iPhone АРАВ: Нүүр дүүрэн ДЭЛГЭЦ, үндсэн товчлуур байхгүй загвар...


А.Ихсанаа | YOLO.MN
2017-09-13

Apple компани өнөөдөр хамгийн шилдэг бүтээл болох iPhone-ынхоо арван жилийн ойн бүтээгдэхүүнийг албан ёсоор танилцуулах гэж байна.

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк тайзан дээр гарч ирэхийн өмнө компани шинэ оффисоо танилцуулах бичлэг үзүүллээ. Стив Жобсын хамгийн дуртай хамтлагийн нэг алдарт Бийтлз хамтлагийн "All You Need is Love" дуу эгшиглэсэн бичлэгт оффисын орчин тойрныг харуулжээ.


Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ танилцуулахын өмнө Тим Күүк Ирма болон Харви хар салхинд өртсөн бүс нутгийн иргэдийн төлөө залбирч буйгаа илэрхийллээ.


Купертинод байгуулагдсан 175 га талбайг хамрах "Apple Park" нь 9000 мод суулгасан, бүх зүйл нь шилэн загвартай, тэр чигтээ сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг байгууламж юм. Өнөөдөр болж буй үйл ажиллагаа нь энд төдийгүй, Стив Жобсын нэрэмжит театрт зохиож буй анхны үйл ажиллагаа билээ.

Энэ оны сүүлээр зочдод зориулсан хэсэг нь нээлтээ хийх бөгөөд дотроо Apple Store-той байх аж. Яг одоо компани Apple Watch-аар танилцуулгаа эхэлж байна.


Тим Күүкийн хэлснээр өнөөдөр Apple Watch дэлхийн хамгийн шилдэг бугуйн цаг болж Rolex, Fossil, Omega зэрэг компаниудын өмнө орсон төдийгүй, хэрэглэгчдийн сэтгэл ханамж 97 хувь болсон аж.

Apple-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Жефф Уиллиамс Apple Watch-ыг танилцуулахаар тайзан дээр гарч ирлээ.


Гуравдугаар үеийн APPLE WATCH.... Өөр дээрээ сүлжээтэй боллоо...


Өмнө нь заавал гар утастайгаа холбож байж ашигладаг байсан Apple Watch одоо бие даасан төхөөрөмж болжээ. Өөрөө сүлжээтэй болсноор хэрэглэгч утсаар ярихаас эхлээд сүлжээ ашигладаг бүх үйлдлийг хийж чаддаг боллоо.

Шинэчлэн сайжруулсан WatchOS 4 үйлдлийн систем есдүгээр сарын 19-ний өдрөөс хэрэглээнд нэвтрэх аж. Apple Watch Series 3 хэмээн нэрлэсэн шинэ загвар хос цөмтэй процессортой болсноор өмнөх загвараас 70 хувиар хурдан болжээ. Түүнчлэн Siri одоо Apple Watch дээр ярьж чаддаг болсон байна.

Хэмжээг нь жижиг байлгахын тулд дэлгэц нь антенны үүрэг гүйцэтгэдэг байхаар технологийн шийдлийг нь гаргасан аж. 


Хэмжээг нь өмнөх загвартай адил байлгахын тулд компани нано симний оронд электрон симтэй бүтээжээ.


Шинэчлэн, сайжруулсан, сүлжээтэй Apple Watch Series 3 399 ам. долларын үнэтэй байх аж. Харин сүлжээгүй загвар нь 329 ам. доллар. Series 1 загварын хувьд 249 ам. доллар хэвээр байх юм.

- Усны хамгаалалттай
- 70 хувь хурдан
- Бүтэн өдөр цэнэгээ барьдаг
- GPS

Үүрэн холбооны сүлжээ дэмждэг болсон энэ бүтээгдэхүүний урьдчилсан захиалга есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэх бол есдүгээр сарын 22-ны өдрөөс нэр бүхий 26 оронд худалдаанд гарна.



Тим Күүк дахин тайзан дээр гарч ирж, дараагийн бүтээгдэхүүний тухай товчхон өгүүлээд Эдди Күг урилаа. ЭНЭ БОЛ APPLE TV 4K...


Шинэ загварын Apple TV дотроо хамгийн сүүлийн үеийн iPad Pro-д суурилуулсан A10X Fusion чиптэй болж CPU-ний хурд 2 ДАХИН, график картын хурд 4 ДАХИН нэмэгджээ. 

Шинэ төрлийн A10X Fusion чиптэй болсноор Apple TV дээр тоглоом тоглож болохоор болжээ.

Apple TV 4K 179 ам. доллароос эхлэх бөгөөд есдүгээр сарын 15-ны өдрөөс урьдчилсан захиалгаа авч, долоо хоногийн дараанаас хэрэглэгчдэд хүргэж эхлэх юм байна.


