Э.Дөлгөөн: Олон зүйлийг нэг дор багтаасан арга хэмжээ болно


Б.Намуун | YOLO.MN
2017-10-04

Гадаадад суралцах, тэтгэлэгт хамрагдах талаар маш олон сургалт, арга хэмжээ лекц зохион байгуулагддаг болжээ. Тэдгээрээс аль нь хэрэгтэй, үр дүнтэйг мэдэхгүй ч оюуныхаа мухарт мэдээлэл олж авахын тулд хүүхэд залуучууд маань зохион байгуулж аливаа үйл ажиллагаанд хамрагдахыг хичээдэг нь сайшаалтай.

"Мөрөөдөлд хүрэх зам" Олон Улсын боловсролын өдөрлөг энэ сарын 7-ны өдөр зохион байгуулагдах гэж байгаа билээ.

Тэгвэл энэ өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагч санаачлагч, 18 настай Э.Дөлгөөнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

YOLO: "Мөрөөдөлд хүрэх зам" Олон улсын боловсролын өдөрлөгийн талаар ярилцлагаа эхлье гэж бодлоо. Өдөрлөгийг анх яагаад зохион байгуулахаар санаачилсан бэ?
- Анх найзуудтайгаа хамт кафед суугаад "Сүүлийн үеийн арга хэмжээнүүд ер нь их муудаж байна. Адаглаад ямар ч үр дүн гарахгүй байна" хэмээн ярилцаж байлаа. Тухайн үед Х.Идэр, А.Аминцог гэсэн хоёр найзтайгаа хамт байсан юм. Ингээд бид шинэ зүйл хийхээр шийдсэн. Яагаад заавал ганцхан тэтгэлэгийн талаар мэдээлэл өгөх ёстой гэж? Тэтгэлэгийн талаар мэдээлэл өгнө. Гэхдээ бид шинэлэг аргаар өгөх болно хэмээн тохирч төслийнхөө ажилд баг хамт олноо цуглуулан яаравчлан орцгоосон.

YOLO: Төслөө яагаад "Мөрөөдөлд хүрэх зам" гэж нэрлэсэн бэ?
- Маш олон хүмүүс гадаадад боловсрол эзэмшихийг хүсэж байна. Зарим нь би гадаадад сурна гээд яриад явдаг байхад зарим нэг нь зүгээр л дотроо би гадаадад сурах болно гээд бодоод явж байна. Ил, далдаар ч бүгд л хилийн чанадад суралцахыг мөрөөддөг. Зарим хүүхдүүд гадаадад суралцах талаар маш их мэдээлэлтэй байдаг учраас эртнээс шалгалтдаа бэлдэж сургууль руугаа хүсэлт явуулсан байдаг. Гэвч зарим гэдэг ойлголт хэзээ ч бүгд болж  чадахгүй. Мэдээлэлгүй байгаа, олон арга хэмжээ хэсэж явсан ч хүссэнээ сонсож чадаагүй хүүхдүүдэд зориулж уг арга хэмжээгээ хийхээр төлөвлөсөн учраас бид "Мөрөөдөлд хүрэх зам" гэж нэрлэсэн.

YOLO: Уг өдөрлөг нь бусад боловсролын өдөрлөгүүдээс яг юугаараа онцлог, давуу талтай юм бол?
- Гадаадад суралцах талаар мэдээлэл өгдөг арга хэмжээнүүдэд очдог хүмүүс ер нь мэдэж байгаа байх. Ихэнх арга хэмжээнүүдэд маш өндөр үнэ төлөн байж ороод суудаг. Тэгтэл 3-4 илтгэгч л өөрийнхөө амьдралыг ярьсаар байгаад яг яаж гадаадад суралцах, тэтгэлэгт яаж хамрагдах, үйл явц нь ямар байдгийг ярихгүй байсаар дуусгачихдаг. Харин манай олон улсын боловсролын өдөрлөгт ирснээр нэг сумаар 10 туулай буудна. Түүнчлэн илтгэгч, багш нар маань та бүхэнтэй тулж харилцан IELTS, TOEFL, SAT, AP шалгалтуудын талаар зөвлөгөө өгч эссе бичих талаар мөн хэрхэн сургуульд apply хийх талаар хангалттай мэдээ мэдээлэл өгөх болно.



YOLO: Нэг сумаар хоёр туулай буудна гэж сонсож байснаас биш арван туулай гэж сонсож байгаагүй юм байна. Яг ямар арван туулай юм бол?

