"Хэл сурах нь сонирхолтой гэдгийг СЭТГЭХҮЙДЭЭ САЙН СУУЛГАХ хэрэгтэй"


Үжин | YOLO.MN
2018-01-02

Орчин үед дэлхий нийтэд англи хэлний хэрэгцээ, шаардлага улам л өссөөр байгаа билээ. Түүнийгээ ч дагаад хүүхэд залуусын хувьд энэхүү хэлийг сурах гэсэн хүсэл эрмэлзлэл ч нэмэгдсээр…. Гэвч тэд чухамдаа хэрхэн шат дараалалтайгаар, юунд илүүтэй анхаарч сурах талаар тэр бүр мэддэггүй. Англи хэл сурах арга болон тэр дундаа Монгол хүний сурах арга барилын талаар "Golden Compass" сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ц.Дуламжавтай ярилцсаныг хүргэж байна. 

YOLO: Сүүлийн жилүүдэд хүүхэд залуус гэлтгүй бүх насныхан л англи хэлийг системтэйгээр буюу зөв арга барилаар хэрхэн сурах талаар бодох болсон. Гэхдээ тэр бүр яг өөрт тохирсон аргаа олох нь ховор. Тэгвэл тухайн хүн өөрт тохирсон арга барилаа хэрхэн олох ёстой байдаг юм бол?
- Монголчууд хуучныг бодоход англи хэлийг гадарладаг болчихсон хэрнээ л тэр бүр хэрэглээд байж чадахгүй байна. Зарим нь дунд сургуульдаа,  их сургуульдаа гээд олон жил үзсэн боловч  хэрэглэж чадахгүй байгаа нь үндэс муу бол цэцэг дэлгэрдэггүйтэй л адил юм. Нэг үгээр англи хэлийг сурахад сууриа өөрт таарсан зөв хэлбэр, арга зарчим ашиглан тавих нь чухал юм.  

Анхнаас нь хүүхдэд цагаан толгойг “дурлуулж” заах ёстой байдаг. Хэрэв тэгэхгүй бол хүүхэд англи хэлээс төвөгшөөж эхэлдэг. Хорин жил англи хэлийг заахдаа хүмүүсийн гаргадаг гол алдааг би дуудлага юм байна гэж ажигласан. Анх үсгээ дуудахдаа хүртэл буруу заачихдаг. Англи хэл өөрөө авиагаа залгидаг хэл байтал гадуур сургалтын төв, багш нар урт авиатай мэтээр заагаад байдаг. Ингээд л эхнээс нь зөрүүтэй байдлаар үндэсийг нь суулгахаар хэзээд олигтой үр дүнд хүрэхгүй.  

Тэгэхээр нэн түрүүнд чаддаг, чаддаггүй янз бүрийн багшаар заалгаж байхаар интернэт хөгжсөн энэ цаг үед унаган англи хэлтэй багштай цахим хичээл сонсож, үзэж болно. Тиймээс англи хэл сурах гэж байгаа хүн эхлээд сууриа зөв тавих буюу дуудлагаа зөв хэлж чаддаг болсны дараа сургалтын төвд дүрмээ үзэх ёстой юм. Учир нь хэл бол харилцааны гол хэрэгсэл болохоос огтоос гангараа биш. Тэгэхээр интернет орчинд хөгжилтэй, сонирхолтой бичлэг үзэн сонирхолоо тавьсан нь дээр юм. Сонирхол хэмээх хөрсөн дээр амжилт цэцэглэдэг биз дээ, ямар ч салбарт. 

Харин дараа нь  дүрэм сурах нь англи сэтгэхүй суулгаж байгаа хэрэг. Хэл бол томъёо биш, хэл бол хэрэглээ түүнийгээ дагаад сэтгэхүй байдаг. Гадаад хэл таныг хайрцагнаасаа гарч сэтгэхийг шаарддаг. Хэл сурахад алдаа гаргаж болно гэхдээ мэдээж англи сэтгэхүйтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл “эзэн бие + үйл үг + тусагдахуун” гэж англи хэлийг сурах биш, англи хэл дээр ингэж хэлэх шалтгаан нь юу билээ гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй. 

