Г.Ариунзул: Би хэдий ЗАВГҮЙ БАЙСАН Ч ЦҮНХЭЭ урласаар л...


Д.Дэлгэрмаа | YOLO.MN
2017-10-13

Өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу тууштай хөдөлмөрлөж чадсан, үүнийхээ үр шимийг хүртэж яваа өсвөр үеийн охин Г.Ариунзултай хийсэн ярилцлага болон түүний амьдралд тохиолдсон сонирхолтой түүхийг хүргэж байна. Доорх ярилцлагаас "авах зүйл" зөндөө байгаа шүү залуус аа.

YOLO: Сайн уу. Өөрийгөө товч танилцуулна уу?
- Сайн байцгаана уу, уншигчид аа. Намайг Г.Ариунзул гэдэг. Өөрийн гэсэн жижигхэн бизнес эрхэлж буй жирийн л нэгэн өсвөр үеийн охин. Магадгүй зарим нь намайг цүнх хийдэг гэдгээр минь таньж байгаа байх. smiley

YOLO: Цүнх хийдэг гэлээ шүү дээ. Тэр талаараа дэлгэрэнгүй яриач?
- Хамгийн анх жилийн өмнөөс цүнх хийх хүсэл төрсөн. Тэр үед Ханна гээд эгчээр торон цүнх хийлгүүлж байсан. Уг нь зун үүрнэ гэж бодож байсан ч өвөл ч гэсэн үүрч болохуйц, хөнгөн, мөрөнд бага ачаалал өгдөг, авч явахад хялбар болохоор үүрээд явахад ч амар санагдсан. Уг цүнх миний хувьд маш удсан л даа, бүтэн жил тасралтгүй үүрчихсэн. Өнгөрсөн хавар дунд сургуулиа төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч дуусаад удаагүй байсан үед л дээ, миний цүнх сэмрээд мөр нь урагдчихсан. Басхүү удаан үүрсэн болохоор будаг нь арилчихсан байсан.

Тэр үед би ээждээ "Ээж ээ, би дахиад цүнх хийлгэхгүй бол болохоо байх нь ээ. Цүнх маань урагдаад будаг нь муухай болчихож ээ" гэсэн чинь ээж "наадахыг чинь хийхэд юухан байсан юм бэ, ингээд л тэгээд л хийчихнэ шүү дээ гэсэн. Тэгээд нэг өдөр ээжтэй хамт "Бөмбөгөр" худалдааны төвийн ойролцоо явж байсан чинь ээж "Энэ ДӨХӨМ гээд дэлгүүрт маш дажгүй бөс даавуу байдаг" гээд бид өнөөх дэлгүүр лүү ороод, эхэндээ багахан даавуу аваад цүнхээ хийж эхэлж байсан.

Анх хийж байсан туршилтын хэд хэдэн хэцүүхэн цүнхнүүд одоо ч байдаг /инээв/. Хамгийн анх цүнхээ ээжтэйгээ хамтарч хийж байлаа. Цүнхээ хийж дууссаныхаа маргааш шинэ цүнхээ үүрээд автобусанд явж байсан. Тэр үед надад "Ер нь энэ цүнхнээсээ илүү ихийг хийгээд хүмүүст үүрүүлээд явуулбал гоё юм байна. Хиймэл савхин цүнх өвөл хөлдөөд байдаг. Ядаж ийм даавуун хөнгөхөн цүнх үүрээд явбал хэн хүнд таатай байна байх" гэх бодол төрсөн.


YOLO: Цүнх хийхэд ямар нэгэн бэрхшээл тулгарсан уу?
- Цүнхээ хийхэд эхэндээ нэлээд хүндрэл гарсан. Юу вэ гэхээр надад цүнх хийх төсөв мөнгө байгаагүй. Ээж маань хэлэхдээ "Чиний нэг цүнх хийх материал, будаг гэхэд л 50000-60000 төгрөг болох юм байна. Гэхдээ ээжид нь чамд мөнгө өгөх боломж алга.

