Г.Мөнхгэрэл: Би тоглоомуудаараа хүүхэлдэйн кино хийж үзсэн


“Toy story” хүүхэлдэйн киноны үйл явдал бодит байдалд биелэлээ олдог байсан бол Г.Мөнхгэрэлийн гэрт шөнийн цагаар олон жижиг тоглоомууд  бужигнан гүйлдэх байсан биз. (Төсөөлөхөөр гоё ч юм шиг cheeky). Учир юу гэвэл тэрээр Өндгөн Шоколадны тоглоом цуглуулдаг бөгөөд түүний цуглуулга 200 хол давжээ.

Гёте сургуулийн 10-р ангийн сурагч Т.Мөнхгэрэлийг бид “Миний хобби” булангийнхаа удаах зочноор урьж сонирхолтой яриа өрнүүллээ.

YOLO: Сайн уу, чиний цуглуулга их сонирхолтой бөгөөд эгдүүтэй юм аа. Чи тэгэхээр өндгөн шоколадны шоколаданд нь мөн дуртай гэсэн үг үү?
Тоглоомонд нь илүү дуртай болохоор цуглуулгатай болсон. Худалдаж авчихаад шоколадыг нь дүү нартаа өгөөд тоглоомыг нь өөртөө авдаг. Тоглоомыг нь дүү нараасаа харамлахгүй бол аваад алга болгочихдог юм хэхэ cheeky

YOLO: Хэдэн жил цуглуулж байгаа вэ?
Цэцэрлэгт байх үеэсээ эхлээд цуглуулдаг болсон. Сүүлийн гурван жилд хобби болгоод долоо хоногт 2, 3 ширхэгийг авдаг болтлоо эрчимтэй цуглуулж байгаа. Одоогийн байдлаар цуглуулга маань 236 тоглоомтой болсон байна.

YOLO: Маш олон тоглоом харагдаж байна. Эндээс хамгийн их нандигнадаг тоглоомынхоо түүхээс яривал...?
Хамгийн анхны тоглоомуудаа их нандигнаж хайрладаг. Ах маань надаас ч өмнө цуглуулдаг байсан болохоор тэр их дээр үеийн тоглоом гэж хэлж болно. Тэгэхээр маш олон жил надтай хамт байгаа. Дээр үеийн, урт настай тоглоомууд болохоор маш их хайртай байдаг. Харахад л хайр хүрэм, цаанаасаа бүр нандин санагддаг. blush

Зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

Түүний нандигнадаг хуучны тоглоомууд

YOLO: Яаж хадгалдаг вэ?
Хайрцаганд хийгээд ширээнийхээ орой дээр нь тавьчихдаг. Жижиг болохоор алга болох, эвдрэхээс нь хамгаалж хайрцаганд хийдэг. Хэрвээ тэгж хадгалахгүй бол тоглоомуудыг маань дүү нар маань аваад алга болгочихно шүү дээ.

YOLO: Хэр их мөнгө зарцуулсан бэ, тооцоолж үзсэн үү?
Нэг шоколад нь 2100 гэж бодохоор 400-500 мянга болох байх. Өөрийн маань сонирхол хэдий ч аав, ээж маань мөнгийг нь өгдөг. Тэд маань бүр өөрсдөө хоббитой болоод байнга л өндгөн шоколад авч өгдөг. Яг над шиг л цуглуулгандаа тоглоом нэмэх юмсан гэсэн сэтгэлээр ханддаг. Ээж аав маань намайг үнэхээр их дэмждэг. Бэлэг сонголтондоо ч гэсэн миний сонирхлыг мартаагүй байх нь үнэхээр сайхан санагддаг. Өнгөрсөн шинэ жилийн баяраар надад 16 ширхэг өндгөн шоколад бэлэглэсэн. Тэр үед тоглоомыг нь авах гээд тэсэлгүй бүгдийг задалж байснаа санаж байна.

YOLO: Тоглоом давтагдах тохиолдол бий юу?
Давтагдах тохиолдол их бий шүү. Тоглоомууд маань одоогоор 200 гаруй гэж байгаа боловч яг төрлөөр нь тоолбол арай өөр тоо гарна л даа. Нэг тоглоомоос 3,4 ширхэг, тэрнээс ч олон давтагддаг.