Тэр сайн арга, энэ мундаг багш, тэр сайн сургалтын төв гэж хэн нэгнээс сонсоод л хошуурах нь бас нэг талдаа тохиромжгүй юм. Учир нь Дулмаагийн сурах арга барил танд тохирохгүй байж болно шүү дээ.

Ц.Дуламжав


Тэр сайн арга, энэ мундаг багш, тэр сайн сургалтын төв гэж хэн нэгнээс сонсоод л хошуурах нь бас нэг талдаа тохиромжгүй юм. Учир нь Дулмаагийн сурах арга барил танд тохирохгүй байж болно шүү дээ. Тэр хүн та хоёрын хүмүүжил, бодол, зан араншин гээд огт өөр хүмүүс. Хэрэв үнэхээр туршмаар байгаа бол доод тал нь 10 хоног хийгээд үз. Энэ хугацаанд 30 хувиас дээш үр дүн гарахгүй бол тэр танд тохирох арга биш байна гэж үзээрэй. 

Тэгээд өнөөх уламжлалт арга буюу “Багш л ганцаараа ярина” гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэй. Энэ чинь хэл шүү дээ. Тиймээс хэлээрээ ярьж, ойлголцож байж л сурна. Ер нь Монгол улс даяар хэл заах арга барилыг шинэчлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Зааж байгаа, заалгуулж байгаа хоёулаа өөрчлөгдөх хэрэгтэй. Гадаад хэл сурч байгаа хүн яг л чин сэтгэлээсээ хүсэж зорих хэрэгтэй, хэл сурах нь сонирхолтой гэдгийг сэтгэхүйдээ сайн суулгах хэрэгтэй.

Дунд сургууль, их сургуульд буруу арга барилаар заачихдаг болохоор тэд “Англи хэл сурах нь энэ яваа насандаа барагдашгүй даваа юм” гэж бодоод түүнтэйгээ эвлэрчихдэг. Яг үнэндээ олон л монголчууд энэхүү хэлийг чадварлаг эзэмшээд өндөр оноо авч, гадаадын томоохон байгууллагад дарга ч хийж байна шүү дээ. Тэгэхээр хамгийн зөв арга бол эхлээд сонирхолоо төрүүл. 

YOLO: Сургалтын төвд суухгүйгээр англи хэлийг өөрөө бие даан сурах боломж хэр байдаг вэ?
- Үнэхээр боломж бололцоогүй бол,  “А, B, C...” дуунаас эхлээд энгийн амархан хэллэгтэй дуу татаж аваад сонс. Дуртай нэвтрүүлгээ ойлгохгүй ч гэсэн англи хэл дээр үз. Олон сонсоод байхаар тухайн хүний биеийн хэлэмжтэй нийцүүлээд хэлж байгаа нь ойлгогдоод эхэлдэг. Учир нь олон дахин сонсоод байхаар чихэнд хоногшиж ирдэг. Тэрнээс онгорхой чихийн юуг нь онгойлгох билээ. Чихэндээ хоногштол сонс.  Дараа нь хоногшсон зүйлээ толь бичиг ашиглаад орчуулах гээд үз, үг үгээр нь. Эхлээд өөрөө учрыг нь олох гээд үз.

Дийлэхгүй бол багшаа хайх хэрэгтэй. Багш тань сургалтын төв байх албагүй англи хэл сурч яваа найз, дүү тань ч байж болно.

Зарим хүн эргэцүүлэх, аналитик дүгнэлт хийх чадвар сул буюу бэлэн юм хүсээд байдаг. Гэтэл үнэндээ гадаад хэл гэдэг чинь эргэцүүлэл, сэтгэхүй гэдгийг санах хэрэгтэй.

Ц. Дуламжав


Нөгөөтэйгүүр юмыг эргэцүүлэх чадвараа сайжруулах хэрэгтэй. Зарим оюутан дүрэм ойлгохгүй биш, үг цээжлэхгүй биш харин 500 үгтэй бичвэрийг ойлгохгүй байгаад байдаг. Зүгээр л үг бүрчлэн орчуулаад байхаас Монголоор ямар утга санааг илэрхийлж байна, эсрэгжсэн байна уу, адилтгасан байна уу гэдгийг анхаардаггүй, эргэцүүлэх, аналитик дүгнэлт хийх чадвар сул буюу бэлэн юм хүсээд байдаг. Гэтэл үнэндээ гадаад хэл гэдэг чинь эргэцүүлэл, сэтгэхүй гэдгийг санах хэрэгтэй. 