Чи гэхдээ ээжийнхээ Эрээнээс бөөндөж авчирсан 5000 гутлыг интернэтээр зараад мөнгийг нь өөрөө ав" гэхэд нь би фэйсбүүк болон гуталны бүлгэмүүд дээр "бүх гутал 5000" гэж постлоод зургуудыг нь оруулчихсан. Хүмүүс хямд юманд дуртай байдаг юм билээ. Өнөөх гуталнуудаас маш их авсан шүү. Тэгээд би 1 гутлаа 5000 төгрөгөөр зараад дээр нь хүргэж өгсний хөлс гэж 1000 төгрөг ингээд нийт 6000 төгрөгтэй болоод тэрнээс хойш нэмэгдсээр байгаад 60000 төгрөгтэй болж байлаа.

Ингээд л цүнх хийх материалныхаа мөнгийг олж материалаа авахаар явлаа. Анх эхэлж байгаа болохоор ямар материал авахаа мэдэхгүй, хүнээс асууж байгаад ямартай ч нэг материал авчихсан чинь нөгөөх нь хог татдаг байж таарсан. Ядаж байхад 5 метрийг авчихсан гээд л бод. (инээв) Тэгээд дараа нь материалаа хэдэн тэнцүү хуваагаад эсгэж тавьчихаад оёх гэж нилээн удсан. Нэг цүнхийг 2 хоног оёод л... Аргагүй л дээ, залхуу хүрээд байсан юм чинь. /инээв/ smiley

Анхныхаа цүнхийг хийчихээд илүүдэл утсыг нь хайчилж авах гэж байгаад цүнхээ хайчлаад цоолчихсон гэх мэтчилэн хөгтэй зүйлс цөөнгүй ээ. Эхэндээ цүнхэн дээрээ Вангонг-ийн "Стэри наят" гээд зургаар дагнаж зурдаг байсан. Сүүлд манай эгч Япон явах гээд үндэсний хэв маягтай цүнх хэрэгтэй байна гэхэд нь би хийж өгч байсан юм. Түүнээс хойш цүнхэн дээрээ хатан зураад одоог хүртэл явж байна. Ингэж л миний цүнх урлах түүх үүссэн юм даа.

YOLO: Ямар материалаар цүнхээ хийдэг вэ?
- Тааран хэмээх материалны зөөлрүүлсэн хэлбэрээр хийдэг. Мөн дээрээс нь зураг зурж чимэг оруулдаг ба цүнх хийлгэж буй үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр зурах зураг маань янз бүр байдаг.


YOLO: Цүнхний үнэ ханшны хувьд?
- Хамгийн анх цүнхээ 15000 төгрөгөөр зарж байсан. Одоо материал нь сайжирсан болохоор 20000 болгосон. Ер нь цүнхнүүдээ коллекцоор нь гаргадаг. Нэг нууц задлахад хоёр талаараа үүрдэг (2 талдаа зурагтай), цахилгаантай цүнхнүүд гаргахаар төлөвлөж байна. Тэдгээр цүнхнүүдээ ойролцоогоор 25000 төгрөгөөр зарах байх.

YOLO: Уг бизнесээ өргөжүүлээд дэлхийд нэрээ гаргах хүсэл байгаа байлгүй дээ?
- Мэдээж байлгүй яахав. Надтай сошиалаар холбогддог хүмүүс ихэвчлэн гадаадад амьдардаг, эсвэл гадагшаа явах гэж буй хүмүүс байдаг. Зарим нь “Надад нэг иймэрхүү цүнх байвал зүгээр шүү, хатнаа ингэж зураарай, дээр нь Mongolia гэж бичээрэй эсвэл миний нэрийг бичээрэй” гэх мэт хөөрхөн зөвлөмж, санаанууд явуулдаг. Тэр хүмүүст талархдаг. Ер нь гадаад руу гаргах боломж их байдаг.

