Э.Отгончимэг: Бодит амьдрал дээрх Отгоо кинон дээрх Мишээл хоёр тэс ондоо


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-10-25

YOLO: Сайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
- Сайн байцгаана уу? Намайг Э.Отгончимэг гэдэг. Говьсүмбэр аймагт ахлах сургуулиа төгссөн. Одоо МУИС-ийн хоёрдугаар түвшний оюутан.

YOLO: Э.Отгончимэг маань "Хамгийн хөөрхөн охин" УСК-ны гол дүрийг бүтээсэн. Энэ дүрд хэрхэн сонгогдсон бэ?
- Анх Л.Таванбаяр найруулагч маань надтай холбогдож "Хамгийн хөөрхөн охин" УСК-ны сонгон шалгаруулалтанд оролцохыг санал болгосон. Ингээд сонгон шалгаруулалтанд оролцон гол дүрд тэнцсэн.

YOLO: Энэ өөрийн чинь тоглосон анхны уран бүтээл үү?
- Гол дүрийн хувьд бол анхных. Өмнө нь "Шилжилт" УСК-нд туслах дүр бүтээж байсан.

YOLO: Кинонд тоглоно гэдэг амар ажил биш. Зураг авалтын үеийн хүндрэлтэй асуудлууд юу байсан бэ?
- Би дугуй унаж чаддаггүй байсан. Гэтэл миний дүр дугуй унадаг хэсэг ихтэй. Эхлээд дугуй унаж сурах гээд бэлтгэл их хийсэн. Бэлтгэлийн явцад хөл энд тэндгүй олон удаа шалбарсан. Миний хамгийн эхний хэсэг дугуйтай хэсэг байсан юм. Тэр үед маш их сандарсан. Ядаж байхад тэр хэсэг нь машины зам дээр мотоциклтай уралддаг хэсэг. Тэр хэсгийн дараа өөрөөсөө махлаг бондгор хүүхэд дугуйн дээрээ сундалдаг хэсгийн үеэр бас их хэцүү байсан. Одоо бодох нь ээ, ер нь дугуйтай хэсгүүд их хүндрэлтэй байжээ.

YOLO: Хамгийн хүндрэлтэй үе нь ийм байж. Тэгвэл хамгийн хөгжилтэй үеүдээсээ хуваалцаач?
- Киноны маань дүр их сахилгагүй охин. Тэгээд нэг өдөр хоёрдугаар найруулагч маань орж ирээд "Миний төрсөн өдөр болоод найзууд маань бэлэг өглөө" гэсэн юм. Би үүнийг нь анх сонсоод "Яана аа төрсөн өдөр нь юм байна. Би яагаад мэдээгүй юм бол оо?" гэж бодоод нөгөө хэддээ хэлээд ямар бэлэг өгөх яах ийхээ ярилцлаа.

Маргааш нь зураг авалтын үеэр бялуу бариад л дуу дуулаад төрсөн өдрийн мэнд дэвшүүлсэн чинь манай найруулагч орж ирээд инээгээд ч байгаа юм шиг уйлаад ч байгаа юм шиг сонин болоод байсан юм /инээв/.







Манай гэр бүлийнхэн маш их дэмждэг. Тэд маань миний номер нэг фэн шүү дээ.

Э.Отгончимэг



Тэгсэн төрсөн өдөр нь биш байж таарсан. Найзууд нь бэлэг өгч амжаагүй болохоор төрсөн өдрийнх нь дараа өгсөн юм билээ. Манай кино багийнхан тэр үед "Отгоо яг Мишээл дүр шигээ сахилгагүй юм аа. Мишээлийг яая даа" гээд бүгдээрээ их инээлдсэн.

YOLO: Бодит амьдрал дээрх Отгоо кинон дээрх Мишээл хоёр хэр адилхан хүмүүс вэ?
- Миний бодлоор их ондоо. Бодит амьдрал дээр би нэлээн даруухан. Харин кинон дээрээ маш сахилгагүй, юу л бол юу хийгээд явж байдаг тийм дүр шүү дээ.

YOLO: Нэлээн даруухан хүн ийм галзуу цоглог дүр бүтээхэд хүндрэлтэй байсан уу?
- Эхлээд их хэцүү байсан. Дүрийн судалгаагаа хийсний дараа энэ дүрээ чадан ядан гаргасан даа.

