СУРВАЛЖЛАГА: 16-24 насны залуусын дунд болсон МОДЕЛ ЮНЕСКО 2017


-"MUM буюу MODEL UNESCO MONGOLIA-3" үйл ажиллагаанаас хийсэн тэмдэглэл-

Энэ жил НҮБ-ын загвар хурлын арга хэмжээг 16-24 насны залуучуудын дунд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Коммис, ЮНЕСКО Бээжин оффис болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос хамтран гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Үйл ажиллагааны гол зорилго нь оролцогчдод цаг үеийн чухал үйл явдлын талаар мэдээлэл өгөх, тэдэнд олон улсын харилцаа, дипломат ажиллагаа болон НҮБ-ын өнөөгийн хөтөлбөрийн талаар мэдлэг олгох явдал байдаг билээ.

Тиймээс уншигч та бүхэндээ энэ талаар мэдээллийг ч мөн олгохыг хүслээ. Тус арга хэмжээ нь Соёл, Боловсрол, Нийгмийн ухааны хүрээнд гурван хэсгээс бүрдэн Нийгмийн ухааны салбар нь англи хэлээр, Соёл, Боловсрол монгол хэлээр хуралдаж маш өндөр зохион байгуулалтын дор явагдсан. Уншигч танд Боловсролын загвар чуулганы тэмдэглэлийг хүргэж байна.

Тус арга хэмжээг нээн ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагч Биата Транкман, Г.Энхтуяа, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, МЮМ-2017 зохион байгуулж буй Н.Халиунаа нар үг хэллээ. Энэ удаагийн чуулга,

1. Хэвлэлийн  эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
2. Соёл хоорондын харилцаа, олон улсын хамтын ажиллагаа
3. Тогтвортой хөгжлийн боловсрол ба эмэгтэйчүүдийн тэгш эрх гэсэн сэдвүүдийн хүрээнд явагдсан.

Чуулганы үеэр  Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид гуайгаас "Та өнөөгийн өсвөрийн залуучуудын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Мөн та тэдэнд үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?" гэх асуултад тэрээр “Мэдээж залуучууд маань өөрсдийн үзэл бодолыг илэрхийлж буй нь харьцангуй чөлөөтэй болж байгаа нь маш том дэвшил юм. Мөн үүнийгээ дагаад сошиал дээр маш олон мэдээллүүд хийгээд асар их тооны буруу үлгэр дуурайлал дагалддаг.

Мэдээж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй нь давуу талтай ч аливаа мэдээлэлд үнэн зөвөөр хариу үйлдэл үзүүлж сурах соёлд сурах нь чухал хэмээн би үзэж байна хэмээн хариулсан нь маш чухал нэг зүйлийг залуу хүн бидэнд өгүүлж буйн илрэл биз ээ” хэмээсэн юм.

Зохион байгуулагчид ч мөн маш өндөр түвшинд энэхүү арга хэмжээг зохион байгуулж чадсан нь өөрийн эрхгүй Монгол залуусаараа бахархах сэтгэгдэл төрүүлж байлаа. МЮМ арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй М.Лхагва-Өлзийтэй ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

YOLO: Сайн байна уу, та МЮМ-ын талаар сайн мэдэхгүй байгаа хүмүүст мэдээлэл өгөөч?
- Энэхүү үйл ажиллагаа маань Монголд гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын ЮНЕСКО-гийн Ерөнхий Бага Хурлын загвар чуулганы нэг хувилбар юм. Тус чуулганы үеэр оролцогчид маань НҮБ-ын гишүүн орнуудын элч төлөөлөгчдийн дүрд хувиран, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлдэг онцлогтой.

