ЗӨВЛӨГӨӨ: Төгсөх ангийн сурагчдад зориулав


Э.Жавзмаа | YOLO.MN
2017-12-05

Цаг хугацаа гэж... Сургуулийн хаалгыг нээгээд цагаан толгойн үсэг заалгаж сууснаа бараг л өчигдөрхөн мэт санах юм. Сургуулиа төгсөхөд жил хүрэхгүй хугацаа үлдсэн учир хийж амжуулах ажил, сурах ёстой зүйлс, өч төчнөөн бие даалт гээд маш олон зүйл бий юу? Дунд сургуулиа төгсөхөөсөө өмнө юу хийх ёстой вэ? гээд маш олон асуултууд байгаа бол энэхүү нийтлэл чамд бодол санааг тань цэгцлэхэд бага ч болов тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД БЭЛДЭХ

Хавар болохоор л бэлдэнэ дээ гэж бүү бодоорой! Ямарваа нэг зүйлд бэлдэхэд хугацаа хамгийн чухал. Багш нарын зөвлөснөөр  хамгийн багадаа нэг жилийн өмнөөс эхлэн бэлдэх нь хамгийн үр дүнтэй арга юм. Тухайн сонгосон хичээлийнхээ хоцрогдлыг арилгах, өмнөх жилийн материалуудтай ажиллах, гүнзгийрүүлэн судлах гээд хийх ёстой зүйл олон бий шүү.


МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ, ТУХАЙН СОНГОСОН МЭРГЭЖЛИЙНХЭЭ ТАЛААР СУДЛАХ

Насан туршдаа хийх, амьдралын томоохон чухал сонголтуудын нэг бол мэдээж мэргэжил сонголт. Тухайн ажилдаа амжилттай, сэтгэл хангалуун амьдрахыг хүсвэл мэргэжлээ зөв сонгох, ирээдүйд гарах үр дагавар тухайн ажил мэргэжлийн онцлог, чамд тохирох эсэх гээд багагүй зүйлсийг бодолцож үзэх хэрэгтэй. Хэрэв чи мэргэжлээ сонгож амжаагүй бол ойрын хугацаанд магадгүй энэ жилд авч үзэх ёстой хамгийн чухал зүйл чинь байх болов уу.


ИРЭЭДҮЙД СУРАЛЦАХ ИХ СУРГУУЛЬТАЙГАА ТАНИЛЦ

Оюутан болоод сурах сургууль дээрээ очиж өөрийн биеэр үзэн туршлага хуримтлуулах нь ирээдүйд гарах эрсдэл, сургуульдаа сэтгэл хангалуун бус байх гээд олон талын аюулаас чамайг аврах юм.


НИЙГМИЙН ИДЭВХИТЭЙ БАЙ

Өөрийгөө олон талаас нь хөгжүүлэх гайхалтай шинэ боломж, найз нөхдийн хүрээлэлийг зөвхөн нийгэмд идэвхитэй нэгэн байсан цагт л олж авах боломжтой. Идэвхитэй байна гэдэг нь секц дугуйланд хамрагдах эсвэл бүр сайн үйлсийн нийгэмлэгт элсэх, уралдаан тэмцээнд оролцож өөрийгөө сорих, шинэ зүйлсийг эрэлхийлж, өөрийгөө цаг ямагт хөгжүүлэх гээд маш олон зүйл орно.


ГАДААД ХЭЛ СУРАХ

Гурван хэл биш юмаа гэхэд ганц ч болтугай хэл сурах нь хэрэгцээ болсон цаг. Бусдад өөрийгөө ойлгуулж, нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэх хүсэлтэй хүн бүрт тулгамддаг асуудал бол гадаад хэл. Сургуулиа төгсөхөөсөө өмнө амжиж сурах ёстой зүйл бол гадаад хэл юм шүү.


ӨӨРИЙГӨӨ ОЛ, ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭ

Тухайн хүн өөрийгөө таньж мэдэлгүйгээр ямарваа нэг зүйл хийнэ гэдэг байж болшгүй зүйл. Өөрийн юунд дуртай, сонихдог спорт хоббигоо олсон цагтаа л амжилтанд хүрнэ шүү дээ. Би хэн болох ёстой, миний амьдралын утга учир юу вэ? гэх мэт олон асуултыг өөрөөсөө асууж, түүндээ хариулахыг эрмэлзээрэй.


ЗОХИНО БАЙГУУЛАЛТТАЙ, ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ АМЬДАРЧ СУР

Гэр орон нь бохир, хичээл ном нь эмх замбараагүй сурагч бусдад ямар харагдах бол? Уулзалт арга хэмжээ, хичээл сургууль, нийгмийн идэвхи гээд бүхий л ажлаа зохицуулахын тулд  хувийн зохион байгуулалттай байх зайлшгүй шаардлагатай. Ингэж сурах нь амьдралд чинь хэрэг болох төдийгүй зөв боловсон, амжилттай иргэн байхад чинь туслах юм.


ҮЕ ТЭНГИЙНХЭНЭЭСЭЭ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ АВ

Магадгүй бид л анзаардаггүй болохоос бидний эргэн тойронд бахархмаар, гайхалтай хүүхэд залуус олон бий. Тэдгээр хүмүүсээс үлгэр дуурайлал авч сурах нь бас л нэг төрлийн чадвар шүү.

#Student #Advice