Хүний амь аварсан, сайн үйл хийсэн ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮДИЙГ шагналаа


Сондор | YOLO.MN
2017-12-27

Үндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан 2017 оны шилдэг хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, шагнал гардууллаа.

Ерөнхий сайд хүүхдүүдэд хандаж,

-Монгол хүний оюуны нөөц боломж, авьяас чадвар асар их гэдгийг харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, таниулж чадлаа. Цаашид ч нөөц боломжоо бүрэн дайчилж, шинэ нээлт, шинжлэх ухааны сорилтыг даван гарч, алсын хараатай, эрдэм боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй, шаргуу хөдөлмөрч, зөв иргэн болон төлөвшинө гэдэгт итгэл дүүрэн байна гэлээ.

Бид бахархах түүх соёл, өв уламжлалтай ард түмэн. Энэ ч утгаараа Засгийн газар хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эергээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлж, энэ хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас үндэсний өв соёл, түүхт уламжлалаа хүүхэд, багачууддаа сурталчлан таниулах, өвлүүлэх чиглэлээр бодитой ажлуудыг хийж байна.

2018 онд “Хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж, хүүхдийн зуслан, хүүхдийн ордон, хөгжлийн төв, дотуур байр, өдөр өнжүүлэх төвүүдээр дамжуулан хүүхэд бүрт хүргэхээр зорьж байна.

Монгол Улс Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмийн бүх орчинд хориглож, хуульчилсан. Цаашид хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үүрэг хүлээгч талуудын идэвхтэй оролцоог хангах, хүүхдэд үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.

Бид бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ хүүхдийн язгуур эрх ашгийг дээдлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор гэр бүлд суурилсан хүүхдийн хөгжил, хамгааллын тогтолцоог боловсронгуй болгохыг эрхэмлэж байна гэлээ.

 Бидний өвөг дээдэс үр хүүхдийнхээ хөгжил, төлөвшилд онцгой анхаарч ирсэн. Та бүгдийн амжилтаар эцэг эх, гэр бүлийнхэн, багш сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчид тань бахархаж байгаа. Үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлсэн, шавь нараа чадварлаг болгон даджуулсан хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2017 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД




1."СУРЛАГЫН АМЖИЛТ" НОМИНАЦИ

1.  Бямбаагийн Мэндсайхан. 16 настай. Увс аймгийн Улсын тэрүүний ерөнхий боловсролын лаборатори 1-р цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч. Монгол Улсын Их Сургуулийн нэрэмжит химийн улсын анхдугаар олимпиадын алт, аймгийн Химийн олимпиадын 2016, 2017 оны хошой алт, "Ирээдүйн мянгат-2017" улсын математикийн уралдааны мөнгөн медалийн эзэн.

2.  Ганбаатарын Цолмон-Од. 16настай. Хэнтий аймгийн Дадал сумын Тэмүүжин цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч. Вьетнам улсын Ханой хотод болсон "Ази номхон далайн бүсийн мэдээллийн технологийн олимпиад"-д компьютерийн программ хангамжийн төрөлд тэргүүн байр эзлэн алтан медаль, англи хэл дээр хайлт хийх чадвараар дэд аварга болж мөнгөн медаль, компьютер тоглоом зохиож англи хэл дээр танилцуулах төрлийн тусгай байрын эзэн.

3.  Нямсамбуугийн Янжинлхам. 16 настай. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Хүмүүн" нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч. П.Энхболдын нэрэмжит Улсын математикийн 14-р олимпиадын хүрэл, Улсын геометрийн анхдугаар олимпиадын хүрэл, Төвийн бүсийн 17-р олимпиадын алт, хүрэл, Их сунгаа улсын 20-р олимпиадын хүрэл, "Шидэт квадрат  стандартын улсын олимпиад"-ын хошой алтан медалийн эзэн болсон шилдэг сурагч юм.

2.УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ  НОМИНАЦИ

1.  Цацралтын Мичидмаа. 8настай. Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн 3в ангийн сурагч. Гүрж улсын Батуми хотод болсон "Best princes of the word-2017" олон улсын миссийн тэмцээний алтан титмийн эзэн ,"Best Grace" номинацийн эзэн, "Little miss world-2017"  тэмцээний үндэсний ялагч. "Хайр", "Он цагийн эрэлчид", "Том дөрвөн толгой", "Хөхөө", "Үзэсгэлэнт 12 сар", "Монголжин" зэрэг уран сайхны киноны гол дүрд тоглосон.

