Д.Батчимэг: Зураг зураад төвлөрөөд суухад бясалгаж байгаагаас өөрцгүй байдаг


Сондор | YOLO.MN
2017-10-03

Залуу зураач Д.Батчимэг "18 нас" уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Тэрээр хоёр жилийн хугацаанд зурсан бүтээлүүдээ өөрийн төрсөн өдрөөр үзэгч олонд ийнхүү толилуулах юм байна. Үзэсгэлэнг сонирхсон хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй учир та бүхэн маргааш болох нээлтийн арга хэмжээнд зочилж болох нь ээ.  

"18 НАС" уран бүтээлийн үзэсгэлэн 10-р сарын 4,5-нд Монголын Урчуудын эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимын 2 давхарт болно.

Ингээд залуу зураач  Д.Батчимэгтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.

YOLO: Сайн уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
- Намайг Д.Батчимэг гэдэг, одоо 18 настай. ШУТИС-ийн Барилгын салбарын оюутан. Увс аймгийн 1-р дунд сургуулийг төгссөн.

YOLO: Хэзээнээс зураг зурах болсон бэ?
- Би зураг зураад таван жил болж байна. Анх олимпиадад орох гэж л зургийн бэлтгэлд явсан. Тэндээсээ уран зураг гээч зүйлийг ойлгоод түүнээс хойш зураг сонирхох болсон.

YOLO: Таван жилийн өмнө гэхээр чи яг л өсвөр насны эхэн үе дээрээ байжээ. Аливаа хүүхэд шилжилтийн насан дээрээ өөрийн сонирхол, ирээдүйд хөгжүүлэх чиглэлээ тодорхойлоод авчихвал их давуу талтай юм шиг санагддаг. Чиний хувьд зурах авьяасаа их багаасаа хөгжүүлсэн нь хэр давуу талтай санагддаг вэ?
- Зураг зурах нь хүнийг төвлөрүүлж, сууж сургадаг юм шиг санагддаг. Би Хятад улсын "И Бай" дунд сургуульд сурдаг байсан. Анх очоод Хятад хэл мэдэхгүй, ганцаараа их цагийг өнгөрөөдөг байхад зураг зурах нь надад их хань болдог байсан. Нэг үгээр ганцаараа байх цаг хугацаа намайг зураг руу хөтөлсөн гэж боддог.

YOLO: Ихэнхдээ ямар чиглэлээр зурдаг вэ?
- Би реалист болон абстракт чиглэлээр давамгайлж зурдаг. Зураг зурдаггүй хүн ч гэсэн хараад ойлгохоор байдаг. Тэндээс ямар нэгэн мэдрэмж авахаар хэт хийсвэр биш гэсэн үг. Үзэсгэлэнд зөвхөн тосон будгаар зурсан бүтээлүүд багтаж байгаа.

YOLO: Маргааш нээлт нь болох зургийн үзэсгэлэнгийн онцлог юу вэ?
- Би 2016 болон 2017 онд зурсан бүтээлүүдээ тус үзэсгэлэндээ дэлгэнэ. Мөн миний төрсөн өдөр буюу би 18 нас хүрч байгаа учир ийнхүү нэрийдсэн. 10-р сарын 4,5-нд үзэсгэлэн маань үргэлжилнэ. Бүх хүмүүст үнэ төлбөргүй, нээлттэй гэдгийг энэ дашрамд дуулгамаар байна.


YOLO: Зурах авьяасыг чинь хөгжүүлсэн чиний талархаж явдаг хүн хэн бэ?
- Миний багш Б.Мэндсайхан, тэрээр намайг гурван жил буюу 10-12 анги хүртэл олимпиадад бэлтгэж оруулж байсан. Багшдаа их талархаж явдаг даа.