YOLO: Өөртэй чинь адилхан хобби, цуглуулгатай хүүхэдтэй таарч байв уу?
Над шиг ийм сонирхолтой хүүхдүүд их ховор байдаг. Хэрвээ тийм хүүхдүүдтэй танилцвал давтагдсан тоглоомоо солилцох, цуглуулганыхаа тухай яриа өрнүүлэх гээд олон зүйл хийж үзэхийг хүсдэг. Ижилхэн сонирхолтой хүүхдүүдийг хамруулсан групп нээх юмсан гэсэн бодолтой байдаг. Түүгээр дамжуулаад бие биедээ урам өгөх, сонирхолтой мэдээ  мэдээлэл солилцож цуглуулгаа баяжуулах юмсан.

Зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

YOLO: Цуглуулганаасаа хүнд бэлэглэж байсан уу?
Хүнд өгөх дургүй ээ хэхэ. Цуглуулгаа олон болгох гээд хичээж байгаа болохоор нэг ширхэг нь ч нэгдэхгүй. Жаахан муухай сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ далайд дусал нэмэр гэдэг шдээ, бусдаас их харамладаг.  Манай найзууд их гуйдаг юм хэхэ. Энэ чинь их гоё юм байна надад өгчих гэсэн хүсэлт зөндөө л ирдэг. Ганц ч удаа хүнд өгч үзээгүй ээ. cheeky

YOLO: Тоглоомоо өөр ямар нэгэн зүйлд ашиглаж байв уу?
Ахтайгаа хамт хүүхэлдэйн кино хийх гэж үзсэн. surprise Зургуудыг нь аваад хөдөлгөөнт бичлэг (animation) хийх гэж оролдсон. Их гоё болдог юм байна лээ. Цуглуулганы маань 80 гаруй хувь нь kinder-ийн тоглоом эзэлж байгаа. Kinder-ийн тоглоомууд их чанартай, бодитой биетэй байдаг., мөн дүү нар маань шоколаданд нь дуртай. Харин Орос тоглоомууд өнгө будаг нь тааруухан, хэврэг байдаг.

Би эвлүүлдгээс илүү бодит биетэй тоглоомонд дуртай болохоор шилж авдаг. Өндгөн шоколадан дотор ямар төрлийн тоглоом байгааг гаднаас нь би мэддэг. Сэгсрэхэд таг таг дуугарч байвал эвлүүлдэг, цөөхөн дуугарч байвал биетэй тоглоом байдаг болохоор шалгаж авдаг. Бүр мэргэжлийн болсон гэх үү дээ хэхэ

YOLO: Цуглуулганыхаа ирээдүйн зорилгыг хэрхэн тодорхойлсон бэ?
Дүү нараа том болохоор цуглуулгандаа тусгайлан булан гаргаад, бүгдийг нь өрж тавиад хүмүүст харуулах юмсан гэж их боддог. Байнга хайрцагтай байлгаад байх нь тиймэрхүү л дээ. Би ирээдүйд гадаадад сурна гэж боддог болохоор явахдаа цуглуулгаа орхихгүй ээ. Цаашдын цуглуулганы маань зорилго бол илүү олон болгох л гэсэн хүсэлтэй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ л хүн чинь дуртай зүйлдээ их цаг зарцуулж, тууштай болдог. Мөн ямар нэгэн зүйлийг бага багаар ахиулж, зорьсон зорилгоо биелүүлэх зан төлөвийг суулгадаг байж магадгүй юм.

Зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

YOLO: Цуглуулгатай байхын ач холбогдолыг юу гэж боддог вэ?
Төрөлжүүлж цуглуулах нь их сонирхолтой санагддаг. Ойрд би минион их цуглуулж байгаа.

Цуглуулганы маань ихэнх нь амьтныг дүрсэлсэн болохоор тэр ч юм уу би амьтанд их хайртай байдаг. Цуглуулгаа маш олон болгоод цуглуулчихсан хүмүүсийг хараад бахархахаас гадна тууштай байхыг үлгэрлэн суралцдаг.

Энэ чинь бас хүний зан чанарыг илтгэдэг зүйл. Юуг сонирхож байна, эхлүүлсэн зүйлдээ хэр үнэнч байна гэх мэт. Би бол цуглуулганаасаа огтхон ч уйдаж байгаагүй.

Тоглоомууд маань аз авчираад ч байгаа юм шиг санагддаг. Нэгэн удаа байнга авч явдаггүй ч цүнхэндээ байлгаж байдаг тоглоомоо аваад том шалгалтанд ороход тэнцсэн байсан. Энийг бодохоор аз авчирдаг юм шиг санагддаг. Ирээдүйн ажил мэргэжилд маань ч гэсэн миний цуглуулга нөлөөлөх байх.

YOLO: Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Амжилт хүсье. wink

Зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

#Hobby #Хобби #Цуглуулга #Collection #EggToy #Kinder