YOLO: “Англи хэл сурахад авьяас шаарддаг юм байна” гэж хэлэх нэгэнтэй таарч байсан. Энэ хэр үнэний ортой вэ?
- Монгол хүнд “Яагаад” гэдэг учир шалтгааныг сайн ойлгуулаад өгчихвөл дэвтрээс илүүтэй толгойд нь үлдэх чадвартай байдаг. Ингэж хэлж байгаа хүнд англи хэл сурах сонирхолыг төрүүлэхгүйгээр тулган шаардах зарчмаар заачихсан гэсэн үг. “Энэ нь ингэх юм бол энэ нь ийм болно” гэж  хэлийг сэтгэхүй талаас заагаагүй болохоор тэр хүн үүнийг авьяас шаардлагатай юм байна гэж харсан хэрэг. Хэрэв үнэхээр авьяас шаардсан юм бол одоо англиар ярьж байгаа бүх монгол хүн л “Авьяаслаг Монголчууд”-д орохоор биз дээ (инээв). 

Тиймээс яагаад гэдгийг нь сайн ойлгохын тулд “Англи-Англи” тайлбартай дүрмийн номыг ашиглах хэрэгтэй. Ер нь бол англи хэлийг заана гэдэг нь багш номыг дамжуулах бус багш өөрийн толгойд байгаа мэдлэг, олон жилийн турш хуримтлуулсан туршлагаа дамжуулахын нэр юм. 

Нөгөөтэйгүүр ямар англи хэл сурах вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Жишээ нь, тухайн хүн академик түвшиний англи хэл сурах шаардлагагүй байж бусдыг дуурайж сурах гээд зүтгэчихдэг, дараа нь түүндээ шантардаг. Дээр дурдсанчлан зорилготой сурах л хэрэгтэй юм. Ингэхдээ өөртөө орчин бүрдүүлэх хэрэгтэй. Өдөрт дор хаяж 15 минут англиар үздэг, уншдаг, хардаг байх хэрэгтэй.  Мөн өглөө босонгуутаа утас эсвэл телевиз дээрээ англи хэлний сувгийг тааруулаад чангалчих хэрэгтэй. Тэрийг ойлгох гэж тэгж их хичээх хэрэггүй, зүгээр л чихээ дасга. Таван үгтэй нэг өгүүлбэр хэлэхэд аль аль үгийг нь нийлүүлж, дуудлагын ямар өргөлттэй хэлж байна гэдэг нь аяндаа дасчихдаг юм. 


Унших дадлаа сайжруулъя гэвэл үлгэрийн номноос эхлэх хэрэгтэй. Ерөнхий утга агуулгыг нь л ойлгохыг хичээх нь зөв юм. Тэрнээс манайхан шинэ үг бүрийг толь бичгээр харах гээд суучихдаг. Тиймээс утгачилж ойлгох хэрэгтэй. Гол утгыг үйл үг, нэр үгийн аль нь илэрхийлж байгааг ажигла. Үйл үгээс эхэлж цээжлэх үү нэр үгээс эхлэх үү гэдэг нь чухал.  

YOLO: Үг цээжилнэ гэснээс ер нь шинэ үг яавал хамгийн үр дүнтэй цээжлэгддэг юм бол?
- Манайхан шинэ үгээ ард нь тайлбартай нь ярайтал нь “сайхан” биччихдэг. Гэтэл энэ нь тийм ч үр дүнтэй арга биш юм. Харин үүний оронд тухайн шинэ үгээ өгүүлбэрт оруулснаар нь цээжлэх хэрэгтэй. Учир нь тухайн өгүүлбэрийн эзэн бие, үйл үг, тусгагдахуун нь таны цээжлэх гэж байгаа үгийг сануулаад өгчихдөг. Хэрэв бүр болохгүй бол хоршоо үгээр нь цээжлэх хэрэгтэй.

