Pixel 2 буюу БАЗАЖ болдог ухаалаг утас


А.Ихсанаа | YOLO.MN
2017-10-06

Хэрвээ өнгөрсөн жилийн Pixel загварууд таны сонирхлыг татаж байсан бол өчигдөр Google-ийн танилцуулсан Pixel 2 болон Pixel 2 XL загваруудын тухай сонсохгүй өнгөрч болохгүй.

Хоёр загварыг HTC компани үйлдвэрлэж, зарим нэг зүйлсийг эс тооцвол өмнөх хувилбартай ижил загвартай урлажээ. Жишээлбэл чихэвчийн оролт байхгүй болсон юм.

Харин ар талаасаа бараг л өөрчлөгдөөгүй, хурууны хээ мэдрэгч нь дахиад л дунд хэсэгтээ байрласан байна.

Өнгөний хувьд "Бараг л цэнхэр" хэмээх шинэ сонголт нэмэгджээ.

БАЗАЖ БОЛНО

Google-ийн шинэ бүтээгдэхүүний хувьд хамгийн их анхаарал татаж байсан зүйл нь базаж болдог хүрээ юм. HTC U11 загвартай адил Pixel 2, Pixel 2 XL загваруудын хөдөлгөөн мэдрэгч нь базсаны дараа дижитал туслахыг идэвхжүүлнэ.


КАМЕР

Google Pixel утасны хамгийн том давуу тал нь камер юм. Тиймээс шинэ загварынхаа камерыг бүр сайжруулахгүй бол болохгүй. Нэгдүгээрт Google шинэ загварууддаа “хөрөг” зураг авах горим нэмжээ. Apple болон бусад ухаалаг утас үйлдвэрлэгчид хос камераар энэ горимыг нэвтрүүлсэн бол Google программ хангамжаар шийдсэн аж.

Ингэснээр нүүрэн болон үндсэн камер аль аль нь хөрөг авч чаддаг болжээ. Түүнчлэн Apple-ийн Live Photos-той адил “Хөдөлгөөнт зураг” гэдэг горим нэмэгдсэн байна.

Өнөөдрөөс урьдчилсан захиалга эхэлж байгаа бөгөөд аравдугаар сарын 19-ний өдөр худалдаанд гарах юм. Үнийн хувьд Pixel 2 загварын 64GB хувилбар 649 ам. доллар, 128GB хувилбар 749 ам. доллар бол Pixel 2 XL загварын үнэ 849 ам. доллароос эхлэх аж.

#Pixel2 #SmartPhone