Э.Төгөлдөр: Энгийнээс эгэл бус байдлыг бий болгодог нь надад маш их таалагддаг


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-10-30

Эхлэлийг нь тавиагүй төгсгөл гэж үгүй билээ. Төгсгөлийг нь харахын тулд эхлэлийг нь тавин зогсолтгүй хөдөлмөрлөж буй залуучууд маш олон. Тэгвэл энэ удаагийн ярилцлагын булангаараа "Монгол дархлаа" төсөл болон ARTO төсөл дээр дизайнераар ажиллаж байгаа хийж бүтээсэн зүйлтэй ч үүгээрээ онгирч сагсуурч яваагүй даруу төлөв чадварлаг нэгэн залуу болох Э.Төгөлдөртэй уулзаж ярилцлаа.

YOLO: Сайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулаач
- Намайг Э.Төгөлдөр гэдэг. Би ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн 3-р дамжааны оюутан. Одоо харилцаа холбооны менежмент чиглэлээр суралцаж байгаа.

YOLO: Дизайн компьютер графикаар маш олон постер зураг,  загвар гаргаж байсан. Анх яаж энэ ажилд гар бие оролцох болсон бэ?
- Би анх 11-р ангидаа Пролайн студид ажиллаж байлаа. Тэр газар маш олон мундаг хүмүүс байдаг. Тэдгээр дизайнер ах нараас маш их зүйлийг сурч мэдэн яг л тэдэн шиг сайн дизайнер болох юмсан гэж мөрөөдөж өнөөдрийг хүрсэн. Энэ мөрөөдөл минь намайг хурцалж бас хөдөлгөж байдаг. 14 настайдаа буюу Пролайн студид ажиллаж байх үедээ хоёр сэтгүүл дээр ажиллаж байсан. Makeup Mongolia буюу эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны сэтгүүл мөн Family life сэтгүүлийн нэг дугаар дээр тус тус ажиллаж байлаа. Тэр үеэ эргээд дурсахад их сайхан.

YOLO: Компьютер дизайн дээр ажиллахын юу нь өөрт чинь тэгж их аз жаргалыг өгдөг юм бол?
- Сайн мэдэхгүй байна. Багаасаа л компьютертай найзалж өссөн. Монголоос гадна дэлхийн хэмжээнд бусад улс орны дизайнерууд ажлаа яг яаж хийдэг вэ гэдгийг судлан суралцах нь надад таалагддаг. Миний бодлоор дизайны хамгийн гоё зүйл бол өнгөний сонголт. Байгууллагын самбар дээр байдаг тийм өнгө биш хэний ч гаргаж чадаагүй цоо шинэ өнгийг би гаргахыг хүсдэг. Энгийнээс эгэл бус байдлыг бий болгодог нь надад маш их таалагддаг.








YOLO: Одоогийн байдлаар ажиллаж байгаа төсөл, ажлууд юу байна вэ?
- Энэ зун Монгол дархлаа төсөл дээр дизайнераар ажилласан. Одоо бол New media компанид вэб сайтын дизайнераар ажиллаж байгаа. New media компанид ажиллаад хоёр сар болох гэж байна. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг монголд таниулах зорилготой санаачилсан ажилд мөн дизайнераар ажилласан. Мөн найз Одгэрэлийнхээ хамт ARTO бүлгэмийг үүсгэн байгуулж олон авьяаслаг зураачидтай хамтран ажиллаж байна.

YOLO: Ажлын санал хэр их ирж байна вэ?
- Хичээл, ажил гээд цаг их давчуу байгаа учраас хажуугаар нь өөр ажил амжуулах цаг их хомс байгаа. Гэхдээ "Монгол дархлаа" төслийн залуучуудынхаа тус тусын ажилд нь тус дэм болж ажилладаг. Мөн сонирхлынхоо хүрээнд хийдэг ажлууд ч мөн байна.

YOLO: Нэг хүн бүх зүйлийг хийж чаддаг байх албагүй. Харин нэг зүйлийг бусдаас илүү хийж чаддаг байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Энэ талаарх өөрийн  үзэл бодлоо хуваалцаач?
- Миний насны залуучууд ямар нэг ажил эхлүүллээ гэхэд түүндээ бүх зүрх сэтгэлээ зориулж чаддаггүй юм болов уу гэж би боддог. Үүнээс улбаалж нэг зүйлээ бусдаас илүү хийх үнэлэмж нь буурдаг. Зүгээр хэдхэн цаг зарцуулаад хийсэн болох нэг ондоо. Хэдэн өдөр зориулаад сэтгэлээсээ хийсэн зүйл нэг ондоо.








Дизайны салбар одоогоос 10 жилийн өмнөхөөсөө хавь илүү хөжгсөн. Бүгд л ижилхэн програмууд ашигладаг. Гэвч өөр өөр загварын шийдлээрээ ялгардаг. Яг л үүн шиг. Бүх зүйлийг хийж мундаг болох гэхээсээ илүү нэг зүйлээ сайн хийж чадварлаг нэгэн болох хэрэгтэй.

YOLO: 10 жилийн дараах Э.Төгөлдөрийг төсөөлвөл ямар байх бол?
- Одоогоос 10 жилийн дараа аялал жуулчлалын нэгдсэн том платформоо байгуулсан байна.Yahoo нэгэн цагт Facebook-т байр сууриа тавьж өгсөн шиг аялал жуулчлалын платформ маань Фэйсбүүкийн байр суурийг эзлэх ч юм билүү.

YOLO: Дургүй зүйлээ хийгээд хангалуун амьдрах, дуртай зүйлээ хийгээд хангалуун бус амьдрахын алийг нь сонгох байсан бэ?
- Дуртай зүйлээ хийгээд хангалуун бус амьдрахыг нь сонгох байсан. Хэдий би хожим хэзээ нэгэн цагт гэр бүлтэй болж үүрэг хариуцлага үүрэх ч гэлээ гэр бүлийнхэн маань намайг хүндэлж, миний мөрөөдлийг хүндэлж чадна гэж найддаг. Магадгүй миний амьдралд гэнэтийн хүнд цохилт гарч ирэх үед дуртай зүйлээ орхих сонголттой нүүр тулгарч болох юм. Гэхдээ ийм зүйлд хүрэхгүйн тулд яг одоо бүх зүйлээ хийж амжуулахыг хүсэж байна.

YOLO: Ярилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлээч
- Өөрийнхөө хүсэл зорилго мөрөөдөлдөө бат зогсоорой. Хэн ч чамайг юу ч гэж байсан хамаагүй чи чадна. Хийхийг хүсэж байгаа, ямар нэг ажил эхлүүлэхийг хүсэж байгаа залуустаа хандаж хэлэхэд айлгүйгээр зүгээр л эхэл яг одоо.  Чамд боломж байгаа. Байхгүй гэж бодсон ч байж л байгаа. Бурхан хаалгаа хаасан ч цонхоо онгорхой орхидог юм. Яг одоо эхэл.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.


#МонголДархлаа #Degisner