ЗАХИДАЛ: "Би цус ч харахаас айдаг. Гэтэл намайг сувилагч бол гээд байх юм"


ССҮТөв | YOLO.MN
2017-10-23

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Миний сонгосон мэргэжил сэтгүүлч харин манай гэрийнхний санал болгож буй мэргэжил сувилагч.

Надад ч гэсэн мэргэжлээ сонгоход багахан асуудал тулгарсан.

Сайн уу? Надад ч гэсэн мэргэжлээ сонгоход багахан асуудал тулгарсан. Энэ нь миний сонгосон мэргэжилд гэрийнхэн маань дурамжхан мөн миний дурлаад байгаа мэргэжилд гэрийнхэн маань шүүмжлэлтэй хандаад байх юм. Миний сонгосон мэргэжил сэтгүүлч харин манай гэрийнхний санал болгож буй мэргэжил сувилагч. Би цус харах төдийд л айдаг. Энэ шалтгаанаа хэлэхээр "Сайн бод" гэдэг би яг яах ёстой вэ? та бүхэн яг нухацтай яг оносон хариулт өгөхийг хүсч байна. Ихэнх хариултыг чинь харахаар зүгээр л зүглүүлсэн, асуудлаа шийдчихэж болмооргүй хариулт өгөх юм. Мөн энэ тал дээрээ ач холбогдол өгмөөр юм. Хүүхдүүд бол үнэхээр эцэг эхтэйгээ ярилцахаас залхаж хандаж байхад нөгөө л ээж аавын хэлдэг үгнээс өөр хариулт авмаар байна шүү. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Үнэхээр чи сувилагч болох уу эсвэл сэтгүүлч болох уу гэдгийг чи өөрөө л мэднэ. 

Зүв зүгээр сууж байгаад хүн өөрийгөө мэддэг болчихдоггүй.

Сайн байна уу, юуны өмнө сэтгэл судлаач хүн хэн нэгний өмнөөс асуудлыг нь шийдэж өгдөг хүн биш юм. Хэрвээ хэн нэгэн чиний асуудлыг шийдэх ёстой бол тэр нь чи өөрөө. Сэтгэл судлаач хүн чиний хэлснээр асуудлаа шийдэхэд чиглүүлж өгдөг буюу эцсийн шийдвэрийг чи өөрөө л гаргана. Үнэхээр чи сувилагч болох уу эсвэл сэтгүүлч болох уу гэдгийг чи өөрөө л мэднэ. Үүний тулд өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй. Зүв зүгээр сууж байгаад хүн өөрийгөө мэддэг болчихдоггүй.

Өөрийгөө мэддэг болох нэг арга нь бусдаас асуух, бусадтай ярилцах юм. Хоёрт, хүн өөрийнхөө төлөө үйлдэл хийдэг байх хэрэгтэй. Чи сэтгүүлч болмоор байна гэсэн байна, тэгвэл өсвөрийн сэтгүүлчээр ажиллаж үзсэн үү? Ямар нэг нийтлэл бэлдэж үзсэн үү? Хэрвээ үзсэн гэж хариулаад тэр нь чамд таалагдсан бас чи хийж чадаж байсан бол энд ямар ч асуудал алга. Сувилагч хүний ажлыг таньж мэдэхийн тулд ямар үйлдэл хийсэн бэ? гэдэгт мөн хариулаарай. Гуравт, эцэг эх тань яг ч чамайг хориглоогүй, харин нухацтай бодож шийдвэр гаргаарай гэсэн байр суурьтай байна гэж ойлголоо. Тэгвэл мөн л адил эцсийн шийдвэрийг чи өөрөө гаргах нь байна шүү дээ.

Төгсгөлд нь, манай хамт олон хүүхдүүд та бүгдээс ирж байгаа захидал бүрийг маш их ач холбогдол өгөн анхааралтай уншин хариулж редакторладаг. Гэсэн ч энэ нь хангалтгүй байгаа бол маш харамсалтай байна.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Blood #Nurse #Profession #Problem