Б.Анужин: Энэ жил би 17 нас хүрсэн, бүх зүйлийг бие дааж хийхийг хүссэн


Universe Best Songs 2017 наадмын Гранпри шагналт, дунд сургуулийн төгсөх ангийн сурагч Б.Анужинтай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.

YOLO: Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Аль сургуульд сурдаг вэ?
- Чамд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Б.Анужин гэдэг. 23-р сургуулийн 12-р ангид суралцдаг.

YOLO: Universe Best Songs 2017 наадмын Гранпри шагналыг хүртсэн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Ялагч гээд намайг дуудахад би яг өөрийгөө дуудсан гэдэгт итгээгүй, хажууд минь зогсож байсан нэг оролцогч над руу хараад инээхэд нь л түрүүлсэн гэдгээ мэдсэн. (инээв)smiley

YOLO: Ялагч тодруулах орой UB Palace-ийн танхимд үзэгчдээр дүүрсэн байсан. Хэр их сандарсан бэ?
- Эхний хэсэгт Энхгэрэл, Номин-Эрдэнэ бид гурав гарч бүжиглэхэд л сандарсан. Харин сүүлд ганцаараа дуулахдаа сандрал мэдрээгүй.

YOLO: Тэмцээнд түрүүлсний дараа  уран бүтээлийн санал ирсэн үү?
- Дууны санал их ирсэн. Гэхдээ UBS телевизтэй гэрээ хийсэн учраас хүлээж авах боломжгүй байсан.

YOLO: Уран бүтээл хийх төлөвлөгөө байгаа юу?
- Магадгүй хүмүүс намайг орчин үеийн стиллээр гарч ирнэ гэж бодсон байх, гэхдээ би бүх ээжүүддээ зориулж анхны дуугаа гаргана. Одоогоор клипний зураг авалтаа хийгээд явж байна.

YOLO: Хэзээнээс эхлэж дуулж эхэлсэн бэ?
- 2013 оноос Монголын Хүүхдийн ордны дуулаачийн ангид С.Ганчимэг багшийн шавь болж орсон. Гэхдээ 2015 оноос л өөрийгөө нээж эхэлсэн.

YOLO: Солонгосын урлагийн сургуульд суралцах, хүссэн улсдаа хүссэн мэргэжлээрээ суралцах эрхтэй болсон шүү дээ. Хаана ямар чиглэлээр сурахыг төлөвлөж байгаа вэ?
- Солонгос улсын Korea University Of Media Arts сургуульд гурван жил сурна. Дунд сургуулиа төгсөөд явна гэж төлөвлөж байна. Дуугаар гэх юм бол дууны төрлөөр тэр дундаа Pop R&B чиглэлээр суралцах болно.


Чихэвч битгий хэрэглээрэй, сонсгол мууддаг гээд энгийн зүйлс дээр анхаараарай.

Б.Анужин


YOLO: Дуучин болохыг хүсдэг хүүхдүүд хамгийн энгийн юунаас эхлэх ёстой вэ?
- Би өөрөө зөвлөгөө өгөх хэмжээний амжилтанд хүрээгүй, дөнгөж эхлэж байгаа учраас багшийнхаа хэлдэг зөвлөгөөнүүдийг хэлье.
1-рт Боломжтой бол хоолойны дасгал, гамм уншиж байгаарай.
2-рт Чихэвч битгий хэрэглээрэй, сонсгол мууддаг гээд энгийн зүйлс дээр анхаараарай. Өөртөө маш их туршлага хуримтлуулах ёстой юм болов уу, тэмцээнд оролцоод эхний шатнаас хасагдсан ч бай хамаагүй, ичих хэрэггүй.

YOLO: Тэмцээнд оролцсоноор ямар чадвар, зан чанарууд танд суусан гэж бодож байна вэ?
- Дуу гэлтгүй бүх л зүйлийг давтан хийж байхдаа хүн үе шат бүртээ хөгждөг. Энэ тэмцээний үед би хүнтэй харилцах харилцаа төдийгүй дэлгэцтэй харьцах соёлын талаар маш олон шинэ зүйл сурсан. Өрсөлдөөн гэж юу юм бэ гэдгийг хүртэл ойлгож авсан.

YOLO: Олон хүний өмнө сандралаа хэрхэн дардаг вэ?
- Ихэнхдээ надад сайнаар хандаж, эерэгээр хүлээж авч байгаа үзэгчид рүү хандаж дуулдаг, заримдаа үзэгчдийн хамгийн хойно байгаа хэсэг рүү л анхаарлаа төвлөрүүлчихэд юу ч мэдрэгддэггүй.