Тим Күүк яг одоо iPhone-ыг танилцуулахад бэлэн болжээ.

Apple компани сүүлийн жилүүдэд анх удаа жишиг утасныхаа сайжруулсан хувилбар болох "S" загварыг танилцуулсангүй. Харин оронд нь шууд нэршлийг нь "8" болгон үсэргэжээ.

Шинэ загвар өмнөх хувилбаруудын адил 4,7 инч болон 5,5 инчийн дэлгэцтэй. Харин хамгийн гол нь дотроо A11 Bionic хэмээх 64 бит байгууламжтай, зургаан цөмтэй чиптэй болжээ.

Шинэ чип нь өмнөх загвараас 25 хувиар хурдан бөгөөд үндсэн камер нь 83 хувиар илүү гэрэл нэвтрүүлдэг болжээ.



iPhone 8/ 8 Plus загварууд 4К нягттай, 60 кадрын хурдтай дүрс бичлэг хийдэг болсон бөгөөд 1080 чанартай дүрсийг 240 кадрын хурдтайгаар бичиж чаддаг болжээ.


Apple компани удаан хугацаанд оролцохоос зайлсхийж байсан AR технологи руу одоо эргэлт буцалтгүй оржээ. Өнгөрсөн WWDC чуулганы үеэр анх танилцуулсан ARKit-ийн тусламжтайгаар хөгжүүлэгч нар Augmented Reality технологид суурилсан аппликейшнийг илүү ихээр бүтээнэ хэмээн найдаж байгаа аж.

Тэгвэл шинэ загварын iPhone-уудын камер яг энэ технологид суурилжээ. AR технологи нь дижитал дүрслэлийг бодит ертөнцтэй хослуулдаг.


iPhone УТАСГҮЙ ЦЭНЭГЛЭГЧТЭЙ БОЛЛОО


iPhone 8 загварын хувьд 64GB болон 256GB хэмжээтэй хоёр хувилбартай байх бөгөөд 699 ам. доллароос эхлэх юм байна. 

iPhone 8 Plus загварын хувьд 799 ам. доллароос эхлэх бөгөөд есдүгээр сарын 22-ны өдөр худалдаанд гарна.


Apple үнэхээр шинэ загвараа "iPhone X" буюу iPhone арав хэмээн нэрлэжээ. Утасны нүүр хэсэг тэр чигтээ дэлгэц бөгөөд ҮНДСЭН товчлуур оргүй алга болсон байна.

5,8 инчийн хэмжээтэй 2436х1125 харьцаатай OLED дэлгэц нь 458 ppi нягттай болжээ. Үндсэн товчлуур байхгүй болсон учраас зарим нэг үйлдлийг хийх зарчим өөрчлөгдсөн аж. Жишээлбэл аппликейшнээс гарахын тулд дэлгэцийн доод хэсгээс хуруугаараа дээш татах ёстой. 

Siri-гээ асаахын тулд нэг бол хажуу талын товчыг дарах эсвэл "Hey Siri" коммандыг ашиглана. Анх iPhone 5S загварт танилцуулж байсан хурууны хээ таних системийн оронд одоо "Face ID" буюу царай таних систем энэ утсыг "танихгүй этгээд"-ээс хамгаална.

Apple-ийн тайлбарлаж буйгаар хурууны хээ таних системийн аюулгүй байдал алдагдах магадлал 50 мянгад 1 байдаг бол царай таних системийн аюулгүй байдал алдагдах магадлал НЭГ САЯД ГАНЦ аж.

Учир нь Apple-ийн царай таних систем хэрэглэгчийн нүүрний хэлбэрийг 30 мянган цэгийн нягттайгаар шинжлэх юм байна.




Нэгэнт царай таних системтэй болсон учраас эможиг эрс шинэчлэх нэг арга олсон нь "Animoji" буюу хөдөлгөөнт дүрс юм. Хамгийн сонирхолтой нь Animoji-г хэрэглэгч өөрийн царайгаар удирдаж чадна.

AirPower буюу iPhone, Apple Watch, AirPod зэргийг цэнэглэх утасгүй цэнэглэгчээ Apple компани утасгүй цэнэглэх технологийн шинэ стандарт хэмээн зарлав. Ирэх жилээс энэ төхөөрөмж нь худалдаанд гарах аж.


iPhone X загвар аравдугаар сарын 27-ны өдрөөс урьдчилсан захиалга авч эхлэх бөгөөд арван нэгдүгээр сарын 3-ны өдөр хэрэглэгчдийн гарт хүрч эхлэх юм байна. Үнийн хувьд 999 ам. доллароос эхэлнэ.



Ийнхүү нэг цаг 50 минут үргэлжилсэн Apple Event өндөрлөлөө. 

#Apple #iPhone #10years