Мөн төсөөллийн арга гэж бий. Жишээ нь cup буюу аяга гэдэг үгийг цээжлэхдээ өөрийнхөө хайртай аягыг л төсөөлөөд бодчих хэрэгтэй. Дараа нь энэ үг гараад ирэхэд миний нөгөө аяга санаанд бууна гэсэн үг. Харин үйл үгийг хошин байдлаар цээжилдэг. Жишээ нь, change буюу өөрчлөх гэдэг утгатай үйл үгийг цээжлэхдээ төстэй дуудлагатай ченж гэдэг үгээр цээжилж болно. Утгыг нь цээжлэхдээ “Долларын ченж ханш өөрчлөөд...” гэх мэтээр цээжилнэ гэсэн үг. Учир нь монгол хүн нэр үгийг илүү хурдан цээжлэдэг учраас үйл үгийн төстэй дуудлагаар давуу тал болго гэсэн үг. 

YOLO: Англи хэлний хэдэн ерөнхий түвшин байдаг вэ?
Ерөнхийдөө дэлхий нийтэд англи хэлний зургаан түвшин байдаг. Гадуур байдаг 11, 12 түвшин байгааг би ерөөсөө ойлгодоггүй, гайхаад байдаг юм. Уг нь тийнхүү задалж олон болгох шаардлага байхгүй. Хэлийг тэгж олон түвшингээр ангилах бус байгаа ерөнхий зургаан стандартыг нь дагаад тэрхүү зургаан стандартдаа хэрхэн бага багаар ахиж хүрэх вэ гээд  хугацаагаа нарийн тодорхойлчих нь зөв юм. Гадуур байгаа тэр олон түвшинд сурах гэсээр хүүхэд залхаж эхэлдэг. Ер нь хэлийг хэрэглээний зориулалтаар эрчимтэй сурахад тохиромжтой хугацаа нь 3-6 сар байдаг. Харин боловсрол, судалгааны орчинд сурах гэж байгаа бол нийт дөрвөөс дээш жил хангалттай гэж үздэг. Тиймээс англи хэл сурахыг хүссэн хүн нь бодит хэрэглээгээ, суралцах хугацаагаа сайн тодорхойлсон, тууштай байх хэрэгтэй. Мөн төвшингөө зөв тогтоолго. 

Манайхан шинэ үгээ ард нь тайлбартай нь ярайтал нь “сайхан” биччихдэг. Гэтэл энэ нь тийм ч үр дүнтэй арга биш юм.

Ц.Дуламжав

 

 

YOLO: “Golden Compass” сургалтын төвийн бусдаас ялгарах давуу тал, онцлог юу вэ?
- Англи хэлний  багш найзтайгаа анх хоёр жилийн өмнө энэхүү сургалтын төвийг хамтран байгуулж байсан. Англи хэлийг хүн болгон л өөр өөрийн дураар л заагаад, тэнд очихоор 11 түвшинтэй, бас нэг өөр газар 12 түвшинтэй гэх мэт энд ямар нэгэн стандарт гээч зүйл байхгүйг ажигласан. Ном хувилаад л сурагчдад тараана, тэр нь яг чухамдаа зохиогчийн ч эрхгүй байх жишээний.

Наад зах нь монгол хүнд таарах эсэхийг нь мэдэхгүй арга барилаар заасаар ирсэн. Тиймээс бид хамтраад энэхүү сургалтын төвөө нээхээр ажилласан. Гэхдээ нэгэнт л боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулах учир үүнд маш нухацтай, хариуцлагатай хандах ёстой гэсэн шаардлагыг өөрсдөдөө тавьсан. Хэдий алдаа дутагдалтай тал байдаг ч монголд байгаа сургалтын төвүүд бүгд л өөр өөрсдийн хувь нэмрээ оруулж л яваа гэж боддог. 

Сургууль дээрээ уламжлалт аргаар хичээлээ залхталаа заалгачихсан хүнд яагаад тэрийг нь давтах ёстой гэж. Аливаа хоромыг үнэтэй байлгахын тулд санаачлагч байх хэрэгтэй.