YOLO: Өмнө нь гаргаж байсан амжилт болон тэмцээн уралдаанаасаа онцолвол...?
- Оролцож байсан тэмцээн уралдаан, олимпиадуудаас ямар нэгэн шагналтай л гарчихдаг юм. (инээв) Улсын олимпиадын алт, улсын нэрэмжит тэмцээнүүдээс таван медаль, аймгийн хэмжээн дэх тэмцээнүүдээс 30 гаруй медаль, Азийн нэг хүрэл медалтай. Мөн саяхан Азийн уран зургийн тэмцээнээс "Шилдэг залуу уран бүтээлч" гэсэн өргөмжлөл хүртсэн.

YOLO: Азийн хүрэл медалийг хэзээ авсан юм бэ?
- 2016 онд авсан. "Шүтээн" хэмээх нэртэй гурван цуврал зургаараа оролцож байсан. Одоо тэдгээр зургууд Л.Гантөмөр сайдынд байдаг. Цаанаасаа сэдвийг нь өгсөн бөгөөд Монголын тухай буюу 13-р зуун, Нүүдлийн үе, Орчин үе гэсэн гурван цуврал зураг юм.

YOLO: Чи нэг зургийг хэдий хэр хугацаанд зурдаг вэ?
- Ер нь янз бүр. Яг төвлөрөөд суухад 5-6 цаг болчихсон байдаг. Мөн 2-3 хоног ч суух тохиолдол байна. Хүн бүр өөрийн бүтээлч цагтай байдаг шүү дээ. Миний хувьд шөнийн цагаар сууж хийхээр их төвлөрдөг. Өдөр зургаа зурах гэхээр утас дуугарах, хөргөгч рүү явах, эсвэл өөр хийх зүйлс гарч ирээд сатаараад байдаг юм.  Шөнийн 2 цагаас эхлээд зурахад яг төвлөрч чаддаг шүү.

YOLO: Танай удамд зурах авьяастай хүн байдаг уу?
- Байхгүй. Харин ихэнх зураачид удам дамжсан байдаг ч манайд тийм хүн байдаггүй. Анх уран зургаар хичээллэж эхлэхэд гэрийнхэн хүртэл гайхаад л “Дэмий дээ, цаг үрэхийн нэмэр. Манай удамд ч зураач байхгүй” гэж хэлж байсан. Тэр жилдээ аймгийнхаа тоо болон зургийн олимпиадад зэрэг орсон юм. Тэгээд тооны олимпиадаасаа медаль аваагүй хэр нь зургийн олимпиадаасаа медаль хүртчихсэн. Дээрээс нь миний бүтээлүүдийг хараад тэд маань эвлэрсэн дээ. Одоо бол тэд намайг маш их дэмждэг.

Шүтээн цуврал

Шүтээн цуврал


Шүтээн цуврал

Шүтээн цуврал


Шүтээн цуврал

Шүтээн цуврал


Маш аз жаргалтай үедээ зурах, сэтгэл тавгүй байх үедээ зурах хоёрын үр дүн маш өөр байдаг. Тавгүй үед зурсан зураг цаанаасаа нэг хүйтэн, хар бараан талдаа харагддаг.

Д.Батчимэг

YOLO: Чи зураг зураад суухаараа юу мэдэрдэг вэ?
- Зурах үед тэр зургаасаа өөр зүйл боддоггүй, тухайн зураг руугаа "орчихдог" юм. Тиймээс энэ нь нэг талаараа бясалгал хийж байгаагаас өөрцгүй. Ямар нэгэн сэтгэл гонсойсон үед зургаа зурахад бараг сэргэчихдэг. Гэхдээ сэтгэл санааны байдал зурганд их нөлөөлдөг. Маш аз жаргалтай үедээ зурах, сэтгэл тавгүй байх үедээ зурах хоёрын үр дүн маш өөр байдаг. Тавгүй үед зурсан зураг цаанаасаа нэг хүйтэн, хар бараан талдаа харагддаг. Миний сүүлд зурсан "Харуусал" гээд зураг байгаа, үзэсгэлэнд дэлгэгдэх тэр зургаас харж болно.

