ЗАХИДАЛ: Эцсийн эцэст тэр хөвгүүн л ОНЦГҮЙ ЗАН гаргаж байна


ССҮТөв | YOLO.MN
2017-11-30

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Анх зүгээр л онц зүйл бодолгүй үерхчихсэн...

Харин маргааш нь манай ангийн охинтой үерхчихсэн, миний уур үнэхээр их хүрч байсан.

Сайн байна уу? Намайг Э... Эмэгтэй хүүхэд, би одоо дунд сургуулийн сурагч. Би түрүү жил энэ сургуульд шилжиж ирсэн, тэгээд энэ жилээс л ангидаа дасаж байна. Тэгээд саяхан нөгөө бүлгийнхээ нэг хүүхэдтэй үерхсэн юм л даа. Анх зүгээр л онц зүйл бодолгүй үерхчихсэн... Үерхээд өдөр хоног өнгөрөх тусам тэр хүүхэд маань надад бага багаар таалагдаж ер нь бол тэр хүүхдэд дасаж эхлээд байж байтал гэнэт л өөрөө "Танай ангийн охидууд надад дургүй, салцгаая" гээд салсан.

Харин маргааш нь манай ангийн охинтой үерхчихсэн, миний уур үнэхээр их хүрч байсан. Тэгээд тэр охинд дургүй болж сүүлдээ бүүр алгадаад авмаар санагддаг болсон. Ядаж байхад тэр охин манай анги бас найз маань байсан надтай үерхэж байсныг мөн надад таалагддагийг нь мэдсээр байж үерхчихсэн.

Одоо тэд хамт байхыг, тэврэлдээд зогсчихсон байхыг нь харахаар л уур хүрээд очоод алгадаад хаячихмаар санагдаад болдоггүй ээ? Би яг яах ёстой вэ? Зүгээр л очоод алгадаад авчих уу? Эсвэл тэвчээд байж байх ёстой юу? Эцсийн эцэст тэр хөвгүүн л хогийн байгаа байхгүй юу? Тэр хөвгүүнийг бас яах хэрэгтэй вэ? Би сайн болчихсон юм болов уу? Яахаа үнэхээр мэдэхгүй байна надад туслаач!

ЗӨВЛӨГӨӨ: Юун түрүүнд тайвшрах гэж хичээгээрэй

Сэтгэл хөдлөл тогтворгүй, тайван бус байгаа үедээ гаргасан шийдвэрүүд ихэнхдээ буруу байдаг.

Сайн байна уу захиа илгээсэнд баярлалаа.  Чамд одоо таагүй, хүнд санагдаж байгаа байх. Юун түрүүнд тайвшрах гэж хичээгээрэй. Аль болох анхаарлаа өөр зүйлсэд хандуул. Энэ нь асуудлаас зугтаж буй хэрэг бус харин тайвширсныхаа дараа илүү үр дүнтэй шийдэлд хүрэхээр түр хойшлуулж буй хэрэг юм. Сэтгэл хөдлөл тогтворгүй, тайван бус байгаа үедээ гаргасан шийдвэрүүд ихэнхдээ буруу байдаг.

Тэр охиныг алгадвал байдал ямар болох вэ? Чиний гомдол тайлагдах уу? Чамд сайхан мэдрэмж төрөх болов уу?  Одоо үүсээд байгаа нөхцлийг сайжруулах болов уу?  Тэр хоёрыг үзэн ядлаа гэхэд хэн нь илүү ядарч эрч хүчээ барах вэ? Үзэн ядаж байгаа хүн нь үү эсвэл тэр хоёр уу? Тайвшрах нэг арга нь одоо үүсээд байгаа их бухимдал энергийг өөр зүйлс хийж гадагшлуулах юм (Жишээ нь найзуудтайгаа ярилцаж цагийг өнгөрөөх, кино үзэх, сагс тоглох, гүйх г.м). 

Чи юу хийх дуртай вэ? Цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлж өөрийгөө хөгжүүлэх боломжтой вэ? Таагүй сэтгэл хөдлөл өндөр байгаа үеийг зөв арга замаар даваад гарчихвал хожим харамсахгүй шүү. Амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Туслах сэтгэл судлаач
М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Boy #Disgust