3.БИЕИЙН ТАМИР, СПОРТ БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛ НОМИНАЦИ

1.  Энхтуяагийн Лхагвадулам.15настай, Дархан-Уул аймгийн 15-р сургуулийн 12а ангийн сурагч. Индонез улсын Жакартад болсон Ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээний дунд насны ангиллын олон багц, зураг, тоон марафон 5 минут,  тоон марафон 60 минут, хийсвэр зураг төрөлд тус бүр алт, хурдны хөзөр, хоёртын тоолол, түүхэн үйл явдал, олон багц хөзөр цээжлэх төрлүүдэд дэлхийн рекордыг шинэчилж насандаа 1-р байранд орж Өсвөрийн дэлхийн аварга болсон. Ой тогтоолтын олон улсын их мастер.

2.  Батдаваагийн Есүй. 9 настай. Сонгинохайрхан дүүргийн 42-р сургуулийн 5-р ангийн сурагч. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд нас өгсөн оролцож "Хүрэл медаль", Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртсэн. Турк улсын Измир хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах даамын тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, Польш улсын Давки хотод болсон даамын Өсвөр залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Энэ амжилтаараа 2017 онд Ази тивийн хошой аварга, өсвөрийн дэлхийн аварга босон.

3.  Доржсүрэнгийн Цэлмүүн. 7настай. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р сургуулийн 3б ангийн сурагч. Румын улсын Яйши хотод  болсон "Сурагчдын дэлхийн аварга" шалгаруулах тэмцээнээс 7 насны эмэгтэй ангиллын алтан медаль, дэлхийн аваргын цом, БНХАУ-ын Панжин хотод болсон "Сурагчдын Ази тивийн аварга" шалгаруулах тэмцээнээс 7насны эмэгтэй ангиллын алтан медаль, Ази тивийн аваргын цом, мөн тэмцээний 7 насны эмэгтэй ангиллын Рапид төрлийн 4-р байрын шагналыг эх орондоо авчирсан. Дэлхийн шатрын холбооны дэд мастер.

4.  Батбаярын Оюунбилэг.15 настай. Завхан аймгийн Улиастай сумын 4-р сургуулийн сурагч. Австри улсад болсон Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн пара олимпийн Цасны гуталтай гүйлтийн 100,  200  метрийн төрөлд  тус тус  мөнгөн медаль  хүртсэн. Монгол Улсын паралимпийн хорооны  "Алтан нар" одонт шилдэг хүүхэд  юм.  

5.  Цэрэндуламын Энхчимэг. 17настай. Төрөлжсөн сургалттай Биеийн тамир спортын дунд сургуулийн 12б ангийн сурагч. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн, Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр самбо бөхийн төрлөөр алт, Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, Жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр жудо бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн. Серби улсад болсон Самбо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Ташкент улсад болсон Самбо бөхийн Азийн  аварга шалгаруулах тэмцээний алт, Киргиз улсад болсон Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний "Хүрэл медал"-ийн эзэн.

4.ЭХ ОРНЫ ТҮҮХ, ӨВ УЛАМЖЛАЛ

1.  Өлзийдэмбэрэлийн Уранчимэг.17настай. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р сургуулийн 10-р ангийн сурагч. "Хаврын баяр" цэнгээнт бүжгийн тэмцээний мөнгө, "Ганга мөрний уянга" энэтхэг бүжгийн улсын уралдааны алт, мөнгөн медалийн эзэн, ЮНЕСКО-гийн Зүүн Азийн хүүхдийн урлагийн Их наадамд бүжгийн төрлөөр алтан  медаль  авсан.

2.  Дамбийгийн Шаравдорж. 4 настай. Архангай аймгийн Цэнхэр сумын Хүүхдийн цэцэрлэгт сурдаг. Оскарын шагналын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх эрхийг анх удаа авсан уран бүтээлч Д.Золбаярын бүтээл "Чингисийн хүүхдүүд" уран сайхны киноны "Улаанаа"-ийн дүрд тоглож үндэсний уламжлал, эх түүхээ олон улсад таниулсан.

3.  Дамбийгийн Доржсамбуу. 10настай. Архангай аймгийн Цэнхэр сумын дунд сургуулийн 5-р ангийн сурагч. "Чингисийн хүүхдүүд" уран сайхны киноны "Бямбаа"-ийн дүрд тоглож үндэсний уламжлал, эх түүхээ олон улсад таниулсан.

4.  Дамбийгийн Дорж. 13настай. Архангай аймгийн Цэнхэр сумын дунд сургуулийн 6-р ангийн сурагч. "Чингисийн хүүхдүүд" уран сайхны киноны "Дорж"-ийн дүрд тоглож үндэсний уламжлал, эх түүхээ олон улсад таниулсан.

