2017 оны ШИЛДЭГ эрэгтэй тоглогчоор М.Төгөлдөр шалгарлаа


Үжин | YOLO.MN
2017-12-13

МХБХ-ны "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаа өчигдөр болж 2017 оны шилдгүүдээ шалгарууллаа. 2017 оны шилдэг эрэгтэй тоглогчоор "Эрчим” клубийн хагас хамгаалагч М.Төгөлдөр тодров.

Тэрбээр "Хүрхрээ" үндэсний дээд лигийн 2017 оны улиралд 17 тоглолтод 10 гоол оруулан, 5 гоолын дамжуулалт өгч, үндэсний лигийн шилдэг хагас хамгаалагчийн шагналыг хүртсэн юм. М.Төгөлдөрийн хувьд "Эрчим" клубтэй "Хүрхрээ үндэсний лиг"-т гурав дараалан түрүүлснээс гадна шигшээ багийн салшгүй нэгэн хэсэг болсон тоглогч билээ.

Мөн Монголын 23 хүртэлх насны шигшээ Тайландтай 1:1-ээр тэнцэхэд нэг гоол, үндэсний шигшээ баг Тайваньтай нөхөрсөг тоглолт хийхэд нэг гоолын дамжуулалт, үндэсний шигшээ Индонез улсад "ACEH WORLD SOLIDARITY" тэмцээнд  хоёр гоол оруулсан амжилтуудаас харж болно. Түүнд шилдгийн шагналыг "Алтан жолоо" групийн Ерөнхийлөгч В.Энхбаатар гардууллаа.

МХБХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар өөрийн нэрэмжит шагналыг Футзалын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир болон "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн "Улаанбаатар сити" клубт гардууллаа.

Монголын футзалын үндэсний шигшээ болон 20 хүртэлх насны футзалын шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир 2017 онд Монголын Хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэн үлдэх амжилтыг бүтээсэн. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай залуучуудын футзалын шигшээ баг Азийн 20 хүртэлх насны АШТ-ий шөвгийн наймд шалгарч, манай улсын шигшээ багуудаас Азийн аваргын хэсгийн шатыг давсан анхны баг болсон юм.

"Улаанбаатар Сити" клуб 2016 онд, байгуулагдсан анх жилдээ "Хүрхрээ үндэсний дээд лиг"-т өрсөлдөж, 8-р байранд орсон Ганзоригийн Дашням эзэнтэй "Улаанбаатар Сити" клуб энэ жил огцом тэсрэлт хийсэн. Тэд энэ онд "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн аваргын төлөө ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, мөнгөн медаль хүртсэнээс гадна "Холбооны цом"-ын тэмцээний аварга багаар тодорсон билээ. Зөвхөн талбай дээр ч биш, талбайн гадна ч олон томоохон төслийг хэрэгжүүлж буй “Улаанбаатар Сити” клуб ирэх онд өөрсдийн цэнгэлдэх хүрээлэнтэй болно.

2017 оны "Бэлгэдлийн 11" шагналаа Луи Саагаас гардан авлаа

"Бэлгэдлийн 11" тоглогчийн шагналыг Английн "Манчестер Юнайтед", Францын шигшээ багийн довтлогч "Алтан бөмбөг" ёслолын үйл ажиллагааны хүндэт зочин Луи Саа гардууллаа.

2017 оны "Бэлгэдлийн 11"-т багтсан шилдэг тоглогчдодоо баяр хүргэж, амжилт хүсье.

2017 оны шилдэг эмэгтэй тоглогч "Арвис" клубийн хагас хамгаалагч Г.Цолмон
Г.Цолмон гурав дахь жилдээ зохиогдсон "Эмэгтэйчүүдийн лиг"-ийн аваргын цомыг "Арвис" багийнхаа хамтаар хоёр дахиа өргөсөн. "Эмэгтэйчүүдийн лиг”-т түрүүлснээс гадна 16 хүртэлх насны УАШТ-д түрүүлж, шилдэг хагас хамгаалагчийн шагналыг хүртсэн өсөх ирээдүйтэй, авьяаслаг тоглогч юм.

Эдгээрээс гадна Г.Цолмон өнгөрөгч тавдугаар сард Хонгконг улсад зохиогдсон Азийн 15 хүртэлх насны АШТ-д Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ баг Гуамтай 1:1 тэнцэхэд нэг оруулсан.

Энэ нь Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэнд албан ёсны тэмцээнд оруулсан анхны гоол болон тэмдэглэгдэхийн зэрэгцээ, анхны оноог авч ирсэн. Г.Цолмонд шилдгийн шагналыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц гардууллаа.

2017 оны шилдэг легионер тоглогч “Эрчим” клубийн хагас хамгаалагч Шута Ишино
"Алтан бөмбөг" ёслолын үйл ажиллагаанд шинээр нэмэгдсэн "Шилдэг гадаад тоглогч" номинацийн ялагчаар "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн аварга "Эрчим" клубийн Япон хагас хамгаалагч Шута Ишино шалгарлаа.

Шута Ишино 2017 оны "Хүрхрээ үндэсний дээд лиг"-ийн улиралд 12 гоол оруулан, 10 гоолын дамжуулалт өгсөн. Өнгөрсөн жил "Бэлгэдлийн 11"-т багтсан анхны гадаад тоглогч болсон Шута Ишино энэ жил "Шилдэг гадаад тоглогч" шагналыг авсан анхны тоглогч болов. Түүнд шилдгийн шагналыг МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал гардууллаа.

Шута Ишино өөрийн биеэр хүрэлцэн ирж амжаагүй тул "Эрчим" багийн ахлагч Ц.Энхжаргал түүний шагналыг авлаа.

2017 оны шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч З.Баттулга

З.Баттулга "Хүрхрээ үндэсний лиг"-ийн аваргын тавцанд "Эрчим" клубийг гурван удаа дараалан гаргаж, үндэсний лигт гурван улиралд дараалан түрүүлсэн анхны баг болгосон.

Зөвхөн энэ жилээр зогсохгүй сүүлийн гурван жил З.Баттулга “Эрчим” клубийн тоглолтын арга барилыг өөрчилж, илүү хүчирхэг баг болгож, 120 сая төгрөгийн шагналын сантай "Хүрхрээ үндэсний дээд лиг"-т гурав дараалан түрүүлээд байна.

З.Баттулга зөвхөн "Эрчим" клубийнхээ хамтаар амжилт гаргах бус Монгол улсын 19 хүртэлх насны шигшээ багийг удирдан Сингапурын шигшээ багийг 4:2 хожиж, энэ насны шигшээ багийн түүхэн дэх анхны оноо, хожлыг авсан. Түүнд "Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч" шагналыг МХБХ-ны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд болох Б.Батсайхан, Б.Болд нар гардууллаа.

#Basketball #Best #Male #Gamester