Кассини: Хунгийн сүүлчийн дуу


А.Ихсанаа | YOLO.MN
2017-09-14

НАСА 20 жилийн өмнө хөөргөсөн Кассини хөлөг бүтэн 3,5 тэрбум километр зам туулж байж Санчир гаригт хүрсэн билээ. Долоон жил нисэж очсон хөлөг 2004 оноос хойш Санчир гаригийн тойрог замд ажиллаж, олон гайхалтай зургийг эх дэлхий рүү илгээжээ.

Харин одоо Кассини хөлөг “хунгийн сүүлийн дуу”-гаа аялах гэж байна. Энэ үеэр хөлөг Санчир гаригт өмнө нь хэзээ ч ойртож байгаагүйгээр ойртох бөгөөд эцэст нь агаар мандал руу нь орж, бүр мөсөн устах юм.

Хөлгийг зориудаар сүйрүүлж буй нэг шалтгаан нь Титан болон Энселадус зэрэг амьдрал тэтгэж магадгүй Санчирын дагуулуудыг хамгаалах зорилготой. Учир нь хөлөг дэлхийгээс хөөрөхдөө дэлхийгээс нян тээсэн байж магадгүй юм.

Энэ Баасан гарагт хөлөг 13 жил үргэлжилсэн даалгавраа өндөрлөж, гаригийн агаар мандал руу орно. Гэсэн хэдий ч антенн нь дэлхий рүү чиглэж байгаа тохиолдол бүртээ мэдээлэл дамжуулсаар байх аж.

Хөлгийн урд хэсэгт байрлах мэдрэгч төхөөрөмжүүд агаар мандалд нь шинжилгээ хийж, илрүүлсэн нэгдлүүдээ дэлхий рүү илгээнэ. Түүнчлэн Вояжер хөлгийн 1980-аад оны эхээр илрүүлсэн "Бөгжин бороо" хэмээх үзэгдлийг давхар судлах юм.

"Бөгжин бороо" хэмээх үзэгдэл нь Санчир гаригийн бүслүүрээс гариг руу төрөл бүрийн материалууд унаж, улмаар агаар мандлыг нь өөрчилж байдаг гэж таамагладаг.

Санчирын хойд туйл дахь шуурга. 2012 оны арван нэгдүгээр сарын 27

Гэхдээ хөлөг гаригийн агаар мандалд орсноос хоёр минутын дараа гэхэд өндөр температурын улмаас ул мөргүй шатаж алга болох аж. Тооцоо ёсоор хөлөг Грийнвичийн цагаар Баасан гарагийн өглөө 10:30 цагийн үед буюу Улаанбаатарын цагаар 18:30 цагийн үед Санчирын агаар мандал руу орно.

Харин илгээсэн дохиог нь бид Кассини ор мөргүй алга болсноос хойш буюу Улаанбаатарын цагаар 20:00 цагийн үед хүлээн авах аж.

Кассини төслийн багийн менежер Ийрл Мейз "Хөлгөөс ирэх сүүлийн дохио яг л цуурай шиг байх болно. Кассини алга болсноос хойш илгээсэн дохио нь бүтэн цаг гучин минутын турш нарны аймгаар аялж байж бидэнд ирнэ" гэжээ.

Санчирын дагуул Энселадус. 2005 оны гуравдугаар сарын 9

Вояжер хөлөг Санчир гаригийн хажуугаар өнгөрсний дараа Кассини төслийг эхлүүлсэн гэдэг. Энэ төсөл нь НАСА болон Европын Сансар судлалын агентлаг, Италийн сансар судлалын агентлагийн хамтарсан ажил болсон бөгөөд даалгаврыг "Кассини-Гюйгенс" хэмээн нэрлэсэн нь үүнтэй холбоотой.

Гюйгенс нь Европын сансар судлалын агентлагийн Титан руу илгээсэн хөлгийн нэр юм. 2004 онд Санчир гаригийн тойрог замд орсон Кассини хөлгийн даалгаврын хугацааг хоёр ч удаа сунгасан бөгөөд хөлөг Санчирын хагас жилтэй тэнцэх хугацааг тэнд өнгөрүүлжээ.

Гаригийн хамгийн том дагуул Титан. 2015 оны арван нэгдүгээр сарын 15

Санчир гаригийн нэг жил нь манай дэлхийн 30 жилтэй тэнцдэг. Анх Кассини хөлөг Санчирын хойд хагаст ойртох үед тэнд өвөл болж байжээ. Нэг улирал нь дэлхийн долоон жилтэй ойролцоо учраас Кассини Санчирын хойд хагаст дөнгөж зун болж байхад даалгавраа дуусгаж байна.

Хөлөг Санчирын тойрог замд ажиллаж эхэлснээс хойш 450 гаруй зургийг дэлхий рүү илгээжээ. Түүнчлэн хөлгийн ачаар бид гаригийн бүслүүрт гурван хэмжээст биетүүд байдаг, Энселадус задгай сансар руу мөс хаялдаг, Титаны гадаргуу дээр зөвхөн шингэн этан, метанаас бүрдсэн далай, тэнгисээс гадна бороо ордог гэдгийг мэдэж авсан юм.

Санчир ба түүний бүслүүр. 2016 оны наймдугаар сарын 14

2020 оноос НАСА Бархасбадийн мөсөн дагуул Европа руу хөлөг илгээхээр төлөвлөж байна. Харин энэ мэт шинэ төслийг эхлүүлэх шалтгаан нь Кассини байсан хэмээн НАСА-ийн гариг эрхсийн шинжлэх ухааны хэлтсийн дарга Жим Грийн хэлжээ.

Нэрт одон оронч Жованни Доменико Кассинигийн нэрээр нэрлэсэн Кассини хөлөг 1997 оны аравдугаар сарын 15-ны өдөр Флорида дахь Кейп Канавералийн хөөргөх тавцангаас Титан IV пуужинд "суугаад" хөөрч байсан бол яг 19 жил 11 сарын дараа "Хунгийн сүүлчийн дуу"-гаа дуулах гэж байна.

#Nasa #Кассини