YOLO: Оролцон тоглосон бусад гол дүрийн жүжигчдээ танилцуулаач?
- Хоёр гол дүр маань мэргэжлийн жүжигчид. Мөн Б.Ану-Үжин маань Испанид Театр урлагийн их сургуульд суралцаж байгаа. Ер нь гол дүрийн гурав маань гурвуулаа мэргэжлээр нь суралцаж байгаа энэ мэргэжлийн хүмүүс. Харин би тийм биш. Иймээс би энэ мундаг залуучуудаасаа, кино багийнхнаасаа их зүйлийг сурч мэдсэн.

YOLO: Сарын турш өглөө өдөр оройгүй киноны зураг авалттай явахад гэр бүлийнхэн хэр дэмжиж байсан бэ?
- Манай гэр бүлийнхэн маш их дэмждэг. Гэр бүлийн дэмжлэг их нөлөөлдөг юм билээ. Манай гэр бүлийнхэн миний номер нэг фэн шүү дээ /инээв/. Гэр бүлийнхнээсээ их эрч хүч авдаг байсан. Манай кино багийнхан ч гэсэн яг л нэг гэр бүл шиг. Б.Ану-Үжин бид хоёрыг их эрхлүүлдэг байсан.

YOLO: Аль хэдийн хоёр кинонд гол болон туслах дүр бүтээгээд амжсан энэ мундаг жүжигчин охин яагаад СУИС юмуу КУДС-г биш МУИС-г сонгон суралцсан юм бол?
- Жүжигчин болох нууцхан хүсэл байсан. Гэхдээ яг итгэлтэй биш. "Энэ сонголтыг хийх үү? Тэрийг хийх үү?" гэдэг сонголтон дээр тулчихсан байх үед би аймгийнхаа химийн олимпиадад тэргүүн байр эзлэн улсад оролцоод, МУИС-д урилгаар элсэн орсон.


Эхлээд ямар ч гэсэн их сургуулиа төгсье. Тэрний дараа өсвөр нас ч дуусна. Амьдралыг арай өөрөөр харж, өөр сонголт хийдэг болно байх.

Э.Отгончимэг


YOLO: Кино урлагаар үргэлжлүүлж явах бодолтой байгаа юу?
- Эхлээд ямар ч гэсэн их сургуулиа төгсье. Тэрний дараа өсвөр нас ч дуусна. Амьдралыг арай өөрөөр харж, өөр сонголт хийдэг болно байх. Тэр үед яг яахаа шийднэ дээ.

YOLO: Өөр уран бүтээлийн санал ирж байна уу?
- Саяхан Боловсрол ТВ-н "Оддын академи" шоуны рекламанд тоглосон. Бас нэг киноны санал ирсэн.

YOLO: Жүжигчин болгонд бүтээхийг хүсдэг дүр байдаг. Э.Отгончимэгийн хувьд мөрөөдлийн дүр нь ямар дүр вэ?
- Түүхэн кинонд гүнж юмуу хатны дүр бүтээхийг хүсдэг.

YOLO: Чи  "Mongolian next top student"  тэмцээний тэргүүн байрын эзэн болж "Оюутан дэвтэр"-ийн нүүр царай болсон модель шүү дээ. Тэр үеэ эргэн дурсвал?
- Тэр үед энэ тэмцээнд орох уу болих уу гэж их бодсон. Тэгээд орохоор шийдэж "Шилжилт" УСК-ны зураглаачаар ажилласан Б.Билгүүн ах тэмцээний маань эхний шатны зургийг авч өгөн уг тэмцээн рүү хүсэлтээ явуулж оролцосноор тэргүүн байрын эзэн болсон.

YOLO: Өсвөр насны маш олон хүүхдүүд дэлгэцийн өмнө дүрээ нэг ч болов удаа мөнхлөн үлдээхийг хүсдэг байх. Жүжигчин болохыг хүсдэг тэдгээр хүүхдүүдэд хандаж үг хэлэхгүй юу?
- Үнэхээр их хүсэж мөрөөдөж байгаа бол тууштай байгаарай. Санаж, хичээж явахад биелэж л таарна. Сурагч байхдаа кинонд гараа ч болов оруулаад үзчих юмсан гэж их боддог байсан. /инээв/ Ингэж бодож мөрөөдөж байгаад "Шилжилт" УСК-ны сонгон шалгаруулалтанд оролцон туслах дүр бүтээсэн. /инээв/

Дараа нь гол дүрд тоглох юмсан гээд бодоод л байсан чинь гол дүрийн санал ирсэн. Ер нь хүний бодол гэдэг их чухал. Сайнаар бодоод сайхнаар мөрөөдөж хөдөлмөрлөж чадвал болохгүй бүтэхгүй юм гэж үгүй.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь хичээл сурлага, уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.


#ХөөрхөнОхин #Movie #Star