Тэр явлаа. Bye bye, Black Mamba!


Сондор | YOLO.MN
2016-04-15

Сагсан бөмбөгийн бүх үеийн түүхэн дэх нэгэн агуу тамирчин зодог тайлав. 20 жил, 1346 тоглолт, 33643 оноо, аваргын 5 бөгж.

Энэ бол ямар ч сагсан бөмбөгчийн мөрөөдөл. Үүнийг зөвхөн Коби шиг тамирчин л хийж чадна. Хүний амьдралын нэлээдхэн хэсэг болох энэ урт удаан он жилүүдэд өндөр түвшинд тоглоно гэдэг бол тун амаргүй. Гэхдээ тэр чадав.

Хүүхэд насаа Италид хөлбөмбөг тоглон өнгөрөөж, Миланы фэн болсон тэр 17 настайдаа НБА хэмээх том айлд хөл тавьсан юм. Тухайн үед насанд хүрээгүй байсан тул анхны гэрээгээ аав ээжээ дагуулан очиж, хамт хийж байсан тэрээр уг нь анх драфтын 13-аар Шарлотте Хорнетс багт очсон ч багуудын урьдчилан тохиролцсоны дагуу тэр Холливуд уруу явсан юм.

Өмнө нь лигийн түүхэнд түүн шиг high school-ээс шууд лигт орж ирсэн тоглогч байсангүй. Тухайн үед энэхүү “гайхамшигтай хүүхэд”-ийн талаар тун их шаагилдаж байсныг ерээд оны сагсан бөмбөг сонирхогчид сайн санаж буй биз ээ.

Тэр цагаас хойш 20 жилийн турш багтаа үнэнчээр зүтгэхдээ тэр өөрийн түүхийг цагаан дээр хараар хэзээ ч балрахгүйгээр дурайтал бичсэн юм. Гэхдээ тэр нэг хэсэг хэзээ ч зодог тайлахгүй мэт сэтгэгдэл төрүүлэхээр тоглож байлаа.

Тэртээх 2000-аад оны эхэн үеүүдэд Шакил О’Нилын хамтаар лигийг давамгайлж байсан он жилүүдээс хойш хэсэг бараан жилүүдийг үдсэний эцэст ах Газол нарын хамтрагчидтайгаа лигийг дахин өнгөлж эхэлсэн.

Бараан жилүүддээ ч тэр амжилтын хуудсаа зузаалж байсан. Тэр тоглосоор л, оноогоо түүсээр л. Байнга тийм байх юм шиг тоглосоор л.

Гэвч энэ хорвоод бүх юм буцах тавилантай. Энэ өдөр түүний хувьд эцсийн зогсоол байжээ. Үдэлтийн тоглолтоо тэр Юта жаазын эсрэг хийв. Тоглолтын өмнө түүний үе үеийн хамтрагчид мөн эсрэг тоглож байсан алдарт тоглогчид ч түүнд хүндэтгэл үзүүлэв.

Тоглолтын хувьд багийнхан нь түүнд найр тавьж, ихэнх тоглолтоо түүгээр явуулах төлөвлөгөөтэй нь эхнээсээ харагдсан. Тэр нийтдээ 50 шидэлт хийсэн нь түүний 20 жилийн карриер дахь хамгийн өндөр үзүүлэлт гэдгээс л энэ мэдэгдэнэ.

Гэхдээ энэ тоглолт хөлбөмбөгт байдаг шиг сайн санааны тоглолт байсангүй ээ. Хэдий Ютад нөлөө үзүүлэх тоглолт байгаагүй ч тэд бас чадлаараа оноо авч, ана мана өрсөлдсөн тоглолт болсон юм.

Коби дөрөвдүгээр үед баг нь 10 оноогоор хоцорч явах үед эрчтэй тоглолт үзүүлсээр тоглолт дуусахаас 1 минутын өмнө холоос шидэж, ердөө ганц оноогоор ойртуулж ирсэн.

Залгуулаад 2 торгуулийн шидэлт хийн бүр илүү ч гаргаж өгсөн. Тоглолт дуусахаас  4 сек-ын өмнө талбайг орхихынхоо өмнө нэг дамжуулалт хийгээд ч амжсан. Энэ тоглолтод Лэйкерс 101:96-аар хожсон юм. Тэр нийтдээ 60 оноо авчээ.

Ийнхүү тэр сагсан бөмбөгөөс эргэлт буцалтгүй явлаа. Түүний үдэлт тун чиг гайхалтай болов. Энэ дэлхийн хамаг алдартай хүмүүс цугласан юм уу гэмээр. Стэйплес ордны байнгын үйлчлүүлэгч Жэк Николсон, Жэй З, Дэвид Бэкхам...

Сул суудал огтхон ч үгүй 19 мянган хүнээр битүү дүүрсэн ордон тоглолтын эхнээс дуусах хүртэл буцалж байсан юм. Тоглолтын билет шагаар 25 мянган ногоон хүрсэн гэх.

Нийт авсан оноогоороо бүх үеийн түүхэнд тэр 3-р байрт бичигдэж байна. Лигт орж ирэхдээ л Жорданаас илүү гарна гэсэн зорилго тавьж байсан тэрээр энэ үзүүлэлтээр Жорданы өмнө гишгэж чадсан. Харин түүнд 1 бөгж дутуугаар замналаа өндөрлөлөө.

Энэ өдөр НБА-д уг нь бас нэгэн онцгой явдал тохиолдсон юм. Тэртээх 90-ээд онд Чикаго Буллз 82 тоглолтоос 72 ялалтыг авч, хэзээ ч эвдэгдэхгүй мөнхийн рекордыг хийлээ хэмээн шуугиж байсан. Тэгвэл Голден Стэйт Варриорз 73 ялж чадав.

Энэ бол үнэхээр агуу амжилт. Дахиад хэдэн ч жил өнгөрөх юм билээ, энэ рекорд эвдэгдтэл. Гэхдээ Кобигийн сүр дуулиан энэ амжилтыг сүүдэртээ хийсэн гэхэд болно.

 Нэрт тамирчдаас авахуулаад энгийн фэнүүд хүртэл зөвхөн Кобигийн тухай ярилцан байна. Коби Брайант 20 жил болохдоо тоо томшгүй найз нөхөдтэй болж, асар өндөр нэр хүндийг олжээ.

Олон олон алдартай хүмүүс зөвхөн түүнд зориулж сэтгэгдлээ үлдээх. Энэ хүндлэлийг олно гэдэг хэцүү. Зөвхөн агуу хүмүүс л ийм эрхтэй.

20 жилийн дараах сагсан бөмбөггүй өглөөг хэрхэн угтах талаараа тэр кофе уучихаад буцаад унтана гэж хэлж, нүдэндээ гунигийн нулимстай хайртай фэнүүдээ бас хөгжөөгөөд авсан юм.

Тэр бяцхан хүүгээр лигт ирж байсан бол баатрын дүрээр лигийг орхин одов. Агуу хар Мамба. Амьд нэгэн домгийг шүтэн бишрэгчид нь аньсагаа норгосоор, агуу амжилтаар нь үеийн үед бахархан ярих дурсамжтайгаар үдлээ.

Тэр явлаа. Bye bye, Black Mamba. yes

#Lebron #Sport #СагсанБөмбөг #Basketball