С.Билгүүн: Надад Аргентин улсад "ДУРЛАХ" хэд хэдэн шалтгаан бий


Сэтгүүлч О.Дорж | YOLO.MN
2017-12-07

Боломж олдвол тэтгэлэг хүртэн гадаадын аль нэг улсад суралцах талаар чи нэг бус удаа бодож л байсан байх. Тэгвэл тэрхүү бодлоо бодит зүйл болгож биелүүлж чадсан нэгэн охиныг бид энэ удаагийнхаа ярилцлагаар танилцуулах гэж байна. Тэр бол YFU –аас зарлагдсан Аргентин улсын тэтгэлгийг хүртсэн, 21-р сургуулийн 12-р ангийн сурагч С.Билгүүн юм.

YOLO: Сайн байна уу? Хүртсэн тэтгэлгийнхээ талаар мэдээлэл өгөөч?
- YFU буюу сурагч солилцооны хөтөлбөр нь гадаад хүмүүс хэрхэн амьдардаг, өдөр тутмын амьдралын хэв маяг, сургуулиудтай нь танилцаж ахлах сургуульд нь 6 сараас 1 жил хүртэл суралцаж туршлага судлах боломжыг олгодог юм. Миний хувьд анх Yolo.mn-ээс шалгаруулалтын удирдамжыг нь олж харсан. Шалгаруулалтын явцад надад бэрхшээлтэй зүйл гараагүй. Учир нь би дуртай зүйлийнхээ төлөө тэмүүлж байсан болохоор.

YOLO: Суралцах сургууль болон мэргэжлээ сонгосон уу?
- Яг үнэнийг хэлэхэд би боломж бололцоогоо одоо хүртэл нээгээгүй бөгөөд сургуулиа төгссөнийхөө дараа нэг жилийн чөлөө (gap year) авч өөртөө зарцуулна даа. Ажил хийж, дуртай сургалт дамжаандаа сурж, авьяас болон чадвараа олж нээснээр их сургуульд орно.

YOLO: Яагаад Аргентин улсыг сонгох болсон бэ?
- Аргентин улсад "дурлах" хэд хэдэн шалтгаан бий. Нэгт хүмүүсийн цоглог эрч хүчтэй байдал. Тэдний ардын урлаг, ая хөгжимд энэ бүхэн нь шингэсэн байдаг.
Хоёрт газар зүйн байрлалын хувьд Атлантын далайн хажууд байдаг. Магадгүй сөнөсөн гэгддэг Атлантида тивийг нээх ч юм билүү гэж бодсон доо. smiley(инээв)

Гуравт испани хэл. Миний хамгийн хайртай зохиолч зохиолоо испаниар бичсэн байдаг. Түүнийг нь Монгол хэлээр орчуулсныг нь олоход маш хэцүү.

YOLO: Испани хэл сурахад хэцүү юу?
- Монголд Испани хэл сурна гэдэг их хэцүү .Багш, ном сурах бичгээс эхлээд тун ховор шүү! Гэхдээ Интернэт гэдэг том багш байгаа болохоор анхан шатны мэдлэгээ Duolingo гэх мэт сайтаас сурчих боломжтой.

YOLO: Ер нь аливаа хэл сурахад юу дээр анхаарвал зүгээр вэ?
- Хэл сурахад өгүүлбэрийн бүтэц, аялга дээрээ анхаарч үгээ сайн цээжлэх хэрэгтэй. Миний хувьд би Испани хэлний аялгад нь бараг дурлачихсан. Би үг цээжлэхэд жижиг цаасны нэг талд нь гадаад үгээ нөгөө талд нь Монголоор нь бичээд шалгавал амархан цээжлэгддэг. Автобусан дотор цээжилсэн ч гэсэн амар шүү дээ.  Уг хэл дээрээ кино үзэх, ном унших, тухайн орны соёлыг судлах нь хамгийн сайн аргууд юм.

YOLO: Чамд чөлөөт цаг гарвал юу хийдэг вэ?
Төгөлдөр хуур тоглож, эртний сонгодог дуурь үзэж, ном уншдаг. Учир нь нэг өвөрмөц мэдрэмжийг надад өгдөг. Мөн найз нөхөдтэйгөө уулзаж тэдний санаа бодлыг сонсох дуртай. Гэсэн ч гэр бүлийнхэнтэйгээ илүү цаг гаргахыг чармайдаг.

YOLO: Тэтгэлгийн нэг чухал хэсэг нь эссе байдаг шүү дээ. Чи эссегээ хэрхэн бичдэг вэ?
- Ном уншиж тархиа цэнэглэж оюунаа сайн задлах хэрэгтэй. Ном сайн уншаад байвал эссе бичихэд сэтгэхүй хайрцаглагдахгүй. Эссе бичихэд зохиолч Л.Түдэвийн "Үгэн Бороо", Мишель дө Монтены "Сонгодог" эссенүүдийг уншчихсан байхад чамайг эссе бичиж сурахад зүгээр л хөтлөөд аваад явна шүү дээ. Мөн өөрийн гэсэн бичих хэв маяг тогтоно.

YOLO: Ном унших нь сэтгэхүй задалдаг гэлээ. Та ямар төрлийн номонд дуртай вэ? Өсвөр үеийнхэнд хамгийн чухал гэсэн номоосоо санал болгооч?
- Би ихэвчлэн философын талын ном уншдаг. Хүүхдүүд ер нь сүүлийн үед бестселлер ном, бусдын их уншдаг номыг хэдий дургүй байсан ч авах тохиолдол байдаг. Энэ нь маш буруу бөгөөд зөвхөн өөрт тохирсон, дуртай, ирээдүйдээ хувь нэмэр оруулахуйц номнуудыг авч унших хэрэгтэй. Хүн унших номоо өөрөө сонгох нь хамгийн том эрх чөлөө юм даа.

YOLO: Тун удахгүй тэтгэлэг зарлагддаг улирал эхэлнэ. Тэтгэлэгт бэлдэж буй хүүхдүүддээ зөвлөгөө өгөөч?
- Эхлээд явах гэж буй улсаа тодорхойлох. Та тухайн улсынхаа соёлыг хэр сайн мэдэх вэ? Энэ улсад сурвал би юуг олж авах вэ? Би үнэхээр үүнд дуртай байна уу? гэж өөрөөсөө асуугаад үзээрэй.

Хоёрт үнэхээр тухайн зүйлдээ дурласан бол тасралтгүй хөдөлмөрлө. Эртнээс эхэлж бага багаар бэлдэх нь дөхүүлж шууд бэлдсэнээс хэд дахид илүү байдаг.

Гуравт Интернэтээс эргэлзэж буй зүйлийнхээ тухай нэг хайгаад үзэхэд илүүдэхгүй. Заримдаа чиний бодож байсан зүйл тэс ондоо байх тохиолдол бий шүү дээ!

Эцэст нь зөвлөхөд, очих гэж буй улсынхаа хэлийг хоёрдогч хэл болтол нь сурах. Тухайн улсынхаа хэлийг сурчихвал очоод хичээлээ үзэх, хүмүүстэй харилцах зэрэг дээр асуудал гарахгүй бөгөөд тэтгэлэг бараг чинийх болчихсон гэсэн үг дээsmiley. Чи хийж чадна л гэсэн бол хийж бусад нь юу гэх нь хамаагүй шүү.

YOLO: Чамд маш их баярлалаа. Ирээдүйн сурлага хөдөлмөрт тань амжилт хүсье!

#Argentina #Scholarship #MongoliaGirl