YOLO: Хэн нэгэн хүнд зориулж зураг зурж байсан уу?
- Би нэг л удаа найздаа зориулж зурж байсан. Найз минь "Бид4" хамтлагийн дуучин. Анзаарвал би ихэнхдээ эмэгтэй хүн зурдаг. Харин анх удаа эрэгтэй хүн зурсан минь тэр л дээ. Найз минь намайг их дэмждэг. Тиймээс би талархлаа илэрхийлээд дуулж буй зургийг нь зурж бэлэглэсэн.  Өөрийг нь зурж байгаа гэдгийг нь хэлээгүй шууд өгсөн болохоор маш их баярлаж хүлээж авсан.

YOLO: Хамгийн их цаг зав зарцуулсан эсвэл хайртай зураг нь?
- Би зураач Заяа гуайн монгол эмэгтэйн нэгэн зургийг анх хараад надад их таалагдаж билээ. Тэр үедээ дөнгөж зурж эхэлж байсан болохоор "Хэзээ нэгэн цагт энэ зургийг хуулж зурна даа" гэж өөртөө хэлж байлаа. Тэгээд энэ оны 3-р сард тэр зургаа арай том хэмжээтэйгээр хуулж зурсан.


Ер нь зургийн авьяасгүй хүн ч хараа болон гараа сайн зүгшрүүлээд хичээвэл сайн зураач болж болно.

Д.Батчимэг

YOLO: Бүтээлд нь дуртай зураач?
- Винсент Ван Гогийн бүтээлүүдэд дуртай. Түүний зургуудын өнгө, сэтгэхүй нь таалагддаг. Учир нь тэр тэнгэр рүү хараад л бүтээлдээ буулгахдаа тэнгэрийн өнгийг огт өөрөөр зурдаг байсан. Бүх зүйлийн анхдагч нь илүү сайхан байдаг шүү дээ. Тиймдээ ч түүний хэв маяг бусад зураачдын бүтээлд давхцдаг юм болов уу гэж боддог.

YOLO: Үзэсгэлэнд чинь ямар төрлийн зургууд дэлгэгдэх вэ?
- Би залуу зураач гэдэг утгаараа бүх талын техникээр зурахыг хичээдэг. Анхны үзэсгэлэн маань болоод ч тэр үү аль аль талыг нь агуулахыг хүссэн. Үзэсгэлэнг маань зориод ирвэл миний хийсвэр, бодит бүтээл аль алийг нь харах боломжтой.

YOLO: Хийсвэр зургийг хэрхэн тайлж уншдаг юм бол? Зарим нь уншиж чаддаг, зарим хүнд бол маш хэцүү харагддаг шүү дээ.
- Хүн уран зураг сонирхох тусам ойлгож байдаг. Хүмүүс уран зураг сонирхохгүй байна аа гэдэг нь ойлгохгүй байгаа болохоор л сонирхохыг хүсдэггүй. Нэг үгээр хэрэв уран зургийг ойлгоод эхэлвэл улам бүр сонирхох болно. Тиймээс эхлээд реалист чиглэлийн зургийг сонирхож эхэл, дараагаар нь абстракт чиглэлийн зургийг харахад илүү их мэдрэмж авах болно.

YOLO: Зурах зурахыг хүсдэг ч нэг л эвээ олохгүй, эхэлж чадахгүй байгаа хүүхдүүдэд хандаж хэлэх зөвлөгөө байна уу?
- Ваар, жимс гэх мэт зүйлсийг тавьж байгаад гэрэл сүүдэртэй нь зурдаг натюрморт зургийн төрөл байдаг шүү дээ. Эхлээд түүнийг туршиж үзэх хэрэгтэй. Мөн боломжтой бол хажуудаа зааж зөвлөх мэргэжлийн хүн байвал сайн. Бүр боломжгүй бол интернет, ютүб гэж нэг мундаг "багш" байна шүү дээ. Хүн хүсээд хичээхэд боломжгүй зүйл гэж үгүй. Ер нь зургийн авьяасгүй хүн ч хараа болон гараа сайн зүгшрүүлээд  хичээгээд л байвал сайн зураач болж болно гэж боддог.

YOLO: За баярлалаа. Маргаашийн "18 НАС" уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэд нь амжилт хүсье.
- Баярлалаа.

#Guy #Artist #Girl #Exhibit