1. Тэтгэлэг: Америк, Япон, Австрали, Канад, Англи, Сингапур, Хятад, Орос, Солонгос улсуудыг төлөөлж дэлхийн топ 10 сургуулиудаас тэтгэлэг амжилттай авч чадсан 20 гариу илтгэгчид бид бүхэнд хичээл заахаар болсон. (Анги тус бүрт нэг, нэг илтгэгчтэй бөгөөд та бүхэн 20 ангиас өөрсдийн хүссэн ангиа сонгон суух боломжтой билээ.)
2. Мэргэжил сонголт: Сонгосон мэргэжлээрээ ажиллаж, сурч буй залуус өөрсдийн туршлагаасаа хуваалцана.
3. Илтгэл мэтгэлцээнийн хичээл
4. V.I.P speaker: Энэ нь яг яах вэ гэвэл амжилтан хүрсэн амжилттай явж буй алдартан, бидний эчнээ танилууд урилгаар илтгэл хэлэлцүүлэх болно.
5. Сэтгэл зүйч:  Хүн бүрт ямарваа нэгэн асуудал байдаг. Иймд асуудлаа шийдэж чадахгүй, сонголт хийж чадахгүй байгаа хүн бүрт сэтгэл зүйн зөвлөгөө нээлттэй өгөхөөр төлөвлөсөн. Тухайн өдөр 2-3 сэтгэл зүйч зөвлөгөө өгнө.
6. Гадаад хэлний сургалтын төвүүд: Англи, хятад, япон, солонгос гэх мэт улсуудын хэлийг сурах шаардлага хүн бүрт гардаг. Гэвч надад аль сургалтын төв илүү хэрэгтэй вэ? гэсэн асуудал хүн бүрт тулгардаг учир бид бүхэн монголын сургалтын төвүүдийг спорт зааланд байршуулахаар болсондоо таатай байна.
7. Оюун ухааны хичээл
8. Дуудлага худалдаа: Нэн ховор, эсвэл өндөр үнэ бүхий номнуудыг маш хямд үнээр зарах болно.
9. Cover Дуучид: Universe best songs 2017 оны шилдэг дуучид
10. Friendship & speaking room: Ангид байгаа залуусыг хооронд нь танилцуулж нэг хүсэл мөрөөдөлтөй залуустай нэгтгэн найзууд болгох зорилготой. Мөн хөгжилтэй танин мэдэхүйн тоглоом хүн бүрийг хамарч тоглуулна. Магадгүй насны найзаа эндээс олоод гарах ч юм бил үү хэн мэдлээ.

Алдаж болно, хүн болгон чамайг ойлгоно. Учир нь чи өсвөр насны хүүхэд шүү дээ.

Э.Дөлгөөн

YOLO: Өмнө нь хэзээ ч ийм олон зүйлийг нэг дор багтаасан арга хэмжээн дээр очиж байгаагүй юм байна. Хийх юм олон болох тусам хариуцлага дагаж ирдэг. Энэ их ажилд туслалцаж буй баг хамт олноо хэрхэн сонгож бүрдүүлсэн бэ?
- Манай хамт олныг маш мундаг олон арга хэмжээнүүдэд ажиллаж байсан туршлагатай залуус бүрдүүлж байгаа. Жишээлбэл Монгол дархлаа, We can do төслүүдийг амжилттай зохион байгуулсан. Мөн маш олон чиглэлээр амжилт гаргасан чадарлаг найзууд маань миний хажууд байж туслаж дэмжиж байгаа.

YOLO: Төсөл дээр ажиллаж томоохон арга хэмжээ зохион байгуулахад ямар асуудлууд гарч байна вэ?
- Төслийн асуудал байхгүй. Бид нэг хүсэл дор цугларсан залуус учир бүх зүйлийг 100%-ийн гүйцэтгэлтэй хийж байна.

YOLO: Өсвөр насныхан ямарваа нэг ажил хийж эхлүүлэх гэдэг ч алдахаас айдаг шүү дээ. Ярилцлагаа тэдгээр хүүхдүүдэд хандаж хэлсэн урмын үгээр төгсгөе.
- Хүн бүр алдахаас айдаг. Гэхдээ алдахаас айгаад байна гэдэг бол маш жижиг бүр өчүүхэн жижиг зүйл. Хүн алдаж байж хүн болдог.  Өсвөр нас гэдэг ямар их боломж гээч! Энэ бол сул тал биш харин ч давуу тал. Зүгээр л алдаж болно, алдаад л бай! Хүн болгон чамайг ойлгоно. Учир нь чи дөнгөж өсвөр насны хүүхэд шүү дээ. Харин та их сургуулиа төгсөөд ажил дээр гарах цаг ирнэ тэр үед л алдаа бол алдаа гэдгээр хүлээж авна. Тэр хүртэл өөрийгөө бэлд, дайчил, алд! Аливааг хийхийн тулд итгэл үнэмшил байх хэрэгтэй. "Чадна гэж бодож байгаа хүн л чадна. Харин чадахгүй гэж бодож байгаа хүн хэзээ ч чадахгүй. Энэ бол маргаангүй үнэн”

Энэ гайхалтай ишлэл нь биднийг өөртөө итгэлтэй бай гэж сургадаг. Хэрвээ чи аливааг хийх чадвартай байна гэж бодож байвал асуудлыг хүртэл өөрөөр хүлээж авч эхэлдэг. Түүнээс гадна ямар ч бодол биелэлээ олдог гэдгийг санаарай. Ямар нэгэн зүйл бүтэхгүй гэж анхнаасаа бодвол санаа чинь зовж, догдолж, алдаа гаргах магадлал нэмэгдэнэ

YOLO: Сонирхолтой яриа өрнүүлсэн Э.Дөлгөөндөө баярлалаа

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.



#МөрөөдөлдХүрэхЗам #World #Education