ЗАХИДАЛ: Түүнийг үзэн ядсан ч надад түүнийг гэх сэтгэл байдаг


ССҮТөв | YOLO.MN
2018-01-04

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Дараа нь би түүнийг үзэн ядсан, харин одоо бол би үзэн ядах дээрээ түүнийг хайрлаад байна

Зүгээр л хичнээн үзэн ядсан ч цаана нь миний түүнийг гэх сэтгэл гараад байна.

Сайн байна уу? Намайг М… гэдэг би 14-тэй эмэгтэй хүүхэд, хувийн сургуульд сурдаг. Би өмнө нь улсын сургуульд олон жил сурч байгаад энэ жилээс л хувийн сургуульд сурж байгаа болохоор их өөр мэдрэмж төрсөн. Харин хувийн сургуульд ирэхэд анх нэг хөвгүүн над руу бичсэн юм л даа, надаас хоёр анги ах. Анхандаа би тоодоггүй байсан, тэгээд хэдэн сарийн дараа яагаад ч юм би  тэрэнд дасчихсан байсан. Гэтэл яг энэ үед тэр өөр нэг охинтой үерхчихсэн байсан. Би тэрийг нь хараад гайхаад жоохон дотор сонин болсон, дараа нь би тэрийг мартаад байж байхад тэр над руу гэнэтхэн л хандарсан, би ч түүнд их гомдсон яагаад ингэж тэнэг юм шиг бүх зүйлийг нурааж баллаж байдагт нь.

Юу вэ гэвэл тэр харахад их дулаахан, сэргэлэн цовоо, бас өхөөрдөм, гэхдээ ууртай. Тэр намайг сонирхдог байсан үедээ байдгаараа л надад хөөрхөн ааш гаргадаг байсан. Гэвч тэр надад ганц ч уурлаж байгаагуй атлаа бусдад хашхичиж уурлаж байхыг нь харсан удаа зөндөө. Бусад хүмүүсээс түүний тухай асуусан юм. Тэр уучлалт гуйж чаддаггүй их зөрууд гэсэн, харин намайг нэг удаа гомдоочихоод уучлалт гуйсан. Зүгээр ч нэг гомдоох зүйл байгаагүй ээ их хүнд зүйл байсан. Анх байдаг л хүүхэд, дараа нь илүү нүдэнд өртөж надад маш их таалагддаг байсан. Тэгээд дараа нь би түүнийг үзэн ядсан, харин одоо бол би үзэн ядах дээрээ түүнийг хайрлаад байна. Зүгээр л хичнээн үзэн ядсан ч цаана нь миний түүнийг гэх сэтгэл гараад байна.

ЗӨВЛӨГӨӨ: Хүн бүрт л сул тал байдаг шүү дээ

Магадгүй тэр өөрөө анзаардаггүй ч юм билүү.

Сайн байна уу. Хүний мэдрэмж байнга л өөрчлөгдөж байдаг. Магадгүй тэр хүү чамайг гомдоосон учраас түүнийг үзэн ядах мэдрэмж "одоохондоо" төрж байгаа байх. Түүний яг ямар зан чанар, үйлдэл нь чамд таалагдаж байна ямар нь таалагдахгүй байна гэдгийг тодорхой болгоорой. Тэгвэл ямар үед хайрлах мэдрэмж төрөөд ямар үед үзэн ядаад байгаа нь тодорхой болно. Хэрвээ өнгөрсөнд болсон зүйлд гомдсондоо үзэн ядаж байвал түүнд үүнийгээ хэлээд тайвшраарай. Чи түүнийг хайрласан ч бай үзэн ядсан ч бай ямар ч байсан тэр хүн чиний хувьд чухал юм байна гэж ойлголоо. Тиймээс хэрвээ боломжтой бол түүнийг дутагдалтай талаа засахад нь туслаарай. Хүн бүрт л сул тал байдаг шүү дээ. Магадгүй тэр өөрөө анзаардаггүй ч юм билүү.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Abhor #Emotion