"Дотны хүмүүстээ муухай ааш гаргачихаад байх юм. Яах вэ?"


Сондор | YOLO.MN
2016-04-28

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Гэр бүлийнхэнтэйгээ, найзуудтайгаа ч тэр ойр ойрхон муудалцаж, намайг ерөөсөө ойлгохгүй байгаа юм шиг санагдаж эхэллээ  

Сайн байна уу?

Намайг Х гэдэг. Би 15-тай. Өсвөр насны үед сэтгэл санаа тогтворгүй болдог гэдгийг 10 настайгаасаа хойш сэтгүүл зурагтнаас мэдээлэл авч мэддэг болсон. Харин одоо яг энэ үе эхэлж байгаа юм шиг л. Гэр бүлийнхэнтэйгээ, найзуудтайгаа ч тэр ойр ойрхон муудалцаж, намайг ерөөсөө ойлгохгүй байгаа юм шиг санагдаж эхэллээ. Ээжтэйгээ бол өдөр болгон маргалдана. Энэ нь надад маш их хэцүү байдаг. Гэрээсээ явмаар, урам зориг, хүсэл мохож, ямар ч өөртөө итгэх итгэлгүй сулбагар, ууртай л нэгэн болж байна.

Хэдий өөрийгөө хянах гэж хичээв ч ээжийнхээ өөдөөс маргалдаж дуугаа өндөрсгөх үе ч байдаг, энэ уураа найзууддаа болон эргэн тойрныхондоо гаргадаг. Хэдий өөрийгөө хянах гэж хичээдэг ч гэсэн орилж хашхирдаг. Бүх зүйл боломжгүй мэт, хэн ч надад хайргүй юм шиг санагддаг. Бүх юманд л хэнэггүй хандаж өмнөхөөсөө илүү сөрөг талаараа өөрчлөгдсөн. Мөн илүү дотогшоогоо болж юм бодож гутрах нь ихэссэн, өөрийгөө голох гэх мэт.

Надад урам өгөх хүн аав эгч минь л байдаг байсан ч одоо хоёулаа хол, хүний ​​нутагт байгаа. Харин гутарсан үедээ яаж өөрийгөө зоригжуулж, урам дэм хайрлахыг хэлж өгөөч ??! Надад ч биш өөр олон өсвөрийнхөнд ийм асуудал байгаа байх. Надад маш их хэцүү байна. sad

Зөвлөгөө: Чи бусдыг ойлгож эхлэх нь олон өөрчлөлтүүд дагуулна

Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргэе!

Чамд тулгамдаад буй энэхүү асуудлаар сэтгэл зүйчид ханддаг охид, хөвгүүд олон байдаг. Хүмүүс намайг ойлгохгүй байна гэж дүгнэхээс өмнө чи өөрийгөө ойлгож байгаа эсэхээ эхлээд бодож үзээрэй. Өөрийгөө бүрэн ойлгоогүй хүн бусдад өөрийгөө хангалттай ойлгож чаддаггүйг судлаачид баталсан байдаг. Судлаачийн зүгээс чамд дараах алхмуудыг санал болгож байна:

Өөрийгөө ойлгож, хүлээн зөвшөөр

Үүний тулд чи "Амьдралдаа юуг өөрчлөхийг хүсч байна?", "Юуг шинээр бий болгож эсвэл арилгахыг хүсч байна?", "Чамайг юу баярлуулж байна?, Юунд чи дургүй байна?" "Чиний давуу, сул тал юу вэ", "Чамайг хэн хайрлаж, чи хэнийг хайрладаг вэ? "зэрэг асуултуудад хариулаад үзээрэй. Хариултуудаас чи өөрийгөө ямар хүн болж төлөвшиж байгааг, чиний зарчим юу болохыг мэдэж авна. Мөн чиний өмнө тулгамдаад буй асуудлыг бас олж харах болно.

Бусдыг сонс

Чамтай ойлголцохгүй байгаа найз нөхөд болон ээжийгээ цаг гарган сонс. Тэд чамайг ойлгохыг хүсээгүйдээ биш харин ойлгуулж чадахгүй байгаа учраас л маргалдаад байгаа юм. Чи мэдээж ээждээ хайртай, ээж нь ч мөн чиний төлөө бүх сэтгэлээ зориулж байдгийг чи мэднэ. Та хоёрын маргалдаан түүнд бас хэцүү байгаа. Чамд өөрийгөө ойлгуулах боломжийг ээждээ олгон тайван ярилцаарай. Үүний тулд чи түүний бодлыг шүүмжлэлгүйгээр, өөртөө дүгнэлт хийн сонсох хэрэгтэй. Чи бусдыг ойлгож эхлэх нь олон өөрчлөлтүүд дагуулна.

Зорилгодоо хөтлөгд

Сэтгэл санаа тайван бус байгаагаас болоод зорилгоо мартсан юм биш биз. Чамайг урам зоригтой байхад туслах зүйл бол чиний зорилго ба түүндээ хүрэх төлөвлөгөө чинь юм. Сэтгэлээр унах бүртээ юунд тэмүүлж, зорьж байгаагаа санаж өөрийгөө тэвчээртэй байлгаарай.

 

 

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Мандухай

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #ЭцэгЭх #Ганцаардал #Найз