Тиймээс илүү сонирхолтой аргуудыг ашигладаг. Анхлан суралцагч 3,5 сарын хугацаанд B2, C1 түвшинд очих боломжтой. Бидний туршлагаасаа батлан харуулахын бол жишээ нь ABC-ээсээ эхлээд хоёр сарыг өөртөө үнэнчээр зарцуулаад 6.5 буюу B2 түвшинд очсон дунд сургуулийн сурагч байна, мөн intermediate түвшинтэй ирээд advanced түвшинтэй 7,8 оноо аваад гадаадын тэтгэлэг хүртээд явсан насанд хүрэгчид ч бий. Тэгэхээр эндээс харахад 60 хувь суралцагчийн тууштай зан, 40 хувь багшийн хичээл зүтгэл байдаг. 

Мөн манай байгууллага багш нарынхаа чадварт байнга анхаардаг. Багш нараа  update буюу чадварыг нь ахиулж, арга барилыг нь шинэчлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж уламжлалт аргаас татгалздаг. Түүнээс гадна бид гадаад багшаа урьж авчрахдаа өндөр шалгуур тавьдаг.


Бидний туйлын зорилго Монголын боловсролын системд шинэчлэл авчрах, Монголын залуу үеэ дэмжье гэсэн чиглэлтэй. Аливаа байгууллага, хувь хүн нийгэмд хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, түүнийгээ үйлдэл болгож чадах л юм бол энэ улс орон хөгжинө. Тиймдээ ч манайх “Лантуун дохио” ТББ-тай хамтран ажиллаад нэг жил болж байна, “Ид шидийн орон”-д байгуулагдахад тодорхой дэмжлэг үзүүлсэн. 

Мөн гадаад харилцаагаа өргөжүүлж Германы нэгэн сургуультай хамтран ажиллахаар гэрээ хэлэлцээрийн түвшиндээ явж байна. Ингэхдээ манайд МСҮТ гэхээр их сургуульд тэнцээгүй хүүхдүүд элсэн ордог, хар бор ажил хийдэг, төгсөөд цалин бага байдаг гэсэн сөрөг ойлголттой байдгийг үгүйсгэж энэхүү ажлыг эхлүүлж байна. Австрали, Герман зэрэг орнуудад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь бүхэл бүтэн үйлдвэр шиг, тухайн улсыг хөгжүүлэх хамгийн чухал хүмүүс нь сурдаг. Тиймээс Монголд ч мөн энэ хандлагыг бий болгох хэрэгтэй байна. Энэ хандлагыг бид гадаад хэл заах гэдэг ажлаараа дамжуулан хийж байна. 

Эцэст нь зөвлөхөд хэрэв таны хэл сурах зорилго чинь олигтой дээшлэхгүй байгаа бол та залхсан байна, одоогийн аргаа солих цаг нь болжээ. Тиймээс одоо дүрмээ нэг хэсэгтээ болиод өөрийгөө сэргээх багшийг ол. Англи хэлийг үнэгүй сурах интернет цахим хуудсууд олон бий тэд нарыг судал. Ядарсан, залхсан үедээ чадахгүй байгаа зүйлээ битгий хий. 

Харин түүний оронд амархан чадвараа хий. Сэргэг байдаг үедээ хэцүү чадвараа хөгжүүл. Үг мэдэхгүй байгаадаа битгий гутар. Үг биш өгүүлбэрээр ярьдаг учраас аль болох өгүүлбэрээр өөрийгөө илэрхийлэх гэж хичээ. Үгээ цээжлэхдээ үгсийн аймгаар нь ялгаад хоршоо байдлаар цээжил. За ингээд 2018 он оюуны хөрөнгө оруулалтыг жил байх болтугай. Гадаад оронд сурах гэж хэлийг сонгох биш харин үнэгүй олон нөөц бололцооноос оюунаа тэтгэх гэж хэлийг сураарай гэж ерөөе.

YOLO: Ярилцсанд баярлалаа. 

"Golden Compass" сургалтын төвийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

#Language #Learning #Advice #Teenagers