҮД

  • Драмын төрлийн шилдэг кино "Эббинг хотын зах дахь гурван самбар"
  • Хөгжимт/  инээдмийн шилдэг кино "Леди Бёрд"
  • Шилдэг найруулагч - Гильермо дель Торо ("Усны хэлбэр")
  • Драмын киноны шилдэг эрэгтэй дүр- Гэри Олдмэн ("Харанхуй цаг үе" Уинстон)
  • Драмын киноны шилдэг эмэгтэй дүр - Фрэнсис Макдорманд (Милдред Хейз "Эббинг хотын гурван самбар")
  • Хөгжимт/ инээдмийн киноны шилдэг эрэгтэй дүр –Жэймс Франкл (Томми Вайсо "Уйтгар гунигийн")
  • Хөгжимт/ инээдмийн киноны шилдэг эмэгтэй дүр - Сирша Ронан (Кристин Макферсон "Леди Бёрд")
  • Шилдэг кино зохиол - Мартин Макдонах ("Эббинг хотын гурван самбар")
  • Шилдэг анимейшн - "Коко"
  • Гадаад хэл дээрх шилдэг кино-"Хаанаас биш" (Герман)

Телевиз:

  • Драмын шилдэг цуврал "Зарц эмэгтэйн өчил"
  • Шилдэг хөгжимт/  инээдмийн цуврал "Гайхалтай хатагтай Майзел"
  • Шилдэг богино цуврал-"Том жижиг худал"
  • Драмын цувралын шилдэг эрэгтэй жүжигчин - Стерлинг К. Браун (Рэндалл Пирсон  "Энэ бол бид")
  • Драмын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин- Элизабет Мосс (Жун Осборн "Зарц эмэгтэйн өчил")
  • Хөгжимт/ инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин-Азиз Ансари (Дев Шах )
  • Хөгжимт/ инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин - Рэйчел Броснахэн (Мириам "Гайхалтай хатагтай Майзел")
  • Богино цувралын шилдэг эрэгтэй жүжигчин - Юэн Макгрегор (Эммит Стасси болон Рэй Стасси "Фарго")
  • Богино цувралын шилдэг эмэгтэй жүжигчин  - Николь Кидман (Селеста Райт "Том жижиг худал")

#GoldenGlobeAwards #The shape of water #Best #Movie