Өнөөдөр шинэчлэгдэх iOS 11-ээс юу хүлээх вэ?


А.Ихсанаа | YOLO.MN
2017-09-19

Өнгөрсөн зургадугаар сард Apple компани iOS 11 үйлдлийн системээ танилцуулж, бета хувилбараа гаргасан. Харин саяхан энэ жилийн жишиг iPhone-уудаа танилцуулснаар өнөөдөр iPhone 5S болон түүнээс хойшхи загваруудын үйлдлийн систем шинэчлэгдэх гэж байна.

"Уламжлалаа дагавал өнөөдөр бид Улаанбаатарын цагаар орой 22:00 цагаас"

Камер, тэмдэглэл, хөгжим, зураг, календар, газрын зураг гээд олон зүйл өөрчлөгдсөн бөгөөд зарим зүйлс нь iPad-д тохиромжтой. Анх компани iOS 11 үйлдлийн системээс эхлэн хэрэглэгчид iMessage-ээр найз руугаа мөнгө шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлнэ гэж байсан боловч тодорхой хугацаагаар хойшлуулжээ.

Уламжлал ёсоор Apple 2010 оноос хойш Номхон далайн цагаар өглөөний 10:00 цагт, зарласан өдрөө үйлдлийн системээ шинэчилж эхэлдэг.

Тэгэхээр уламжлалаа дагавал өнөөдөр бид Улаанбаатарын цагаар орой 22:00 цагаас үйлдлийн системээ шинэчилж болох нь. Харин үүнээс өмнө юу юу шинэчлэгдэж байгааг сонирхуулъя.

#1 App Store

Сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа App Store-ийн загварыг үндсээр нь өөрчилжээ. Ингэснээр хэрэглэгчид шинэ аппликейшн хайж олоход илүү хялбар болно.
Жишээ нь дэлгэцийн доод хэсгээс аппликейшнийг нь төрлөөр хайж болох бөгөөд “Today” хэмээх өдөр бүр шинэчлэгдэх цэс нэмэгджээ. Энэ цэс нь дотроо хөгжүүлэгч нартай хийсэн ярилцлага, нээлт, заавар зэргийг багтаах юм.


#2 Siri

iOS 11-ийн хувьд хамгийн том шинэчлэлийн нэг нь Siri юм. Юун түрүүнд эрэгтэй, эмэгтэй хоолой нь илүү хүнтэй адилхан дуугарч, ярианы хэмнэл нь өөрчлөгджээ. Түүнчлэн Англи хэлнээс Хятад, Франц, Герман, Итали, Испани хэл рүү үг, өгүүлбэр хөрвүүлж чаддаг болсон.


#3 Газрын зураг

Maps аппликейшн одоо их дэлгүүр, нисэх буудлын доторх дэвсгэр зургийг харуулдаг болжээ. Гэхдээ эхний ээлжид Лондон, Нью Йорк тэргүүтэй хотуудын нисэх буудал, их дэлгүүрүүдийн мэдээллийг агуулна.

Түүнчлэн жолооч нарт явж буй замынх нь хурдны дээд хязгаарыг харуулах горим мөн нэмэгджээ.


#4 Жолооч нарт...

Жолоо барьж явахад утас дуугарахгүй байх горимыг Apple шинэ үйлдлийн системдээ нэвтрүүлсэн. Ингэснээр хэрэглэгч жолоо барих үед “Do not Disturb” горим өөрөө ажилладаг болжээ.


#5 Live Photo

Инстаграмын Boomerang-тай адил горим шинэ үйлдлийн системд байдаг болсон. Мөн iOS төхөөрөмж өөрөө төрсөн өдөр, тэжээвэр амьтантай бичлэг, зургийг нэгтгэсэн богино хэмжээний киног хийдэг болжээ.


#6 AR

Өнгөрсөн жил Niantic-ийн зах зээлд танилцуулсан Pokemon Go аппликейшн өндөр амжилтад хүрсэн. Тиймээс AR технологид суурилсан аппликейшн гэдэг энэ зах зээлийн шинэ эрин үе юм.

Өмнө нь энэ технологид суурилсан төрөл бүрийн аппликейшнүүд байсан хэдий ч одоо Apple-ийн санал болгож буй шиг өндөр түвшинд хараахан хүрээгүй. Одоо хөгжүүлэгч нар iOS 11 үйлдлийн системээс эхлэн бодит ертөнцийг, виртуал ертөнцтэй нэгтгэхэд илүү хялбар болно.


 #7 Setup

Хэрэглэгч бүрт өөрийн гэсэн тохиргоо бий. Шинэ төхөөрөмж худалдаж авах бүртээ дахиад л бүх тохиргоогоо хийх шаардлагатай болдог. Харин iOS 11-ээс эхлэн хэрэглэгч өөрийн тохиргоог шинэ төхөөрөмж рүүгээ шууд автоматаар хуулдаг болсон.


#8 Удирдлагын төв

Одоо хэрэглэгч өөрийн хүслээрээ удирдах хэсэгт юу байхыг сонгож, өөрчилж чаддаг болжээ.


#9 Wi-Fi хуваалцах

Найзынхаа гэрт очоод Wi-Fi кодыг нь хийх төвөгтэй санагддаг уу? Тэгвэл одоо анх ирж байгаа хүн бүр дахин дахин код хийх шаардлагагүй болсон. Сүлжээнд холбогдсон болон холбогдохыг хүсэж байгаа хоёр хэрэглэгч аль аль нь iOS 11 болон түүнээс дээш үйлдлийн системтэй тохиолдолд кодоо хуваалцдаг болжээ.
Энгийнээр бол сүлжээнд холбогдсон төхөөрөмж холбогдох гэж буй төхөөрөмж рүү код илгээх юм.


#10 Storage

iOS 11-ээс эхлэн төхөөрөмж хэрэглэгчийн тэр бүр ашигладаггүй аппликейшнүүдийг устгаж, сул зай гаргадаг болно. Аппликейшний мэдээллийг устгахгүй учраас саарал болсон аппликейшний дарахад л шууд татаж, бүх мэдээллийг нь сэргээх аж.

Үүнээс гадна жил болон түүнээс удсан зурвасыг автоматаар устгах горим нэмэгджээ.

#iOS11 #Updated