YOLO: Өөр юу сонирхож, туршиж байгаа вэ?
- Сүүлийн үед би зураг авах сонирхолтой болсон. Эхэндээ гар утсаараа цүнхнийхээ зургийг дардаг байсан. Дараа нь камертай найзаараа зураг даруулдаг болсон. Ер нь чанартай зурагны ард чанартай бүтээл байдаг учраас саяхан мэргэжлийн камертай болсон. Үүнээсээ хойш өөрөө цүнхнийхээ модель болоод, өөрөө зургаа авдаг болсон байгаа. Тэгээд зураг авах сонирхол дээрээ тулгуурлаад загварын зураг авах дуртай болсон доо.

YOLO: Ойрын зорилго юу вэ?
- Ойрын зорилго бол жижиг, том хамаагүй өөрийн гэсэн дэлгүүртэй болохыг зорьж байгаа. Хүсэл эрмэлзэл зөндөө байна. Их бага гэлтгүй илүү гарсан мөнгөө хурааж байгаа ба магадгүй энэ эрчээрээ яваад байвал 4-5 жилийн дараа манай дэлгүүр нээлтээ хийх байх. Тэгэхийн тулд би хичээнэ ээ.


Анагаахад сурдаг гэхээр л ном барьчихсан, ноомой хүмүүс байдаг гэж боддог байх.

Г.Ариунзул

YOLO: Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?
- Одоо би Анагаах ухааны их сургуулийн эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр суралцаж байна. Миний өөрийн стиль имиж авангард талдаа байдаг л даа. Гадуур явж байхад хэн ч намайг эмч болох нэгэн гэж хардаггүй байх. Сургууль дээрээ байхдаа үсээ боож, будгаа багасгадаг ч гэлээ сургуулийн коридориор  явахад үнэхээр хэцүү. Хүүхдүүд над руу хараад инээгээд байдаг. Анагаахад сурдаг гэхээр л ном барьчихсан, ноомой хүмүүс байдаг гэж боддог байх. Мэдээж  ийм даруухан хүмүүс дунд над шиг ийм сонин имижтэй хүн яваад байхаар хүмүүст эвгүй санагддаг байх л даа. Гэхдээ зүгээр ээ, хүн болгон л өөрийн гэсэн онцгой зүйлтэй байдаг юм хойно...

YOLO: Уншигчиддаа хандаж үг хэлнэ үү?
- Хүн хэрвээ хүсээд, зориод хийх гэсэн зүйлээ тууштай хийгээд, маш их хөдөлмөрлөвөл бүх зүйл болдог юм байна лээ. Гэхдээ хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд үр шимийг нь хүртдэггүй хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс маань яг юуны төлөө зүтгээд ажиллаад байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Тэгвэл та бүхэн амжилтанд хүрнэ шүү дээ.

Саяхан минийхтэй ижил цүнх хийдэг охин гарч ирсэн байна лээ. Хүн ер нь өөрийн гэсэн хүсэл, хэв маяг, бусдаас ялгарах онцлог гэж байх ёстой гэж боддог. Яг түүнийхээ дагуу л хөдөлмөрлөх хэрэгтэй. Та хэдий зурдаг, оёдог байж болно, санаа авч болно. Гэхдээ бусдаас өөрөөр сэтгэж чадахгүй, яг миний урладаг шиг цүнх хийгээд, дээр нь яг адил зураг зураад байгааг нь ойлгохгүй байгаа. Хүний оюуны өмчид халдах хуультай байдаг юм шүү дээ. Дээрх ярилцлаганд  уншигч та бүхэн авах гээхийн ухаанаар хандаарай. Намайг урьж, ярилцлага авсан Yolo.mn сайтын өсвөрийн сэтгүүлч Дэлгэрмаа болон танай хамт олонд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

YOLO: Баярлалаа. smiley


Хүн ер нь өөрийн гэсэн хүсэл, хэв маяг, бусдаас ялгарах онцлог гэж байх ёстой.

Г.Ариунзул


#Bag #Dream #Girl