Шилдэг даамчдын тэмцээнд Д.Эрдэнэбилэг түрүүллээ


Сондор | YOLO.MN
2017-12-26

"Алтан хүү" клубээс зохион байгуулдаг оны шилдэг даамчныг шалгаруулах "Final 2017" тэмцээн энэ сарын 18-24-нд болж 14 даамчин тив, дэлхийн тэмцээнүүд явагддаг цагийн хяналт (үндсэн цаг 80 мин+нүүдэл бүрт 1 минут)-аар өрсөлдсөн юм.

Оролцогчдыг цол зэргээр нь ангилвал Олон улсын их мастер цолтон 4, Дэлхийн даамын холбооны мастер 5, спортын мастер 5 байв.

Тойргийн журмаар тоглож дүнгээ гаргахад Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Д.Эрдэнэбилэг боломжит 26 онооноос 21 авсан амжилтаар тэргүүлэв. Чансаа олгох цувралуудад хамгийн өндөр буюу 244 оноо цуглуулсан тэрбээр шигшээ тэмцээнд ч бусдаасаа илүү байж чадсан юм.

Удаах байруудыг энэ оны улсын аварга ОУИМ Г.Ганжаргал 18, өнгөрсөн жилийн “Final 2016” тэмцээний ялагч ДДХМ Ц.Хашчулуун 17 оноогоор эзэллээ. Энэ үеэр болсон түргэвчилсэн тоглолтын тэмцээнд ДДХМ Ц.Сүхбат, Б.Мөнхжин, ОУИМ Г.Ганжаргал нар эхний гурван байрт шалгарав.

Тэмцээнд оролцогчид эзэлсэн байраасаа шалтгаалж 50-400 мянган төгрөгийн шагнал хүртсэн юм. Дашрамд сонирхуулахад тус тэмцээнийг зохион байгуулагчид ирэх жилээс олон улсын рейтинг тооцож, Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны цол олгодог болох зорилго тавин ажиллаж байгаа аж.

Оролцогчид:

    - Д.Эрдэнэбилэг – Олон Улсын их мастер, Ази тивийн 5 удаагийн, улсын 12 удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин
    - Г.Ганжаргал – Олон улсын их мастер, Ази тивийн аварга, улсын 7 удаагийн аварга
    - Р.Манлай – Олон улсын их мастер, Ази тивийн аварга, Хятад, Голландын ОУТ-ий аварга
    - М.Нямжаргал – Олон улсын их мастер, Ази тивийн хошой аварга
    - Г.Гэрэлболд – Өсвөр үеийн дэлхийн аварга
    - Б.Мөнхжин – Дэлхийн даамын холбооны мастер, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт
    - Ц.Хашчулуун – Дэлхийн даамын холбооны мастер, Блиц, рапид тоглолтын улсын аварга, 64 буудалт даамын улсын хошой аварга, “Final 2016” тэмцээний аварга
    - Ц.Отгонбилэг – Дэлхийн даамын холбооны мастер, УАШТ-ий хошой мөнгөн медальт, залуучуудын ДАШТ-ий IV байрын шагналт
    - С.Даваадорж – Дэлхийн даамын холбооны мастер, УАШТ-ий 2 мөнгө, 1 хүрэл медальт
    - Б.Батжаргал – Спортын мастер
    - Э.Энх-Эрдэнэ – Спортын мастер, УАШТ-ий хүрэл медальт
    - Е.Ариунзаяа – Спортын мастер, улсын хогой аварга
    - Ц.Эрдэмбилэг – Спортын мастер
    - Ц.Чинзориг – Спортын мастер, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт

#Chess #Competition