YOLO: Б.Анужингийн хамгийн анхны тайз хаана хэзээ байсан бэ?
- Мэдээж хүүхдийн ордны тайз. Хамгийн анхны том тэмцээн гэвэл All Of Nothing, шилдэг оролцогчоор шалгарч байлаа.

YOLO: Хүмүүс ярьдаг шүү дээ. Дуучин гэдэг мэргэжлийг амархан зүйл гэж боддог байсан. Гэхдээ их хэцүү юм билээ гэж. Чиний хувьд дуучин болох эхлэлээ тавьж байгаа хүний хувьд бодлоо хуваалцаач?
- Надад хамгийн хэцүү зүйл нь шүүмжлэл. Түрүүлсний маргааш нь ask-аар маш олон асуулт ирсэн. Намайг ам барьсан гэсэн яриа гарсан л даа. Энэ л надад их хэцүү, эмзэглэмээр санагдаж байсан.

YOLO: Улсын хэмжээний том тэмцээнд түрүүлэхэд чинь нөлөөлсөн хамгийн чухал зан чанар тань юу байсан гэж бодож байна вэ?
- Тууштай зүтгэх. Өмнө нь би тэмцээн уралдаанд байнга аав ээжтэйгээ хамт явдаг байсан. Харин энэ жил би 17 нас хүрсэн, дээрээс нь бүх зүйлийг өөрөө бие дааж хиймээр санагдсан учраас гэр бүлийнхэн маань оролцоогүй. Би өөрөө л бүх зүйлээ хийгээд эцэст нь ялалт авсны минь шалтгаан тууштай байдал юм болов уу гэж бодож байна.


Дуу гэлтгүй бүх л зүйлийг давтан хийж байхдаа хүн үе шат бүртээ хөгждөг.

Б.Анужин


YOLO: Мөрөөдөл гэж чиний бодлоор юу вэ? Өөрийн мөрөөдлөөс хуваалцаач?
- Би мэдээж дуучин болно. Гэхдээ түүний хажуугаар дипломатч болохыг хүсдэг, бас бизнес маркетингаар сурна гэж бодож байна. Олон талын мэдлэг, боловсролтой болохыг хүсдэг.

YOLO: Үеийн хүүхдүүдэд тань дутагдаад байгаа буруу зүйл юм шиг санагдаад байгаа зүйл байдаг уу?
- Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх. Одоо үед зохиогдож байгаа олон үдэшлэг, шоу цэнгээнд өсвөрийн насны хүүхдүүд их явдаг болж. Яахав, үдэшлэгт очиж бүжиглэж, дуулж болно л доо. Гэхдээ согтууруулах ундаа, тамхи хэрэглээд байгаагаа болих хэрэгтэй. Болиулахын тулд бид үлгэр дууриалал үзүүлэх ёстой. Яагаад гэвэл бидний ирээдүй шүү дээ.

YOLO: Хэнээс үлгэр дууриалал авдаг вэ?
- Би хүн болгоноос сайн зүйл олж харахыг хичээдэг. Ялгаж харьцдаггүй, тийм учраас хүн бүр л миний үлгэр дууриалал, сайн талаараа. Бас ээжээсээ их үлгэр дууриалал авдаг. Урлаг болон дуучны хувьд Бейонсе.

YOLO: 10 жилийн дараах Б.Анужинг төсөөлбөл?
- Дэлхийн хэмжээний дуучин болох нь миний зорилго. Солонгос улсад сурч байгаа шалтгаан нь боловсролоос гадна тэндээс Холливууд руу гарах боломж ихтэй байдаг.

YOLO: Тэгэхээр жүжигчин болох талаар бодолтой байдаг байх нь ээ?
- Ер нь уран бүтээлч хүн дуугаар хязгаарлагдахгүй байх хэрэгтэй гэж боддог. Цаг нь ирэхэд дэлгэцийн уран бүтээлд ч өөрийгөө сориход бэлэн байх болно.

YOLO: Ярилцлагынхаа төгсгөлд уншигчиддаа хандаж үг хэлээч
- Зорилгодоо тууштай, өөртөө үнэнч байгаарай. Мөн бусдад үлгэр жишээч байгаарай гэж хүсмээр байна.

YOLO: Ярилцсанд баярлалаа.



#UniverseBestSongs2017 #Grandprix #Girl