YOLO: Энэ чуулга нь залууст ямар ач холбогдолтой вэ?
-Маш олон давуу талтай байдаг гэж боддог. Оролцогч бүр маань дэлхий нийтийн улс орнуудын талаар өргөн мэдээлэлтэй болохын хажуугаар олж авсан мэдлэгээ ашиглан ирээдүйд  шийдвэр гаргах үндсэн нөхцөл нь бүрдэж байгаа. Мөн түүнчлэн улс орон бүрт энэ чуулга маань зэрэг болдог учраас дэлхийтэй хөл нийлэн алхаж чаддагаараа давуу талтай.

YOLO: Өмнө нь энэ загвар хуралд оролцож байсан залуучууд энэ удаад оролцож байна уу? Хэр түвшин ахисан харагдаж байна вэ?
-Маш олон харагдаж байна, мөн маш их ахиж өөрсдийгөө илүү эвдэж чадсанаар нь би бахархаж байна хэмээн нүд нь гэрэлтэн ярьж байгаа нь энэ хурал маш олон давуу талтай нь илт харагдаж байлаа.  Боловсролын загвар хуралдаан нь нийт 18 орны төлөөлөгчтэй нэг багт хоёр хүнтэйгээр явагдсан бөгөөд баг тус бүр хэлэлцэх шийдлийг зарлан тэр асуудлаар хэлэлцэх эсэхээ нээлттэйгээр шийдэж баг тус бүр маш богино хугацаанд өөрсдийн саналаа маш хурдтайгаар илэрхийрлж чадсан нь мөн л бахархууштай.

Уншигч танд хэлэлцсэн 18 орны нэр хийгээд хэлэлцсэн сэдвүүдийн талаар мэдээллийг хүргэе.

Бразил, Хятад, Египет, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Япон, Монгол, Мяньмар, Нигер, Норвеги, ОХУ, Саудын Араб, Испани, Турк, Их Британи, АНУ гэсэн улсуудын төлөөлөгчид "Чанартай боловсролыг нэмэгдүүлж, хариуцлагатай сайн засаглал тогтоох нь" гэсэн нэгдсэн сэдвийн хүрээнд өөрсдийн асуудлыг хэлэлцсэн билээ. Нэг багт дээд тал нь 20 минут оногдох хязгаартай бөгөөд мөн баг тус бүр хурлын төгсгөлд хурал даргалагчид "Тогтоолын сэдэв" бичин хүргүүлэх ёстой байсан.  

Миний зүгээс энэхүү загвар чуулганд оролцон маш олон мэдээллийг мэдэж авч чадсанаараа маш том үнэ цэнийг өөртөө бий болгож чадсандаа тун таатай байна. Тиймээс энэхүү хуралд оролцон өөрийгөө сорьж чадсан О.Оюу-Эрдэнэ оролцогчоос нь олж авсан туршлага болоод мэдрэмжийг нь та бүхэнтэйгээ хуваалцах нь зүйтэй болов уу.

YOLO: Сайн байна уу, Та бидэнд МЮМ-ээс олж авсан туршлага мөн мэдээллийнхээ талаар хуваалцаач?
- Сайн байна уу, МЮМ 2017 миний хувьд анхны туршлага болж байна. Бүх талаараа шинэ, сурч авах зүйл ихтэй, өрсөлдөөнтэй, үр дүнтэй хурал болсонд маш их баяртай байна. Манай үеийн залуучууд маань ямар чадварлаг, мэдлэгтэй, асуудлыг бодлогын түвшинд харж чаддаг, улсыг төлөөлж байр сууриа илэрхийлж чаддаг яг л олон улсын хуралд оролцож байгаа мэт гүнзгий сэтгэгдэл төрүүллээ.

Маш их бахархаж байна. Энэ хурлаас маш их зүйл сурч авч чадлаа. Илүү их хичээх хэрэгтэй юм байна, илүү их зүйлийг уншиж судлах хэрэгтэй юм байна, илүү олон зүйлийг зориглож оролдох хэрэгтэй юм байна. Дараа жил арвин туршлагаар дүүрэн дахин уулзацгаая.










































#Model #Unesco