5.ХҮҮХДИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА

1.  Байгалмаагийн Анхбаяр. 17 настай, Нийслэлийн лаборатори 117-р сургуулийн 12а ангийн сурагч. Нийслэлийн хүүхдийн холбооны тэргүүн. "Хөгжлийн харандаа экспо"-г санаачлан зохион байгуулагч. Нийслэлийн машингүй өдрөөр Багшийн дээдээс Залуучуудын холбоо дахь урд талын машины зам дээр хүүхдүүд зураг зурах үйл ажиллагаа болон “Бид дэлхийн ирээдүй” илтгэлийн тэмцээн зохион байгуулсан. Нийслэлийн шилдэг хүүхэд.

2.  Цэндбаатарын Нарангэрэл. 16 настай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Эрдмийн далай цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч. Сурагчдын оролцооны байгууллага, Аймгийн өсвөрийн аврагч бүлгэм, Аймгийн онцгой байдлын газарт зохион байгуулагч- сурагчаар ажилладаг. "Дэлхийн зөн" олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг" 5 жилийн аяны нээлтийн ажиллагаанд Швейцар улсын Женевт болсон  чуулганд оролцож "Хүүхдийн бие махбодийн шийтгэлийг зогсооё" нэртэй илтгэлээ хэлэлцүүлсэн.

6.БҮТЭЭЛЧ АЖИЛЧ ХИЧЭЭНГҮЙ БАЙДАЛ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА

1.  Жадамбын Жанлав-Ойдов.18 настай. Техник технологийн политехник коллежийн 3-р ангийн оюутан. "Монгол ур чадвар-2017” улсын уралдаан, Монгол ур чадвар гагнуурын уралдааны "Тэргүүн байрын эзэн. БНХАУ-ын Шанхай хотод болсон "World Skills China-2017" олон улсын гагнуурын уралдааны 4-р байр, Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод болсон "WorldSkills-2017" олон улсын гагнуурын уралдааны шагналт байрын эзэн.

7. ХҮМҮҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛС

1.  Дэлгэрцэцэгийн Хандсүрэн. 16 настай. Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. 2017.05.17-ны өдөр гал түймэр гарч байсан айлаас 4 настай Цэнгүүн хүүг гэрээс нь гарган амийг нь аварсан. Мөн "Алтан намар" спортын наадмын 10 метрийн гүйлтийн 2 дугаар байрны эзэн.

2.  Жамсранжавын Тэгшжаргал.9 настай. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн 4б ангийн сурагч. "Өсвөрийн номын санч", "Өсвөрийн эмч", "Ангийн дарга" нарын зөвлөл зэрэг хүүхдийн оролцооны байгууллагын гишүүний хувьд сургуулийнхаа эмч, номын санчтай хамтран ажилладаг. Найз нөхөд, насанд хүрэгчид болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг уриалан  гамшигт өртсөн 85 айлд 3.545.640 төгрөгийн, бусад ажилд 1.517.900 төгрөгийн, нийт 5.063.540 туслалцаа үзүүлэн сайн дурын ажлыг удирдан зохион байгуулж ажилласан. Монголын Улаан загалмай нийгэмлэгийн "Тусч хүүхэд" медальтай.

8.ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНИЙГ СЭДЭХ, САНАХ САНААЧИЛГА

1.  Хишигжаргалын Тамир. 14настай, Сонгинохайрхан дүүргийн "Гэрэлт ирээдүй" сургуулийн 9а ангийн сурагч.  Монгол Улсад шинэхэн хөгжиж байгаа радио пилингацын спортоор хичээллэдэг. Энэ нь хэдэн арван км-ийн цаана нуусан төхөөрөмжийг түүнээс цацрах долгионы тусламжтайгаар олж илрүүлдэг спорт бөгөөд "Үнэг агналт" гэсэн тэмцээн олон улсад болдог юм. 2017 оны  Азийн аваргын "Үнэг агналт"-ын тэмцээнд багаараа нэг алт, нэг мөнгө, 2 хүрэл, хувиараа 2 мөнгө, 1 хүрэл медалийн эзэн болсон.

9. БАЙГАЛ ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН

1.  Өлзийбаатарын Мөнхцэцэг.17настай. Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12б ангийн сурагч. "Их нартын хадны аргал" төслийн хүрээнд клубээ төлөөлөн АНУ-ын Денвер хотоос ирсэн америк хүүхдүүдтэй хамтран аргалын судалгаа, тас шувууны идэш тэжээл, мэрэгч, шавжийн судалгаа хийсэн. Хог хаягдлыг багасгах, хаягдал материалыг дахин ашиглах, гялгар уутны хэрэглээг багасгах, эрүүл мэндэд тустай, байгаль орчинд ээлтэй экологийн боловсрол хүмүүжил олгох зэрэг ажлуудыг хийсэн. Абу Дабид болсон Шувуулахуйн  наадамд оролцож шонхор шувууны талаар мэдээлэл хийсэн.

#Best #Children #Mongolia #2017